Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газар пуужингийн довтолгооны үед биеэ хэрхэн авч явах талаар зөвлөмж гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Солонгосын хойгийн асуудал хурцдаж байгаа энэ үед Японы засгийн газар иргэддээ зориулж, пуужингийн болон бусад довтолгооны үед биеэ хэрхэн авч явах тухай зөвлөмжийг гаргаснаа Баасан гарагт иргэний хамгаалах албаны вэбсайтад нийтэлжээ.

Хойд Солонгосын харвасан баллистик пуужин Окинава аралд хүрэхэд 1,600 км зам туулж, 10 минутын дараа байндаа хүрнэ гэж зөвлөмжид мэдээлсэн байна. Тиймээс J-Alert урьдчилан зарлах системээр түгшүүрийн дохио өгсний дараа гэртээ байгаа бол хаалга цонхоо битүүлэн цонхноос хол байж, мэдээллийн хэрэгслээр ямар мэдээлэл ирэхийг анхааралтай хүлээх хэрэгтэй гэжээ.

Харин гадаа явж байгаа бол ойролцоох бат бөх хийцтэй байшинд хоргодох, газар доор хонгилд нь хоргодвол илүү сайн гэсэн байна. Ойролцоо хоргодох байшингүй бол газар хэвтэж, толгойгоо хамгаалахыг зөвлөжээ. Автомашинтай яваа хүмүүс түргэний машинд саад болохгүйн тулд машинаа замаас гаргаж байрлуулаад түргэн холдох хэрэгтэй гэнэ.

Харин пуужин ойрхон газарт дэлбэрвэл хамар, амаа алчуураар таглан яаралтай холдох хэрэгтэй гэж зөвлөжээ.

Англи, Япон хэл дээр гарсан зөвлөмжид далайгаас болон агаараас эзлэн түрэмгийлэх тохиолдлуудад хэрхэн ажиллах ёстойг нарийвчлан тайлбарласан байна.

Хойд Солонгосын заналхийлэл дор удаан хугацаанд амьдарч ирсэн япончууд ийнхүү сүүлийн хэд хоногт болзошгүй халдлагад өмнөхөөсөө эрчимтэй бэлдэж эхэлжээ.

 

Эх сурвалж: Bloomberg