Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын хилийн ойролцоо болж байгаа армийн ажиллагааг Кремль тайлбарласангүй

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хойд Солонгостой хиллэдэг Оросын Приморскийн хязгаарт сүүлийн долоо хоногийн турш ажиглагдах болсон цэрэг, зэвсгийн шилжилт хөдөлгөөний тухай Кремль тайлбар өгөхөөс татгалзжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ тухай сэтгүүлчдийн асуусан асуултад тодорхой хариулахаас татгалзаж, “Оросын дотоодод явагдаж байгаа цэргийн ажиллагаа бол олон нийтэд тайлбарлах зүйл биш” гэж хэлсэн байна.

Өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн төмөр замаар их хэмжээний зэр зэвсэг, техник хэрэгсэл Хойд Солонгосын хилийн зүгт цувах болсныг орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Зарим хүмүүсийн тараасан видео бичлэгт газар-агаар ангиллын пуужингийн систем оролцсон техник хэрэгслийг Хабаровск хотоор дайруулан Владивосток руу тээвэрлэж байгааг харуулжээ. ОХУ-ын Хойд Солонгостой хиллэдэг 17 километр хилийн зурвасаас 160 километрийн зайнд Владивосток хот байрладаг.

 

Тараагдсан видео бичлэгт нэгэн хүн “Өглөөнөөс хойш гурав дахь цуваа явж өнгөрлөө” хэмээн орос хэлээр ярьж байгаа нь сонсогдож байгаа юм.

Өнгөрсөн Ням гарагт Хойд Солонгос ээлжит пуужингийн туршилтаа хийх гэж оролдсон нь Солонгосын хойгийн нөхцөл байдлыг улам түгшүүртэй болгоод байна. АНУ ба Хойд Солонгос улсууд харилцан бие биеэ заналхийлсэн мэдэгдлүүдийг сүүлийн долоо хоногийн турш хийгээд байгаа юм.

НҮБ-ын аюулгүйн зөвлөл мөн Хойд Солонгосын пуужингийн туршилтын дараа мэдэгдэл хийж, илүү хатуу хориг арга хэмжээ авахаа илэрхийлжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty