Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/22-НД НИЙТЛЭГДСЭН

Парисын халдлага Францын ерөнхийлөгчийн сонгуульд нөлөөлнө гэж Трамп зөгнөв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Пүрэв гарагийн орой Францын нийслэл Парис хотын төвд зэвсэгт халдлага гарч, нэг цагдаа алагдаж, хоёр цагдаа шархдсан билээ. Халдлагыг Исламын улс бүлэглэл үйлдсэнээ хүлээн зөвшөөрсөн. Ака-47 буугаар гал нээсэн этгээд нь өнгөрсөн хоёрдугаар сард цагдаагийн офицерийг сүрдүүлсэн хэргээр баривчлагдаад суллагдаж байжээ.

Тэгвэл энэ халдлагын дараа Баасан гарагт АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп твиттер хуудсандаа “Парист дахин террорист халдлага гарлаа. Францын ард түмэн дахин ийм зүйл үзэхийг хүсэхгүй. Энэ нь ерөнхийлөгчийн сонгуульд том нөлөө үзүүлнэ!” гэж бичсэн байна.

Маргааш буюу Ням гарагт Францын ерөнхийлөгчийн сонгууль болох гэж байгаа юм. Сонгуулийн өмнөх сунгаанд хэт барууны үзэлтэй улс төрч Марин Ле Пэн өндөр рэйтингтэй яваа. Тэр Трампын глобалчлалын эсрэг үзлийг дэмждэг, Францыг Европын Холбооноос гаргаж, хил хязгаараа хаалттай болгон, дүрвэгсдийг хязгаарлахаа илэрхийлж байгаа юм.

Тиймээс Трампын энэ үгийг ажиглагчид Марин Ле Пэнийг дэмжиж байгаагийн тодорхой илрэл гэж дүгнэжээ.

Маргааш болох сонгуулийн үр дүнд үнэмлэхүй ялагч тодрохгүй бол хамгийн өндөр санал авсан хоёр нэр дэвшигчийн дунд тавдугаар сард хоёр дахь ээлжийн сонгууль явуулах юм. Хэрвээ Францын Үндэсний Фронт намын тэргүүн Марин Ле Пэн сонгуульд ялбал Европын Холбоо задрах эхлэл тавигдана гэж үздэг.

 

Эх сурвалж: Business Insider