Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Ж. Эрдэнэбат: Хөрс боловсруулах техникийг дөрвөн жилийн хугацаатай зээлээр олгож байна

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы үдээс хойшхи нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "2017 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлыг хангах чиглэлээр хэрэгжүүлж байгаа арга хэмжээ"-ний талаар мэдээлэл хийлээ

МУ-ын хэмжээнд энэ онд 381.6 га-д тариалалт хийнэ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Манай улс 2017 онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа тариалах зорилт дэвшүүлээд байна.

Үүнээс 362.1 мянган га-д улаанбуудай, 15.1 мянган га-д төмс, 8.5 мянган га-д хүнсний ногоо тус тус хураан авах зорилтыг дэвшүүлээд байна.

Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тосны ургамлын болон тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж, иргэн, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35 мянган өрхийн хэмжээнд тариалахаар дор бүрнээ бэлтгэлээ ханган ажиллаж байна.

Засгийн газраас 2016 онд баталсан “Газар тариалангийн үйлдвэрлэлийг тогтворжуулах” богино хугацааны хөтөлбөрийн хүрээнд газар тариалангийн үйлдвэрлэлийг хэвийн үргэлжлүүлэн 2017 онд төлөвлөсөн хэмжээнд тариалалт хийж, хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд анхааран ажиллаж байгаа. 

Тухайлбал, “Үндэсний аян өрнүүлэх тухай” Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 212 дугаар тогтоолын дагуу “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэхээр тогтож, уг ажлыг зохион байгуулах талаар тодорхой шийдвэр гарган ажиллаж байна.

 Энэ оны хаврын тариалалтын талаарх бодлого, технологио тариалан эрхлэгчидтэй зөвлөлдөн, тэдний саналыг сонсож бэлтгэл ажилдаа анхааран ажиллаж байна.

2017 онд төлөвлөсөн хэмжээндээ тариалалт хийхэд шаардагдах үрийн нөөцийг бүрдүүлээд байна

Хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн улаанбуудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүдэд 2016 оны ургацаас 39.8 мянган тонн, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн байгаа.

Онцгой байдлын ерөнхий газрын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн нөөц бүрдсэн.

Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 40 хувийн, 4200 тонн шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгосон.

Үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн холбогдох аж ахуйн нэгжүүд, байгууллага болон Тариалан эрхлэлтийг дэмжих сан хооронд гэрээ байгуулж эхлээд байна.

Хаврын тариалалтад 2,980 зүтгэх хүчний трактор, 2017 үр тарианы үрлүүр, 5,787 хөрс боловсруулах техник, 498 төмс, хүнсний ногооны үрлүүр ажиллах бөгөөд техникийн засвар, үйлчилгээний ажил аж ахуйн нэгжүүд өөрсдөө хариуцан дуусах шатандаа орж байна.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хөдөө аж ахуйн техник, усалгааны тоног төхөөрөмжийг худалдан авах юм.

Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 125 мянган морины хүчтэй трактор, услалтын намираа систем, хүнсний ногооны үрлүүр, үрсэлгээ суулгагч, хөрс боловсруулах техникийг тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгжид 20 хувийн урьдчилгаа төлбөртэй, 4 жилийн хугацаатай зээлээр олгож байна.

Импортоор оруулж байгаа хөдөө аж ахуйн зориулалттай техник, тоног төхөөрөмж, бордоо, ургамал хамгааллын бодисыг 2020 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөх талаар яригдаж байгаа.

“Залуу тариаланч” төслийг боловсруулж байгаа

“Залуу тариаланч” төслийг боловсруулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.

Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын санхүүжилтээр “Жимс, жимсгэний үйлдвэрлэлийг сайжруулах” төсөл хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, хүйтэнд тэсвэртэй алим, чавганы суулгацыг турших, нутагшуулах, мэргэжилтний чадавхыг сайжруулах ажлыг эхлүүллээ. 

2017 оны дулааны улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр газар тариалангийн бүс нутагт агаарын температур 4-5 сард сэрүүвтэр, 6-8 сард уур амьсгалын дунджаас дулаан буюу халах магадлалтай байх тул хуурайшилт нэмэгдэх төлөвтэй.

Иймд хөрсний угтвар чийг, цаг агаарын төлөв байдалтай уялдуулан байгаль, цаг уурын болзошгүй эрсдлээс сэргийлэх замаар дэвшилтэт техник, технологи, арвин их мэдлэг, туршлагадаа түшиглэн тариалалтаа хийхийг нийт тариаланчиддаа онцгойлон анхааруулъя.

Цаашид тариалан эрхлэгчдийг дэмжих, газар тариалангийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр Засгийн газраас дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр ажиллаж байна:

  • “Атрын – III аян”-ыг үргэлжлүүлэх зорилтын хүрээнд улаанбуудайн үрийн шинэчлэлийн бодлого, “Жимс, жимсгэнэ”, “Хүнсний ногоо” дунд хугацааны хөтөлбөр, “Залуу тариаланч” төслийг батлан хэрэгжүүлэх;
  • Тариалангийн салбарт техник, технологийн шинэчлэлийг эрчимжүүлэх, санхүүгийн түрээсийн үйлчилгээг нэвтрүүлэх;
  • Тариалангийн даатгалын хууль тогтоомжийг боловсронгуй болгох;
  • Хөрсний үржил шимийг хамгаалах, тариалангийн талбайн эзэмшилт, ашиглалтыг сайжруулах, бордоо, ургамал хамгааллын бодисын зохистой хэрэглээг төлөвшүүлэх замаар хураан авах ургацын хэмжээг нэмэгдүүлж, чанарыг сайжруулах;
  • Таримлын сэлгээн дэх ээлжийн тоог нэмэгдүүлэх, тэжээлийн болон буурцагт ургамлын тариалалтыг нэмэгдүүлэх;
  • Тосны ургамлын тариалалтыг нийт тариалах талбайн 20 хувиас хэтрүүлэхгүй байх ажлыг зохион байгуулах зэрэг болно.

Энэ онд Засгийн газар, яам, аймаг, нийслэлээс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон манай нийт тариалан эрхлэгчид маань өөрсдийн шаргуу хөдөлмөр, бүтээлийнхээ үр дүнд арвин их ургац хураан авна гэдэгт итгэл дүүрэн байгаагаа илэрхийлье гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.