Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Зөрчилтэй барилгуудыг буулгаж эхэллээ

А.Төгөлдөр, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газраас "Нийслэлийн нутаг дэвсгэрт хууль, тогтоомж зөрчиж барилга угсралтын ажил эхлүүлсэн барилга байгууламжид хяналт, шалгалт хийжээ.

Шалгалтаар барилгын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүй, архитектур төлөвлөлтийн даалгавар аваагүй, техникийн нөхцөлгүй, батлагдсан ажлын зураггүй, гүйцэтгэгч нь тодорхой бус, суурийн нүх ухаад орхидог зэрэг нийтлэг зөрчлүүд илэрсэн байна.

Нийслэлийн хэмжээнд нийт зөрчилтэй 23 барилга бүртгэгджээ. /Дүүргээр нь харуулав/

Д/д

Дүүрэг

Зөрчилтэй барилгын тоо

1

Баянзүрх дүүрэг

5

2

Хан-Уул дүүрэг

4

3

Сонгинохайрхан дүүрэг

2

4

Баянгол дүүрэг

12

Нийт

23

Эдгээр барилгууд “Барилгын тухай” хуулийн 37, 40 дүгээр зүйлд заасан холбогдох бичиг баримт иж бүрдэл дутуу, зураг төсөл нь баталгаажаагүй, барилга угсралтын ажил эхлэх үргэлжүүлэх зөвшөөрөлгүй  байжээ.

Энэхүү 23 барилгын барилга угсралтын ажил гүйцэтгэсэн аж ахуйн нэгж байгууллагын “барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл”-ийг Барилгын тухай хуулийн 20.8 дах заалтыг үндэслэн улсын байцаагчийн дүгнэлт үйлдэн цуцлуулах саналыг эрх бүхий байгууллагад хүргүүлсэн байна.

Үүнээс албадан буулгуулах дараах дөрвөн барилгын шийдвэр Нийслэлийн Засаг даргын Удирдлагын зөвлөлийн хурлаас гарчээ. Үүнд:

  1. ХУД-ийн  11 дүгээр хороонд байрлах Ц.Оюунцэцэгийн орон сууцны барилга;
  2. ХУД-ийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун хойно баригдаж буй иргэн н.Баяндалайн захиалгатай 3 давхар үйлчилгээний барилга;
  3. БГД -ийн11 дүгээр хороонд байрлах иргэн Ц.Машбатын  үйлчилгээний 2 давхар барилгын өргөтгөлийн хэсэг;
  4. БГД 20 дугаар хороонд байрлах “Эх мандал” ХХК-ны оффисийн барилгын өргөтгөл

Шийдвэрийн дагуу НМХГ-аас 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр иргэн Ц.Машбатын Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд байрлах үйлчилгээний 2 давхар барилгын  өргөтгөлийн хэсгийг буулгалаа. Уг барилга нь  Эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн баруун талд байрладаг.

 
Тус барилгад эзэмшил газраасаа хэтрүүлэн өргөтгөл барьсан, архитектур төлөвлөлтийн даалгаваргүй, эскиз, батлагдсан зураг төсөлгүй, барилга угсралтын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлгүйгээр барилгын ажил гүйцэтгэсэн, явган хүний зам талбай зорчих хэсгийг хаасан, инженерийн  шугам сүлжээ /2 худаг/ дээр баригдсан зэрэг зөрчил илэрчээ.

Буулгах арга хэмжээ авснаар явган хүний зам талбай зорчих хэсэг чөлөөлөгдөж, инженерийн шугам сүлжээ худагт засвар үйлчилгээ хийх боломж нөхцөл хангагдах юм.

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газар