Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

"Иргэд, бизнес эрхлэгчдийг яллах, шийтгэх байр сууринаас хууль боловсруулсан байна"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN

УИХ-ын нэгдсэн чуулганаар Зөрчлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. 

Уг хуулийн төслийн талаар МУИС-ын хууль зүйн сургуулийн нийтийн эрх зүйн тэнхмийн багш, хууль зүйн ухааны доктор П.Одгэрэлтэй ярилцлаа.  

Зөрчлийн тухай хуулийг хүчингүй болгох хэрэгтэй
 

-Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгыг чуулганаар хэлэлцэж байна. Захиргааны эрх зүй судлаач хүний хувьд ямар бодолтой байна вэ?

-Зөрчлийн тухай хууль болон Зөрчлийг хянан шалгах тухай хуулийн төслийг үндсэн гол концепцийнх нь хувьд хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. 

Яагаад гэхээр зөрчлийг эрүүгийн хэргийн шүүхээр шийдвэрлэхээр болж, хянан шийдвэрлэх ажиллагаа нь өөрчлөгдөж, иргэд нэхэмжлэгч байснаа хариуцагч болох зэргээр эрс өөрчлөлтүүд гарч байна. 

Захиргааны эрх зүйн үндсэн зарчим нь иргэдийг торгох шийтгэх биш иргэдэд зөвлөх үйлчлэх чиг үүргээр илэрхийлэгддэг.

Иргэд тухайн салбарын хууль, дүрэм журмыг зөрчсөн тохиолдолд эхлээд зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар бүхий албан шаардлага өгөөд түүнийг биелүүлэхгүй бол торгох шийтгэх асуудал яригддаг.

Харин эрүүгийн эрх зүйн үндсэн зарчим нь гэмт үйлдэл болгонд тохирсон ял шийтгэл ногдуулахад оршдог.

Энэхүү зарчмын шинжтэй өөрчлөлт нь маш олон үр дагаврыг араасаа дагуулна.

Ийм учраас л зөрчлийн хуулийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа юм. Миний хувьд зөрчил болгонд шийтгэл ногдуулдаг ийм хуультай улс орныг мэдэхгүй юм байна.

- Иргэд болон нийгэмд хэрэгтэй зайлшгүй шаардлагатай өөрчлөлтүүд энэ хуулийн төсөлд бий юу?

-Уг нь одоо байгаа хуулийн зохицуулалтыг сайжруулах гэж л өөрчилж шинэчилдэг гэж би ойлгодог. Гэтэл эсрэгээрээ одоо байгаагаа дордуулсан хууль, хуулийн төсөл яваад байна.

Бодит байдал дээрээ иргэдийн эрх зүйн байдлыг дордуулсан хууль болсон.

Зөрчлийн хууль хүчин төгөлдөр болсноор хууль эрх зүйн хүрээнд дараах дутагдлууд бий болно 

  1. Зөрчлийг захиргааны эрх зүйгээс эрүүгийн эрх зүйд хамаарахаар хуульчилсан,
  2. Эрүүгийн шүүхээр иргэдийн зөрчил бүхий үйлдлийн бодит байдлыг тогтоох ажиллагаа явуулах учир иргэд гэмт этгээд буюу хариуцагч болох,
  3. Мэргэжлийн хяналтын байцаагч, прокурор, шүүгч бүгд иргэдийг яллах талд эсрэг ажиллах,
  4. Мөн мэргэжлийн хяналтын байцаагчийн ажиллагаанд эрүүгийн шүүх хяналт тавихгүй учир шүүхийн хяналтын гадна хоцрох,
  5. Хуулийн төслөөр прокурор иргэдийн гомдол мэдээллээр зөрчлийн хэрэг үүсгэх,
  6. Хянан шалгах, шүүх хуралд яллагчаар оролцох зэргээр хуульчилсан нь зөрчлийн хууль өөрөө зөрчилтэй хууль болсныг харуулж байна. 

Өөрөөр хэлбэл зөрчлийн тухай хуульд иргэдийн гаргасан зөрчил болгонд шийтгэл ногдуулахаар шууд хуульчлан зөрчлийг жижиг гэмт хэрэг хэмээн үзсэн. 

Мэргэжлийн хяналтын байцаагч дээр прокурор нэмэгдэхээр бизнесийн орчинд дарамт ихэснэ гэсэн үг.

Төрийн хяналт нэмэгдэнэ гэдэг чинь шууд утгаараа авлигалын орчин шинээр нэмэгдэнэ гэсэн үг. Яагаад ийм өөрчлөлт хэрэгтэй болсныг үнэндээ сайн ойлгохгүй юм. 

Санкцгүй шийтгэлгүй хууль бол шүдгүй арслан гэсэн үг

-Иргэдийг 230 гаруй хуулиар торгож шийтгэдэг байсан бол одоо ганцхан хуулиар торгож шийтгэдэг болсон гээд дэвшилттэй зүйлүүд хийгдсэн гэж яригдах юм?

-Захиргааны эрх зүй судлаачийн хувьд үүнийг одоогийн хүрсэн хуулийн хөгжлийн төвшнөөс ухралт хийсэн болхи оролдлого хэмээн үзэж байна.

Зөрчлийн хуулийг анх санаачлагч нь иргэдийг олон хуулиар биш нэг хуулиар шийтгэх өөрөөр хэлбэл “ял, шийтгэлийг нэг цонх”-оор харах үндсэн концепцээр зөрчлийн хуулийн төслийг боловсруулсан хэмээн мэдэгдэж байгаа юм.

Энэ нь шууд утгаараа шинээр эрүүгийн хууль дахиад бий болгосон гэсэн үг. Иргэд, бизнес эрхлэгчдийг гэмт этгээд гэж үзээд яллах, шийтгэх байр суурьнаас хууль боловсруулсан байна шүү дээ. 

Нөгөө талаас салбарын 230 гаруй хуулийн төгсгөлд байдаг хариуцлагын хэсгийг механикаар таслан нэгтгэж нэг хууль болгосон. 

Зөвхөн зөрчлийн хуульд л шийтгэл байх бөгөөд бусад хууль, хэм хэмжээний актад торгосон шийтгэсэн заалт байх ёсгүй хэмээн хаа ч байхгүй шинэ онол гаргаж нээлт хийсэн байгаа юм.

Санкцгүй шийтгэлгүй хууль бол шүдгүй арслан гэсэн үг.

Хууль салбарынхаа онцлогийг агуулж, цогц байдлаар системчлэгдэж байж зохицуулах чадавхи нь нэмэгддэг. Сүүлийн 20 гаруй жилд бүтээсэн хуулийн тогтолцоогоо ингэж эвдэж самарч болохгүй л дээ.

- Гудамжинд шүлсээ хаядаг, хүнийг гүтгэдэг, танхайрдаг этгээдүүдийг чангахан шийтгэж хашраахаар хуульчилж байгаа нь зөв санагддаг?

- Хуулийн төсөл дээр ажиллаж байгаа нөхдүүд наад жишээг чинь байнга ярьдаг.

Гудамжинд шүлсээ хаяж, танхайрч зөрчил гаргаж байгаа этгээд болон бизнес эрхлэж хууль, дурэм журам стандарт зөрчиж байгаа хоёр хоорондоо маш ялгаатай.

Барилга барих, үйлчилгээ эрхлэх зэргээр бизнес хийхэд гарч буй зөрчлүүд нь зөвхөн тухайн бизнес эрхлэгчээс биш  олон хүчин зүйлээс хамаардаг.

Энэхүү зөрчлийг арилгахын тулд төр иргэдийг торгох, шийтгэх биш харин эсрэгээрээ ажлын байрыг нь хамгаалж дэмжиж хамтарч ажиллах ёстой.

Энэ бол хаа ч хүлээн зөвшөөрөгдсөн төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны суурь зарчим юм.

Мөн зөрчил гаргаж байгаа этгээдүүдийг шийтгэж хашраахгүй бол энэ нь даамжраад гэмт хэрэг гарах шалтгаан болдог, ял завшдаг гэсэн үндэслэлүүд яригддаг.

Нийгмийн хэв журмын зөрчил гаргагчийг бизнес эрхлэгчидтэй холиод, зөрчлийн хууль бүхлээрээ, өөрөөр хэлбэл таслаж нэгтгэсэн 230 гаруй хууль чинь бүгд аж ахуйн үйл ажиллагаатай холбоотой салбарын хууль шүү дээ.
Бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг гэмт хэрэгтэн гэсэн нэг цонхоор харж хууль хийж болохгүй

- Ер нь энэ хуулинд иргэд,  нийгэмд хэрэгтэй өөрчлөлт шинэчлэлт байгаа юм уу, эрх биш байгаа байлгүй дээ?

-Зөрчлийн хууль болон холбогдох хуулийн төслүүдийг гол хэрэглэгч болох мэргэжлийн хяналтын байцаагч нар дэмжээгүй, шүүхээс бас дэмжээгүй, хуульчдын холбоо дэмжээгүй, иргэд, бизнес эрхлэгчид дэмжихгүй эсрэг шүүмжлээд байхад л зүтгүүлээд баталчихсан.

Одоо сайжруулна гээд яваад байгааг ойлгохгүй байна.

 Бизнес эрхлэгчид, татвар төлөгчдийг гэмт хэрэгтэн гэсэн нэг цонхоор харж хууль хийж болохгүй

Суурь зарчим нь буруу бол засаж сайжруулна гэсэн ойлголт байхгүй улам л хүндрэх болно.

Иргэдэд хэрэггүй бол энэ хууль хэнд хэрэгтэй юм бэ? Үнэхээр сонин асуулт байна.

-Судлаачийн хувьд зөрчлийн хуулийг бүхэлд нь үгүйсгэчихлээ. Одоо цаашид юу хийх хэрэгтэй юм бэ?

- Болдогсон бол зөрчлийн хуулийг хүчингүй болгочихмоор байна.

Одоо байгаа захиргааны хариуцлагын тухай хуульдаа зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааны зохицуулалтыг л нарийвчлаад нэмээд хийгээд өгөхөд хангалттай санагддаг.

Миний хувьд хамгийн гол харамсаад байгаа зүйл бол захиргааны эрх зүйн 230 гаруй хуулийг эвдээд хаячихлаа.

Байгаль орчны салбар гэхэд л 40 гаруй хуультай, татвар гэхэд л 20 гаруй хууль олон арван хэм хэмжээний актаас бүрддэг. Уг нь салбарын хуулиуд маань гайгүй системчлэгдээд зөв гольдорлоор хөгжиж байсан. Торгууль шийтгэл хариуцлага нь тухайн салбарын хуулиудад тусгагдаж зүйл заалттай нь нарийн уялдаа холбоотой байж амьд хуулийн тогтолцоо бий болох учиртай.

Зөрчлийн хуулийг хэрэгжүүлэх гээд цаг хугацаа алдана, болохгүй бол буцаагаад одоогийн нөхцөл байдлыг сэргээхэд амаргүй байх болно.

Эцэст нь хэлэхэд энэ бүгд бол зөвхөн Одгэрэл гэдэг судлаачийн үзэл бодол юм даа. Баахан гутранги санаа зовсон зүйл ярьчлаа.

Цаг хугацаа бүгдийг харуулах байх бүх зүйл эерэг сайнаар бүтэх болтугай гээд  залбаръя даа.

Ярилцсанд баярлалаа.