Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

СУДАЛГАА: Хүүхдүүд уул уурхайн үр нөлөөнд илүү өртөмтгий эмзэг оролцогч тал

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Уул уурхайтай холбоотой шилжилт хөдөлгөөн хүүхдэд бодитой нөлөөлдөг болохыг НҮБ-ын Хүүхдийн Сангаас эрхлэн гаргаж буй "Уул уурхайгаас үүдсэн шилжилт хөдөлгөөн, хүүхдэд үзүүлэх нөлөөлөл" нэртэй тайланд дурджээ. Уг тайланг өнөөдөр олон нийтэд танилцууллаа. 

Тайлан нь Монголд шилжилт хөдөлгөөн хүүхдэд хэрхэн, яагаад нөлөөлдөг тухай мэдлэг ойлголт, бодит мэдээллийг олгох анхны ийм төрлийн тайлан болж байгаагаараа онцлогтой аж.

 
Гэрэл зургийг mpa.mn

Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Роберто Бэнес "Монгол Улсын эдийн засагт олборлох үйлдвэрлэл томоохон байр суурь эзэлдгийг харгалзан, хувийн хэвшил болон засгийн газрын оролцогч талуудад уул уурхайгаас үүдсэн шилжин суурьшилтын хүүхдүүдэд үзүүлэх нөлөөллийн талаар илүү сайн ойлгож мэдэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор НҮБ-ын Хүүхдийн Сангаас энэхүү судалгааг дэмжиж санхүүжүүлсэн. Олборлох үйлдвэрлэлийн салбар нь хүүхдийн эрхийг дээдлэх, хамгаалах тал дээр хүчирхэг түншлэгч байж чадах бөгөөд, тус салбарын хөрөнгө нөөцийг нийгэмдээ эерэг, үр дүнтэй хөрөнгө оруулалт болгон ашиглана гэдэгт бид итгэж байна" гэлээ.

Хүүхдүүд уул уурхайн үр нөлөөнд илүү өртөмтгий эмзэг оролцогч тал юм. Уул уурхайд нүүдэллэж ирсэн ажилчид, ажил хайгчид, бусад шилжин суурьшигчдын хүүхдүүд нь төсөлтэй холбоотой эрсдэл, нөлөөллүүдэд хамгийн ихээр өртдөг байна. Шилжилт хөдөлгөөнтэй холбоотойгоор хүүхдийн амьдрал, хөгжилд тасалдал, өөрчлөлтүүд гардаг. Гэвч шилжин суурьшилттай холбоотойгоор хийгддэг арга хэмжээнүүд нь хүүхэд болон тэдэнд үзүүлж буй нөлөөллийг харгалзан үздэггүй орхигдуулдаг.

Улмаар шилжилт суурьшилтын нөлөөллийг удирдах менежмент болон хегжлийн хөрөнгө оруулалтад хүүхдүүдийн хэрэгцээ шаардлагыг анхаарч шийддэггүйгээс болж хүүхдийн аюулгүй байдал, гэр бүл, боловсрол, эрүүл мэнд зэрэг хүүхдийн суурь эрхийг орхигдуулах хандлагатай байдгийг судалгаанд онцолжээ.

Судалгаанаас харахад, уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй орон нутагт нийгэм, эдийн засгийн эерэг үр өгөөж гарсан, тухайлбал сургууль, эмнэлэг зэрэг нийгмийн үйлчилгээ, дэд бүтцэд хөрөнгө оруулалт нэмэгдсэн байна. Гэсэн хэдий ч, эдгээр үр өгөөжийг хүүхдэд хүргэх, тэдэнд тулгарах гол эмзэг асуудлуудыг шийдэх талаар илүү их ажил хийх боломжтой төдийгүй шаардлагатай болохыг тус судалгаанд дурджээ.

Уул уурхайн бүсэд амьдарч байгаа хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээ авах шаардлагатай байна

 
Гэрэл зургийг mpa.mn

НҮБ-ын Хүүхдийн Сангийн Компанийн нийгмийн хариуцлагын зөвлөх Ж.Сүнжидмаа “Энэхүү судалгааны хүрээнд уул уурхайн үйл ажиллагаа явагдаж буй дөрвөн газрыг судалж, үнэлгээ хийсэн. Үүнд, Өмнөговь аймгийн төв Даланзадгад хот болон Цогтцэций, Ханбогд сум, Сэлэнгэ аймгийн Мандал сум судалгаанд хамрагдсан. Судалгааны явцад салбарын яам болон агентлагын ажилтнууд, иргэний нийгмийн байгууллагууд, орон нутгийн засаг дарга нар, нийгмийн үйлчилгээний мэргэжилтнүүд, залуучуудын холбоо, уул уурхайн компаниудын нийгмийн асуудал хариуцсан ажилтан нартай тус бүр уулзалт ярилцлага хийсэн.

Иймд судалгааны тайланд уул уурхайгаас үүдэлтэй шилжилт хөдөлгөөн, тэдгээрээс хүүхэд болон гэр бүлд үзүүлж буй нөлөөллийн талаар статистик тоо баримт, суурь мэдээллээс гадна, энэхүү асуудлын талаар уул уурхайн салбар дахь талуудын санал бодол, туршлагуудыг түлхүү оруулсан” хэмээн ярилаа.

Судалгааны гол зорилго нь уул уурхайн компаниуд, төрийн байгууллагууд, орон нутгийн засаг захиргаа, уул уурхайн салбар дахь мэргэжлийн холбоод, хөгжлийн түншлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд зэрэг уул уурхайн салбарын нийт оролцогч талууд Монгол Улсын уул уурхайн салбарт хүүхдийн эрхийг хүндлэх, дэмжих үйл ажиллагааг бэхжүүлэх, хүүхдийн эрхтэй холбоотой эрсдлүүд ба боломжуудыг зохицуулах, удирдлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэхэд оршжээ.

Энэхүү судалгаа нь уул уурхайтай холбоотой шилжилт хөделгөөн хүүхдэд бодитой нөлөөлдөг болохыг тодорхой харуулж байгаа юм. Гэвч хүүхдэд хэрхэн, яагаад нөлөөлдөг тухай мэдлэг ойлголт, бодит мэдээлэл уул уурхайн компаниуд болон орон нутгийн засаг захиргааны аль алинд хомс байна. 

Тэгэхээр уул уурхайн орон нутаг болон холбогдох бусад нөлөөллийн бүсэд амьдарч байгаа хүүхдүүд, ялангуяа хүнд нөхцөлд амьдарч буй хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээг төлөвлөх зорилгоор суурь мэдээ мэдээлэл бүрдүүлэх, уул уурхайн нөлөөг сайтар ойлгохын тулд компаниуд болон орон нутгийн удирдлагуудын хоорон дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна гэсэн дүгнэлт гарчээ.