Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трамп Ким Жон Уны сэтгэцийн өөрчлөлтийн талаар дүгнэлт хийхээс татгалзжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Италийн ерөнхий сайд Паоло Жентилони нар уулзалтынхаа дараа хамтарсан мэдэгдэл хийж, сэтгүүлчдийн асуултад хариулжээ.

Энэ үеэр Fox News сувгийн сурвалжлагч Трампаас “Хойд Солонгосын удирдагчийн сэтгэцийн байдал тогтворгүй гэдэгтэй та санал нийлэх үү?” гэж асуусан байна. Харин Трамп энэ асуултад хариулахдаа Ким Жон Уны сэтгэцийн эрүүл мэндийн талаар шууд хариулахаас татгалзжээ.

Тэр “Хойд Солонгосын асуудлаар бид сайн ажиллаж байгаа. Манай цэрэг, зэвсгийн хүч тэнд хурдтай төвлөрч байна” гээд “Би энд ирээд 91 хонож байна. Бид маш их зүйл амжууллаа. Сэтгэцийн талаар би хариулмааргүй байна. Миний хариулт хангалттай байх” гэсэн юм.

Трамп харин эндээс шууд Хятадын төрийн тэргүүний тухай ярианд шилжсэн байна. “Би Хятадын ерөнхийлөгчийг гүнээ хүндэтгэж байна. Учир мэдэх хүмүүс бүгд Хятадыг хэзээ ч өмнө нь ингэж ажиллаж байгааг хараагүй гэцгээж байгаа. Сүүлийн 2-3 цагийн дотор л гэхэд Хятад-Хойд Солонгосын хооронд төсөөлж байгаагүй алхмууд хийгдлээ” гэж Трамп ярьжээ.

 Тэрээр “Түүнийг тун шаргуу ажиллаж байгаа гэдэгт би бүрэн итгэлтэй байна” гэж Ши Жиньпиний тухай хэлсэн байна.

Трампын энэ үг Хойд Солонгосыг номхруулах ажлыг АНУ Хятадад бүрэн даатгаж, үр дүнг нь хүлээж байгааг харуулж байгаа юм. Хятадыг хөдөлгөхийн тулд Трамп худалдааны таатай нөхцлийг хөшүүрэг болгон ашиглаж байгаагаа өмнө нь мэдэгдэж байв.

 

Эх сурвалж: Business Insider