Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Бат-Эрдэнэ: Дэгнээс дөрвөн цэргийг хөлдөөж, нэг нь хуруугаа тайруулсныг хав дарсан нь нотлогдсон

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд хээрийн дадлага сургалтын үеэр цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэг гарсан. Зэвсэгт хүчний Жанжин штабын удирдлагад хариуцлага тооцох асуудлаар Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

Тэрээр, Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд энэ сарын 11-нд байлдааны буудлагатай сургалтын үеэр 2 хүн амь эрсдэж, 8 хүн шархадсан аюултай осол боллоо. Энэ хэрэгт миний бие гүнээ эмгэнэж, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын яам хамтран арга хэмжээ авч байна. 

Энэ мэдээллийг хүлээж авмагцаа шуурхай арга хэмжээ авсан. Цэргийн төв эмнэлэг, Эрүүл мэндийн яам хамтран шархадсан хүмүүсийг хүлээж авах, тэдгээрийн амь насыг хамгаалж шуурхай  ажиллахаар албаны хоёр Ажлын хэсэг ажиллаж байна. Эрүүгийн хэрэг үүсгээд, хууль хяналтын байгууллагууд, шүүхийн шинжилгээний газар, бусад холбогдох байгууллагууд ажиллаж байна. Гэхдээ бид дүгнэлт хүлээлгүйгээр өчигдөр  Сайдын зөвлөлийг хуралдуулж, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагад тодорхой хугацаатай үүрэг даалгавар өглөө. 

Засгийн газрын яам, агентлагийн эрх зүйн байдлын  тухай хуулиуд болон 2016 оны есдүгээр сарын 01-нд УИХ Батлан хамгаалах тулгуур багц хуулиудыг баталсан.  Энэ хуулиар Зэвсэгт хүчний жанжин штаб, цэргийн мэргэжлийн дээд удирдлагаа хариуцдаг. Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөөд томилдог тусгай эрхтэй субъект шүү дээ. Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч, командлагч, генерал цолтой том албан тушаалтнуудыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагч шууд томилдог болсон. Батлан хамгаалахын сайд эдгээр албан тушаалын цол хэргэмийг нь ахиулдаг, бууруулдаг байсан бүх эрх Зэвсэгт хүчний Жанжин штабад шилжсэн. Хуулийн хүрээнд Зэвсэгт хүчний даргад тодорхой хугацаатай үүрэг өгөөд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооц гэсэн.

- Сайдын зүгээс хариуцлага алдсан удирдлагуудад хариуцлага тооцох эрх байхгүй, энэ эрх нь Ерөнхийлөгчид байгаа гэж та хэллээ. Сайдын зүгээс хариуцлага тооцох асуудлаар Ерөнхийлөгчид хандах уу.

- Зэвсэгт хүчний Жанжин штаб анги, байгууллага, салбар нэгжийн захирал, дарга офицер бүх томилгоог хийж, асуудлыг шийднэ. Төрийн албаны тухай хуульд томилсон эрх бүхий субъект нь арга хэмжээ авна гэж заасан. Жанжин штабын дарга албан тушаалтнууддаа хариуцлага тооцох  ёстой. Ерөнхий командлагч, Ерөнхийлөгчийн зүгээс томилсон цэргийн командлагч, бригадын генерал, Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, орлогч энэ хүмүүст Зэвсэгт хүчний ерөнхий командлагчд хариуцлага тооцно.

Энэ асуудал хуулийн дагуу шат дараатай явах ёстой. Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга өөрийнхөө бүрэн эрх мэдлийн хүрээнд асуудлаа хэлж, хариуцлагаа тооцох ёстой. Түүний дараа, ажлын хэсгийн дүгнэлт гараад ирэнгүүт бид энэ асуудлуудыг тавина. Тэгэхээр бидний шууд оролцох асуудал биш. Тиймээс холбогдох эрх бүхий субъектэд хариуцлага тооцох асуудлыг тавина. 

-Зэвсэгт хүчний салбарт удаа дараа ийм асуудал гарч байна. Ямар хариуцлага тооцох вэ. Яагаад нэг ч хариуцлага тооцохгүй өнгөрөөд байдаг юм бэ. Нөгөө талаар ослын үед хээрийн сургалт ахалж байсан генерал архидан согтуурсан байсан гэсэн мэдээлэл байна. Энэ тал дээр та ямар байр суурьтай байна вэ?

- Би Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий командлагчийг УИХ-д хаалттай мэдээлэл хийх үеэр ийм асуудлыг хамгийн түрүүнд тавьсан. Батлан хамгаалах, Зэвсэгт хүчний салбарт ололттой сайн сайхан зүйл олон байгаа. Гэхдээ олон жил урхагшсан ноцтой асуудал байгаа талаар би тодорхой хэлсэн. Үнэхээр угжирсан ийм зүйл байгаа юу гэвэл байгаа. Цэргийн мэргэжлийн онцлог учраас зүгээр нэг яам, агентлагийн  эрх зүйн байдлын тухай хуулиар явдаг тогтолцоотой биш гэдгийг та бүхэн ойлгож байгаа байх.

Жишээлбэл, бусад яамдын харъяа агентлагуудын бүх томилгоо, асуудлууд сайдын мэдэлд байдаг бол Зэвсэгт хүчний Жанжин штаб гэдэг тохируулагч агентлаг онцлогоороо өөр явагддаг. Тийм учраас энэ асуудлуудыг тавьсан, ярьсан.  Тэд хэрэг зөрчлөө Батлан хамгаалах яаманд мэдэгдэхгүй нуун дарагдуулдаг тохиолдол гардаг. Тухайлбал, өнгөрсөн нэгдүгээр сарын 23-нд 336-р ангид цэргийн албан хаагчидтай сургагч, ахлагч нь дүрмийн бус харьцаж, дэгнээс дөрвөн цэргийг хөлдөөж, нэг цэргийн хуруу тайруулах зэрэг зөрчил гарсан. Энэ ноцтой асуудал нуун дарагдаж байгаад гуравдугаар сарын 10-ны өдөр ар гэрийнхэн нь надад өргөдөл гаргаж мэдэгдэж байх жишээтэй.

Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх зөвлөлийн Ажлын хэсгийг ахалж ажилладаг, Засгийн газрын өмнө ийм үүрэг хүлээсэн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг ажиллуулсан. Ажлын хэсгийн дүгнэлтээс үзвэл, Батлан хамгаалах яамны шуурхай жижүүрийн рапортод энэ ороогүй, хав дарагдуулсан нь нотлогдсон. Цэргийн эрүүл мэнд, эрх чөлөө зөрчигдөх асуудлууд энэ мэт гардаг.  Би ажил авсан цагаасаа анхаарал тавьж ажиллаж, нийгэмд хүргэж, УИХ, Ерөнхийлөгчд ийм ноцтой асуудлууд байна шүү, бүгдээрээ анхаарч, анхаарал хандуулах ёстой гэдгийг байнга хэлж байгаа.