Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

СБД-ын алслагдсан хороодод "Хөдөлгөөнт оффис" ажиллуулж эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүрэг өнөөдрөөс эхлэн “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг явуулж эхэллээ.

Төрийн үйлчилгээг иргэдэд нээлттэй, ил тод хүргэх зорилтын хүрээнд алслагдсан хороодод төрийн үйлчилгээг ойртуулах үүднээс “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагааг нэвтрүүллээ.

“Хөдөлгөөнт оффис”-ыг ажиллуулснаар иргэд төрийн аливаа үйлчилгээг чирэгдэлгүй авах, хорооноос иргэдэд үзүүлэх үйлчилгээний хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал хүсэлтийг нь сонсож, газар дээр нь шийдвэрлэж болох асуудлын талаар ажил хариуцсан албан тушаалтан мэдээлэл өгөх зэрэг олон талын ач холбогдолтой юм байна.

Т.Болормаа: “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан алслагдсан хороодын иргэдийн асуудлыг шийдвэрлэнэ
 

Сүхбаатар дүүргийн засаг дарга Т.Болормаа “Өнөөдрөөс эхлэн манай Сүхбаатар дүүрэгт анх удаа “Хөдөлгөөнт оффис”-ыг бий болгож байна.

Нэг цонхны үйлчилгээ Сүхбаатар дүүрэгт явагддаг. Алслагдсан хороодын иргэд нэг цонхны үйлчилгээн дээр ирдэг. Гэхдээ төвийн хороодтой адил ирээд үйлчилгээ авах нөхцөл боломж нь бага байдаг.

Тэгэхээр бид “Хөдөлгөөнт оффис”-оор дамжуулан дүүргийнхээ алслагдсан хороодын иргэдэд тулгамждаж байгаа, шийдэгдэхгүй байгаа асуудлыг нь сонсож, дүүргийн хэмжээнд шийдвэрлэх боломжтой асуудлыг шууд шийдвэрлэж, улс, нийслэлийн хэмжээнд шийдэгдэх асуудлыг цааш уламжилж өгөх юм.

Дүүргийн хэмжээнд тухайлбал, газар зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэх боломжтой байна” хэмээн тайлбарлалаа.

"Иргэд газар, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн ажлаар дутмаг байдаг"
 

Сүхбаатар дүүргийн оршин суугч Д.Цэгмид “Засаг захиргааны нэгжид зааснаар хороо бол анхан шатны нэгж. Тиймээс ард иргэд заавал дүүрэг, нийслэл орно гэхгүйгээр хорооноосоо авч болох бүхий л үйлчилгээгээр хангагдаж байвал чухал үйл ажиллагаа болох нь дамжиггүй.

Хороонд амьдарч байгаа иргэд ихэвчлэн газар, ажлын байр, жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлийн үйл ажиллагаагаар дутмаг байдаг.

Энэ асуудлыг аль болохоор ойрын зайнаас шийдвэрлэвэл ард түмний аж амьдрал дээшилж, ард түмэн төр захиргаа хоёрын ойртох, хамтран ажиллах байдал нь улам баталгаажиж, идэвхжинэ гэдэг үүднээс “Хөдөлгөөнт оффис”-ын ажлыг зөв гэж үзэж байна.

Иргэдийн зүгээс тухайлбал, “Гудамж” хөтөлбөрийг маш их дэмжиж байсан. Одоо энэ ажлыг үргэлжлүүлэх эсэх нь тодорхойгүй байна.

Айлууд нийлээд хашаа хороогоо тохижуулж, бохир цэвэр ус оруулаад, өөрсдийн барьсан орон сууцанд суучихвал заавал давхар байшинд амьдарна, ипотекийн зээлээр байр худалдаж авна гэж зүтгэх шаардлагагаүй. Өөрсдийн боломжоор тохилог орчинд амьдрах боломж бий” хэмээв.

Ц.Дарьцэцэг: Төр засгийн үйлчилгээ ард иргэдэд илүү ойр болно гэж бодож байна
 

Сүхбаатар дүүргийн 15-р хорооны оршин суугч Ц.Дарьцэцэг “Хөдөлгөөнт оффистой болсноор төр засгийн үйлчилгээ ард иргэдэд илүү ойр болно гэж үзэж байна.

Бүх хүн дүүрэг дээрээ очоод, оочирлоод хүлээгээд байх боломжгүй учраас хороод дээрээ ийм үйл ажиллагаа явуулж байгаа нь их зөв гэж бодож байна.

Бид дүүрэг, хороондоо өөрсдийн тулгамдаж байгаа янз бүрийн асуудлаар ханддаг. Тог цахилгаан, газар, хог хаягдал, худаг ус, халамж үйлчилгээ зэрэг олон асуудал бий” гэв.

Нийслэлийн хэмжээнд Сүхбаатар дүүрэг анх санаачлан хэрэгжүүлж байгаа уг “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаагаар дамжуулан иргэдэд зайлшгүй шаардлагатай төрийн үйлчилгээний жагсаалт, холбогдох бүртгэл судалгааг гаргах зорилготой юм.

Дүүргийн хэмжээнд эхэлж байгаа “Хөдөлгөөнт оффис”-ын үйл ажиллагаанд Засаг дарга, Засаг даргын зөвлөх, орлогч нар, ЗДТГ-ын дарга, хэлтэс албадын дарга нар хуваарийн дагуу 1-20 хороонд ажиллах бөгөөд хэлтэс албадын дарга нар сард нэг удаа, Засаг дарга улиралд нэг удаа хороодод ажиллах юм байна.