Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ерөнхийлөгчийн сонгуультай холбогдуулан хаалтын гэрээ хийхгүй байхыг зөвлөлөө

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас хууль бус зар сурталчилгааны талаар болон хэвлэл мэдээллийн байгууллагууд ерөнхийлөгчийн сонгуулиар хууль зөрчсөн үйлдэл гаргахгүй байх талаар зөвлөмж хүргэж өнөөдөр мэдээлэл хийлээ.

Зөрчил илэрсэн ХМХ-ийн үйл ажиллагааг зургаан сараар түдгэлзүүлнэ
 
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-ын өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ч.Цоодол "Энэ жил ерөнхийлөгчийн сонгуулийн жил. Үүнтэй холбогдуулан ХМХ-үүдэд зөвлөмж хүргүүлж анхааруулга өгөх гэсэн юм.

Сонгуулийн тухай хуулийн 70-р зүйлийн 70.1.6-д бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хорилгосон байдаг.

УИХ-ын болон ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 52 өргөдөл гомдол ирсэн. Найман өргөдлийг үндэслэлгүй гэж үзээд буцаасан.

Сонгуулийн үеэр ХМХ-үүд захиалгат мэдээ мэдээлэл бэлтгэж, бусдын нэр төрд халдах тохиолдол их гаргадаг. Хариуцлагын талаар зөрчил гаргасан хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг бид Харилцаа Холбооны Зохицуулах Хороо болон Цагдаагийн Ерөнхий Газарт хүргүүлнэ. Улмаар зөрчил гэдэг нь тогтоогдвол тухайн байгууллагын үйл ажиллагааг зургаан сараар түдгэлзүүлэх, татгалзуулах шийдвэрийг холбогдох байгууллагаас гаргана.

2016 онд 11 сайтын үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг холбогдох газарт хүргүүлээд байна.

Бид сонгуулийн үеэр аливаа зөрчил илэрвэл хатуу шаардлага тавьж ажиллана. Анхааруулга өгөхгүй" гэлээ.   

Сонгуультай холбогдуулан ХМХ-үүдэд дараах зөвлөмжийг ШӨХТГ-аас хүргүүлж байна
Үүнд:

  • Сонгуулийн тухай зар сурталчилгааг санал авах өдрөөс 24 цагийн өмнө зогсоох,
  • Аливаа материал дээр захиалсан этгээдийг дурьдах,
  • Улс төрийн чансааг тогтоох, аливаа хэлбэрийн шалгаруулалт зохиохгүй байх, 
  • Архивт байгаа сонгуулийн тухай материал, баримтаа устгах, дахин ашиглахгүй байх, 
  • ХМХ-үүд хаалтын гэрээ байгуулахгүй байх,
  • Бусдын нэр барих, нэр хүндэд халдсан мэдээлэл нийтлэхгүй байх хэрэгтэй гэдгийг санууллаа. 
Хууль бус сурталчилгаа явуулсан байгууллагад 10 сая төгрөгийн торгууль ноогдуулсан
 
Гэрэл зургийг mpa.mn

ШӨХТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Гантөмөр "Хууль бус зар сурталчилгаа нэвтрүүлдэг хэвлэл мэдээллийн байгууллагууд цөөнгүй бий.

Зар сурталчилгааны тухай хуулинд хууль бус зар сурталчилгааг дараах байдлаар тусгасан байдаг. Хууль бус сурталчилгаа гэдэг нь хэрэглэгчийн ухамсарт шууд бусаар нөлөөлөх, сурталчилгааг хэлнэ.

Үүнд: Зүй бус, бодит байдалд үл нийцсэн, ёс суртахуунд үл нийцсэн зэрэг зар сурталчилгааг хууль бус сурталчилгаанд оруулан тооцдог.

Зүй бус зар сурталчилгаанд өөрийн барааг бусдынхтай ижилсгэх, бусдын нэр төрд халдах, зохих мэдээллийг орхигдуулах зэргийг тооцно.

Ёс суртахуунд үл нийцсэн сурталчилгаанд бусдын бүтээгдэхүүн, бэлэг тэмдэг, алдарт хүмүүс, шашин соёл, төрийн тусгай албаны талаар гутаан доромжилсон баримтгүй мэдээлэл тараахыг хамааруулна. 

Жишээлбэл: Монгол хүн дэлхийн стандартыг хэрэглэх эрхтэй гэсэн сурталчилгааг нэг албан байгууллага хийсэн.

Энэ асуудлыг ШӨХТГ-аас шалгаад хууль бус зар сурталчилгаа гэдгийг нь тогтоож тухайн байгууллагад 10 сая төгрөгийн торгууль ноогдуулж, дөрвөн газар байршуулсан байсан сурталчилгааг нь буулгасан. 

Зар сурталчилгаатай холбогдуулан дараах зөвлөмж байдаг

  • Аливаа зар сурталчилгаа нэвтрүүлэхдээ тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын нэр зөвшөөрлийг заавал дурьдах.
  • Тухайн сурталчилж байгаа бүтээгдэхүүн хортой, аюултай бол энэ талаар заавал дурьдах хэрэгтэй. 
  • Эх сурвалж тодорхой байх.
  • Зар сурталчилгааны хуулийн 13-р зүйлд эрүүл мэндийн салбарын сурталчилгаа явуулах гэсэн заалт байдаг.
  • Эм, бэлдмэлийг зохистой хэрэглэх талаар сурталчилж болно.
  • Эмийн үйлчлэлийн талаар баталгаа гаргаж болохгүй. Тухайлбал: Бүх төрлийн хорт хавдарыг эдгээнэ гэхийн оронд хорт хавдартай хүмүүс хэрэглэж болно гэх нь зүйд нийцнэ. 

Хэвлэл мэдээллийн байгууллагуудаар сурталчилж болохгүй зүйлүүд:

  1. 18 хувиас дээш спиртний агууламжтай архи, согтууруулах ундаа
  2. Бүх төрлийн тамхи
  3. Жороор олгох эм
  4. Ховор ан амьтан, түүний эд эрхтэнг сурталчлахыг хуулиар хориглосон" гэв. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.