Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Ч.Гэрэлмаа: Ходоодоо дурандуулснаар хорт хавдраас сэргийлэх боломжтой

Р.Оюун
2017 оны 4 сарын 20
Зууны мэдээ
 

ХСҮТ-ийн Онош зүйн тасгийн дурангийн эмч, анагаах ухааны магистр, ахлах зэрэгтэй эмч Ч.Гэрэлмаатай ярилцлаа.

-Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Ходоодоо дурандуулах нь ямар ач холбогдолтой байдаг талаар тайлбарлаж өгөхгүй юү?

-Манай Статистик, сургалт, бүртгэл, мэдээллийн албанаас гаргасан судалгаа байна. Өнгөрсөн оны байдлаар 5991 хорт хавдрын шинэ тохиолдол бүртгэгдсэнээс эрэгтэй 2885, эмэгтэй 2854 тохиолдол байна. Зонхилон тохиолдох хорт хавдрын таван байрлалыг авч судлахад Монголд элэг, ходоод, умайн хүзүү, уушги, улаан хоолойн хавдар байна.

Үүний дотор ходоодны хорт хавдар II байрт буюу 14.7 хувийг эзэлж байна. Өвчлөлөөрөө дэлхийд хоёрдугаарт, нас баралтаараа нэгдүгээрт ордог. Тиймээс энэ жилээс ходоодны хавдрын эрт илрүүлгийн хөтөлбөрийг шинээр гаргаж боловсруулж мөрдөх ажлыг эхлүүлсэн. Ходоод дурандуулах нь дүрс оношилгооны шинжилгээнүүд дотроо хамгийн тодорхой шинжилгээ.

Рентген, эхо дүрсийн бүтцээр нь баримжаалж оношилдог бол дуран тодорхой оптик, гэрэл бүхий уян дуранг хүний залгиур улаан хоолойгоор дамжуулж ходоодноос нарийн гэдэс хүртэл хардаг. Тиймээс эрт үеийнхээс эхлээд үрэвслийн бүх оношийг нарийвчлан харах бүрэн боломжтой шинжилгээ юм. Хамгийн ач холбогдолтой шинжилгээ бол дуран.

-Ходоод шархтай үед ходоодоо дурандуулах дэмий гэсэн ойлголттой байдаг. Энэ үнэн үү?

-Энэ бол 100 хувь буруу ойлголт. Шарх гэдэг үнэхээр хүнд өвчин. Хүн бүрд байдаг юм биш. Тиймээс байна уу, үгүй юү гэдгийг нь нэгдүгээрт, заавал дурангаар мэддэг, дурандуулж байж шархыг мэддэг. Түүнээс хүн бүр би шархтай гэж ярьдаг, тийм байж болохгүй. Үнэхээр байгаа бол олон хүндрэлийг дагуулдаг. Тухайлбал, цус алдана, хорт хавдар руу шилжинэ, ходоод цоорч болно. Тэгэхээр ходоодоо шархтай үгүйг мэдэхийн тулд заавал дурандуулах хэрэгтэй. Дээрээс нь эмчилгээний хяналтыг дурангаар хийж эдгээдэг. Тиймээс дурандуулахаас айх шаардлагагүй.

-Ходоодны шарх юунаас болж үүсдэг юм бэ?

-Ходоодны шарх олон янзын шалтгаантай. Нэгдүгээрт, халдварын шалтгаантай. Хеликобактериас болж ахуйн хавьтлаар дамждаг. Ходоодны доод амсарт сонгомлоор байрлаж өвчин үүсгэдэг. Хоёрдугаарт, стрессийн гаралтай байж болдог. Сэтгэл санаатай холбоотой. Мөн эмийн гаралтай шарх гэж байдаг. Тохиромжгүй хоол, хүнс, удаан хугацаагаар хэрэглэсэн эмээс ходоо­донд сөргөөр нөлөөлж шарх үүсгэх боломжтой.

-Ходоод шархалсан үед ямар шинж тэмдэг илэрдэг юм бол?

-Хурц өвдөлтөөр ихэвчлэн ходоодны шархыг мэддэг. Мөн далны араар өвдөх, хоолтой холбоотойгоор зовуурилах эсвэл ямар ч зовуурь илрэхгүй байж болно. Үүнийг заавал дурандуулж байж ялгаж оношилно.

-Далны араар өвдөх нь ганц зүрхтэй холбоотой биш юм байна гэж ойлгож болох нь ээ?

-Тийм ээ хүмүүс зүрхтэй андуурдаг. Ходоод зүүн талдаа байрладаг болохоор далны араар, хоолны дараа ихэвчлэн өвддөг. Шөнө унтаж чадахгүй шөнөжин хүчтэй өвдөх тохиолдол бий.

-Ходоодны шархыг заавал эмчид үзүүлж байж эмчлүүлэх ёстой юу. Ямар эм ууж, ямар хоол идэх ёстой вэ?

-Эдгэрэх бүрэн боломжтой өвчин. Сорвигүй арилдаг, дотрын эмч нарт тохиолддог олон өвчнөөс хамгийн сайн эдгэрдэг, хянахад ч урамтай байдаг. Эмчилгээний үр дүн сайтай, нэг сарын дотор эдгэрдэг өвчин. Үүнийг зөвхөн эмийн аргаар, эмчийн хяналт дор эдгэнэ. Түүнээс таван салааны ханд, амьтны гаралтай бүтээгдэхүүн, чацарганын тос хэрэггүй. Чацарганын тос харин ч бактери үржих таатай нөхцөлийг бүрдүүлдэг.

Харин таван салааны ханд шүүрэл орлуулах бэлдмэл юм. Түүнээс ходоодны шарх эдгээдэг зүйл биш. Өвс, ургамлыг дур мэдэн хэрэглэснээр хүндэрч, зовуурьгүй болох аюултай. Сүүлийн үед дотрын эмч нар дуранддаг болсон учраас дурандангаа эмчилгээнийхээ хяналтыг хийдэг. Тухайлбал, хатангиршилтай, шархтай үед 45 хоногоос гурван сарын дараа ирж үзүүл гэсэн бол заавал энэ хугацаанд ирж үзүүлж байх ёстой.

-Хүндэрсэн тохиолдолд ямар сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Цус алдаж, ходоод цоорч, хүчтэй өвдөлтийн шоконд орж, хорт хавдар болох нь хамгийн хүнд аюул нь. Эмнэлгээс хол явж байгаад цус алдаад амь насанд хүрэх аюултай. Бага багаар цус алдаж байгаа үед цус багадалтын шинж илэрдэг. Мөн өтгөн хар өнгөтэй, толгой эргэмтгий, ядарч сульдах, дотор муухайрах, хоолтой холбоотойгоор зовуурь өгдөг.

-Ходоодны улайлтыг эмчлүүлэхгүй удвал шарх болох уу?

-Болно. Ямар нэг суурь даамжирч байж архаг, хурц үрэвсэл, шархлаа, хортой, хоргүй хавдар, гэдэсний эсийн шилжүүр гэсэн өөрчлөлтүүд нь хавдрын урьтал өвчин юм. Ходоод хүний ууж, идсэн юмтай шууд харьцаж, тосож авдаг эрхтэн. Тиймээс амьдралын зөв хэв маяг, зөв хооллолт, өглөөний цайг заавал ууж хэвших ёстой. Таван цул эрхтэн бүгд холбоотой учраас өглөөний цай уухгүй гарвал ялгарсан байгаа цөс агшиж, ажиллахгүй болдог. Хорт хавдрын шалтгаан нь амьдралын буруу хэв маяг, хоол хүнсний бохирдол, аюулгүй байдал, гадаад орчны бохирдол, аюулгүй байдал, стресс, урьтал өвчнүүд юм.   

-Энэ жил ходоодны хавдрыг эрт илрүүлэх аян зарласан. Үүнтэй холбоотойгоор ямар ажил хийж байна?

-Иргэд дүүрэг, аймгийн эмнэлэгт дурангийн оношилгоонд хамрагдаад тэндээсээ ямар нэг эргэлзээтэй, асуудалтай тохиолдолд манайд ирдэг. Урьдчилан сэргийлэх үзлэг хийнэ. Гэрээтэй байгууллагуудынхаа ажилчдыг үзнэ. Хүмүүс өөрийн хүсэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж болно. Энэ үед хавдрын тохиолдлууд илэрдэг.

Мөн бид оношилгоо хийдэг байсан дурангаар хавдар дээр эмчилгээ хийдэг болсноороо давуу талтай. Хавдар III, IV үеийг дамждаг. Энэ нь хортой хавдар болтлоо хамгийн эрт үеийн хавдрыг байран өмөн гэдэг. Ийм болж хөгжтөлөө тодорхой шатуудыг дамждаг. Хатангиршил, хоргүй хавдар ч юм уу ходоодны ямар нэгэн урьтал өвчтэй байж эсийн хувиралд орж байран өмөн үүсдэг. Түүнээс I, II шатны хортой хавдар болж төлждөг. Тэгэхээр урьтал өвчнөөсөө байран өмөн хүртэлх тэр үед нь бид эсийн төвшинд оношилж, дурангийн хагалгаануудыг хийж байгаа. Энэ нь бидний ололттой тал болж байгаа юм.

-Хүмүүс ходоодны дурангийн хоолой бүдүүн байна. Үүнийг нарийсгаж болдоггүй юм уу гэж их асууж байна. Энэ талаар та юу хэлэхсэн бол?

-Үүнийг сонирхохоосоо илүү яаж ариутгадгийг сонирхох нь хамгийн чухал. Европ, Ази, АНУ-тай адилхан стандарттай бүдүүн, нарийн хэмжээ нь ижилхэн. Стандартаараа байдаг, нарийхан болгох боломжгүй. Яагаад гэвэл олон янзын оношилгоо, эмчилгээний багажуудыг шургуулж давхар шинжилгээ, дээж сорьц авна. Ходоод цус алдаж байвал тогтоох ажилбарыг хийдэг болохоор үүнээс нарийхан байх боломжгүй. Харин хамрын болон гуурсан хоолойн дуран ходоодны дурангаас 4-5 дахин нарийхан байдаг. Энэ дурангаар ходоодыг дурандаж болохгүй.

-Ходоодны шархнаас яаж урьдчилан сэргийлэх вэ. Энэ талаар зөвлөөч?

-Мэдээж урьдчилан сэргийлэлт хамгийн чухал. Дурангүй аймаг, дүүрэг гэж байхгүй, бүгд дурантай, мэргэжлийн эмчтэй. Тиймээс хүмүүс жилдээ нэг удаа, зовуурьгүй байхдаа дурандуулаад сурчих хэрэгтэй. Ингэснээр өөрийгөө хавдраас сэргийлж чадна. 40-өөс дээш насны хүмүүс хоёр жилд нэг удаа дурандуулах ёстой гэж үздэг юм билээ. Харин зовуурь илэрвэл тэр даруйдаа, өндөр зэргийн эсийн хувиралтай үед 3-6 сар, бага зэргийн эсийн хувиралтай үед нэг жилдээ харьяа газраа урьдчилж дугаар аваад ямар ч стрессгүйгээр үнэгүй үзүүлэх боломжтой.

Зураг