Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын “Распутин”-ий охиныг Дани улс шилжүүлж өгөхөөр боллоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийг огцроход хүргэсэн дуулианы эзэн Чой Сүүн Силийн төрсөн ганц охиныг Сөүлд шилжүүлж өгөх шийдвэрийг Данийн шүүх өчигдөр гаргалаа.

Экс ерөнхийлөгчийн эрх мэдэлд хутгалдаж, Өмнөд Солонгосын төрд асар их нөлөөтэй болоод байсан Чой Сүүн Силийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Оросын хаант засгийг далдаас удирдаж байсан гэгддэг Григорий Распутинтай зүйрлэж байсан юм.

Түүний охин, 20 настай Чун Юү Ра ээжийнхээ ивээл дор Германд тансаг амьдарч байжээ. Өмнөд Солонгосын эрх баригчид Чун Юү Раг баривчлах шийдвэр гаргасны дараа тэр нэгдүгээр сарын 1-нд визний хугацаа хэтрүүлсэн шалтгаанаар Дани улсад саатуулагдсан юм.

Сөүлийн хүсэлтээр Данийн прокурор өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Чун Юү Раг шилжүүлж өгөх шийдвэр гаргасан. Гэвч тэр өөрийгөө буруугүй гэж үзэн шүүхэд давж заалдсан учраас өнөөдрийг хүртэл Өмнөд Солонгост шилжүүлээгүй байсан юм.

Чой Сүүн Сил ерөнхийлөгчийн нөлөөг ашиглаж олсон авлигын мөнгөөр охиныхоо Европ дахь тансаг амьдрал, морин спортын бэлтгэлийг нь тэтгэж байсан гэгддэг.

Чой Сүүн Силийн хувийн санд хандив нэрээр авлига өгсөн гэгдэх Самсунг, Лотте, SK группын тэргүүнүүд шалгагдаж, ял аваад байгаа юм. Чой Сүүн Силд авлига авахад нь дэмжлэг үзүүлсэн шалтгаанаар экс ерөнхийлөгч Пак Гын Хэд мөн ял оноогоод байна.

 

Эх сурвалж: AFP