Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/20-НД НИЙТЛЭГДСЭН

Телевизийн од Билл О Рэйлли эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлсэн шалтгаанаар ажлаа орхилоо

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 20
iKon.MN
Зураг зураг

“Twenty-First Century Fox” компани өөрийн Fox News сувгийн нэрт хөтлөгч Билл О Рэйллитэй гэрээгээ цуцалж байгаагаа өчигдөр зарлалаа.

21 жил ажиллаж, тус сувгийн од болсон Билл О Рэйлли эмэгтэйчүүдэд бэлгийн дарамт үзүүлж байсан гэх дуулиан даамжирснаар ийм шийдэлд хүрсэн байна.

Билл О Рэйлли мэдэгдэлдээ “Ямар ч үндэслэлгүй шалтгаанаар ийм замыг сонгож байгаадаа маш их сэтгэл дундуур байна. Гэвч олны нүдний өмнө байдаг над шиг хүмүүс ингэж амьдрахаас өөр аргагүй байгаа нь өнөөдрийн эмгэнэлтэй бодит байдал юм” гэжээ.

Анх Нью-Йорк Таймс сонин дөрөвдүгээр сарын 1-нд мэдээлэхдээ Fox News суваг болон О Рэйлли нар нэрт хөтлөгчийн бэлгийн дарамтыг амссан гэх таван эмэгтэйн амыг таглахын тулд $13 саяыг төлсөн тухай баримт гаргасан юм. Эдгээр эмэгтэйчүүд нь О Рэйллитэй хамт ажиллаж байсан болон шоунд нь оролцож байсан хүмүүс байжээ. Тэднийг хэл амаар бэлгийн дарамтанд оруулдаг байсан гэж гомдоллосон юм байна. Харин О Рэйлли ингэж мөнгө төлснөө зөвхөн өөрийн хүүхдүүдэд уг маргааны тухай мэдэгдүүлэхгүй байх зорилгоор гэж тайлбарласан юм.

О Рэйллигийн хөтөлдөг “The O’Reilly Factor” шоу нь Fox News сувгийн хамгийн эрэлттэй контент гэгддэг. 2016 онд зөвхөн энэ шоу $147.13 саяын сурталчилгааны орлого олсон байдаг. Харьцуулбал “Twenty-First Century Fox” групп 2016 оны зургаадугаар сарын 30-наар дууссан санхүүгийн жилд $7.65 тэрбумын сурталчилгааны орлого олсон юм.

Гэвч Нью Йорк Таймс сонинд гарсан дуулиант нийтлэлийн дараа BMW, Allstate Corp, Sanofi SA зэрэг олон компани О Рэйллигийн шоунаас сурталчилгаагаа татаж эхэлжээ.

Гэхдээ шинжээчид О Рэйллийгийн шоу зогссон нь компанийн орлогод шууд нөлөөлөхгүй гэж дүгнэсэн байна. “The O’Reilly Factor” шоу энэ оны эхний улирлын байдлаар Fox News сувгийн хамгийн өндөр үзэлттэй контент болж, нэг дугаарыг нь дунджаар 4 сая хүн үзжээ.

“Twenty-First Century Fox” компанийн ТУЗ-ийг медиа салбарын томоохон бизнесмэн Руперт Мурдок хүү Лакланы хамт удирддаг бол гүйцэтгэх захирлаар мөн түүний хүү Жэймс ажилладаг юм.

 

Эх сурвалж: Reuters