Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ханбогд сумынхан эрүүл ахуйн шаардлага хангасан цэвэр ус хэрэглэж эхэллээ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN

 

         Өмнөговь аймгийн Ханбогд суманд анхны "Цэвэр Усан Хангамжийн Цогцолбор"-ын үйл ажиллагааг эхлүүлэх ёслол өчигдөр/2017.04.18/ болж, нутгийн иргэд эрүүл ахуйн шаардлагыг бүрэн хангасан цэвэр ус хэрэглэх боломжтой боллоо.

“Цэвэр усан хангамжийн цогцолбор” нь 6.9 сая ам.долларын өртгөөр баригдсан бөгөөд, Ханбогд сумын иргэдэд найдвартай, цэвэр ундны усыг 6.6 км шугам хоолойгоор дамжуулан хүргэх юм байна.

Г.Батсүх: Өмнөговь аймаг хилийн чөлөөт худалдааны бүс болох ирээдүйтэй
 

Оюу Толгойн ТУЗ-ийн дарга Г.Бат-Сүх “Усны бүрэн автоматжуулсан систем цогцолборыг байгуулах ажил нь манай хөрөнгө оруулалтын хэлэлцээр, бусад гэрээнүүд болон хамтын ажлын гэрээний хүрээнд хийгдэж байгаа томоохон бүтээн байгуулалтуудын нэг юм.

Энэхүү цогцолборыг барихад Оюу Толгой компанийн зүгээс 6.9 сая долларын санхүүжилт хийж, хоёр жилийн хугацааг зарцуулсан. Мөнгөн дүн гэхээсээ илүү хамгийн орчин үеийн, шинэ технологийг нэвтрүүлж байгаа учраас Ханбогд болоод бусад сумын хүн амын эрүүл энх амьдрах жишиг болсон.

Үүнээс гадна энэ жил Ханбогд сумаас Оюу Толгойн уурхайн цогцолбор хүртэлх 35км замыг байгуулахаар төлөвлөсөн. Барилгын ажил эхэлж байна.

Зам баригдсанаар орон нутгийн зөвхөн иргэдийн болоод ачаа барааны тээвэрлэлт хийхээс илүү говийн бүсийн эдийн засгийн иж бүрэн хөгжлийн үндэс суурьт нөлөөлөхүйц дэд бүтцийг бий болгоно гэж бодож байна.

 

Ханбогд сумыг Оюу Толгойн албан хаагчид суурьшин амьдрахаас илүүтэйгээр Монгол орны өмнийн говийн чөлөөт худалдаа, чөлөөт бүсийн томоохон хөгжлийн төв болгоно.

Урд хөршийн хилтэй ойр учраас хилийн чөлөөт худалдааны бүс ч болох ирээдүй харагдаж байна. Тиймээс цахилгаан, эрчим хүч, зам харгуйгаар хангах тал дээр онцгой анхаарна” хэмээн тайлбарлалаа.

Одоогийн байдлаар Цэвэр Усан хангамжийн цогцолборооор шүүгдсэн ус нь Ханбогд сумын 21, 22 дугаар цэцэрлэг, Засаг даргын тамгын газар, сургууль, дотуур байр болон эрүүл мэндийн төвтэй холбогдоод байгаа аж.

"Сумдын хэмжээнд хамгийн том анхны ус цэвэршүүлэх байгууламж нээгдэж байна"
 

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа “Монгол Улсын сумдын хэмжээнд хамгийн том анхны ус цэвэршүүлэх байгууламж үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа нь чухал ач холбогдолтой.

Манай Монгол орны говийн бүсэд нийт 53 нөөц тогтоогдоод байгаа. Эдгээрийн 15 нь хүн амын эрүүл ахуйн шаардлагыг хангадаггүй, эрдэсжилт ихтэй олон мянган жил хадгалагдсан устай байдаг.

Тэгэхээр эдгээрийг нийт хүн амын эрүүл ахуй шаардлагыг хангахад хүргэхэд 1.5гр/литр-ээс ихгүй хэмжээтэй байх ёстой. Өнөөдрийн байгууламж уг хэмжээнээс доош буюу бидэнд ирсэн мэдээллээр 1.12гр/литр болсон байна.

Энэ нь бүрэн хэмжээгээр эрүүл ахуйн шаардлагыг хангасан байна гэсэн үг.

Нөгөө талаас говь нутагт ус багатай учраас аль болох хэмнэлттэй зарцуулах нь чухал байдаг.  Үүнд ч мөн усан хангамжийн систем чухал үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа.

Тиймээс Байгаль Орчин, Аялал Жуулчлалын Яамнаас энэ ажилд чухал ач холбогдол өгч ажиллаж байна. Ханбогд сумын төвд хоёр газарт усны нөөц тогтоогдож, батлагдсан. Өнөөдрийн нээгдэж байгаа байгууламж зүүн хэсгийн усны нөөцийг ашиглах боломжтой юм” хэмээв.

“Цэвэр усан хангамжийн цогцолбор” нь эхний ээлжинд 13,000 хүн амыг ундны усаар хангах хүчин чадалтай бөгөөд цаашид хүчин чадлыг нь 35,000 хүн амыг ундны усаар хангах боломжтой болгон өргөтгөхөөр барьж байгуулжээ.