Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

“Хөрөнгө оруулалтын банкны хууль өрөөсгөл хөгжсөн БАНКНЫ ТОГТОЛЦООГ ЗАСНА”

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэхийг Эдийн засгийн Байнгын хороогоор өнөөдөр хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Б.Жавхлан тэргүүтэй 26 гишүүн санаачлан өргөн барьжээ. Энэ асуудлаарх гишүүдийн байр суурийг хүргэж байна.

Төсөл санаачлагчийн илтгэлийг Б.Жавхлан гишүүн танилцуулав.

Б.Жавхлан: Дотоодын банкуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хамгаалах боломжтой

“Дэлхийн эдийн засагт санхүүгийн зах зээлийн нэгдмэл байдал бий болж, энэ нь Монгол Улсын дотоодын банкны салбарт тусгалаа олж, өнөөдрийн байдлаар дотоодын зах зээлд үйл ажиллагаагаа явуулж байгаа нийт 14 банкнаас гадаадын хөрөнгө оруулалттай 8, гадаад улсын иргэн хувьцаа эзэмшдэг 3 банк үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Шууд хөрөнгө оруулалтаас гадна гадаадын банкны салбар ч манайд ажиллаж байсан туршлага бий. Тиймээс гадаад улсаас хөрөнгө оруулалттай банк, банкны салбар нь бидний хувьд цоо шинэ эдийн засгийн харилцаа биш юм.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад гадны банк байгуулах, банкны үйл ажиллагаа явуулах талаарх харилцааг Банкны тухай, Компанийн тухай, Хөрөнгө оруулалтын тухай хууль болон Монголбанкны зөвшөөрлөөр зохицуулж байна. Гэвч эдгээр зохицуулалт нь дотоодын банкны системийн хүч тэнцвэргүй өрсөлдөөнөөс сэргийлэх, гадаадаас хөрөнгө оруулалттай банкны Монголын эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээл дэх оролцоог тодорхой заах тал дээр учир дутагдалтай байгаа юм.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаадын хөрөнгө оруулалттай банк болон салбар нэгжийг зөвхөн тодорхой нөхцөлтэйгээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрөх, ингэхдээ томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авах үйл ажиллагааг зөвшөөрч, иргэдийн хадгаламж авах зэргийг хориглосон хууль эрх зүйн зохицуулалтыг бий болгох зайлшгүй шаардлага тулгараад байна.

Нийт 5 бүлэг 18 зүйлээс бүрдэж байгаа хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт дараах эерэг нөлөө үзүүлнэ.

Үүнээс голыг нь дурдвал гадаад валютын хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлж, богино хугацаанд эерэг нөлөө үзүүлэхийг зорих бөгөөд хамгийн чухал нь хөрөнгийн хоёрдогч захын урсгалыг нэмэгдүүлэх, түүнчлэн банк хоорондын захын хүүгийн суурь түвшин буурахад нөлөөлж, эх үүсвэрийн дундаж хугацааг уртасгах чухал хүчин зүйл болно.

Тодруулж хэлбэл зөвхөн богино хугацааны хадгаламжид суурилсан санхүүгийн эх үүсвэр бүхий өрөөсгөл байдлаар хөгжиж ирсэн манай банкны захын тогтолцоог засч, хөрөнгийн хоёр дахь зах руу капиталын урсгалыг нэмэгдүүлэх нь бодлогын гол зорилт байх ёстой.

Хэрэв бүрэн хяналтдаа байлгаж чадахгүй бол банкны захын хүч тэнцвэргүй өрсөлдөөн бий болж дотоодын банкны үйл ажиллагаа доголдох эрсдэлтэй юм.

Тийм учраас Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг тусад нь баталснаар гадны хөрөнгө оруулалт бүхий банк болон салбар нэгжийн Монголын санхүүгийн зах зээлд ажиллах тодорхой талбарыг зааглаж өгснөөр дотоодын банкуудын үйл ажиллагааны тогтвортой байдлыг хамгаалах боломж бүрдэнэ” гэсэн юм.

Л.Энх-Амгалан: 50-100 сая ам.долларын томоохон төслийн санхүүжилт хүсэхэд дотоодын банкууд гаргаж өгч чадахгүй

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Энэ хуулийн үзэл баримтлалыг дэмжиж байгаа. 2012 онд УИХ-аас баталсан Стратегийн салбарт хөрөнгө оруулагчдыг хязгаарлах тухай айхтар муухай хууль гараад үндсэндээ банк санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж байсан хөрөнгө оруулагчид мөнгөө татаад гараад явчихсан. Энэ хууль батлагдаж гарснаар Монголын банк санхүүгийн салбарт хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүсийн сонирхлыг татах, урмыг сэргээх зөв мессеж болох болов уу.

Хоёрдугаарт арилжааны банкны салбарт өрсөлдөөн оруулах цаг болчихсон. Сүүлийн 25 жилийн хугацаанд зах зээлийн эдийн засагт шилжсэнээр үндэсний баялаг бүтээгчид арилжааны банкуудын ашгийг нэмэхийн төлөө л ажилласан.

Жилийн 25-35 хувийн хүүтэй зээл аваад үйлдэрлэл эрхэлж буй улс орнууд дэлхийд ховорхон байх. Арилжааны банкуудад өрсөлдөөн оруулах, үндэсний баялаг бүтээгчдэд бага хүүтэй, хямд үнэтэй, урт хугацаатай эх үүсвэр татаж оруулах шаардлага бий. Ингэж байж эдийн засаг өсөх, тэлэх боломжтой.

Өнгөрсөн хугацаанд арилжааны банкуудын явуулсан бодлого эдийн засгаа дэмжсэн биш, боомилсон. Наад захын жишээ хэлэхэд л 50-100 сая ам.долларын томоохон төслийн санхүүжилт хүсэхэд дотоодын банкууд гаргаж өгч чадахгүй. Арилжааны банкууд сүүлдээ зээл өгдөг биш хадгаламж татаж, эргээд Засгийн газрын үнэт цаасанд байршуулдаг бизнес хийж байгаа. Нийт активынхаа бараг 30-40 хувийг Засгийн газрын үнэт цаасанд байршуулчихсан байна.

Тийм учраас хөрөнгө оруулалтын банк байгуулагдах эрх зүйн үндэс бий болох ёстой” гэв.

З.Нарантуяа: “Хөрөнгө оруулалтын банк” гэж олон улсын стандартад нийцсэн банкийг бий болгож байж хөрөнгийн захаа дэмжинэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Энэ хуулийг зайлшгүй гаргах шаардлага байгаа. Хуулийн төслийг дэмжиж байгаа. Хуулийн зохицуулалтын хүрээнд хамрах асуудлуудын тал дээр ажлын хэсгийн явцад нэлээн олон сайжруулах зүйлс бий.

Бид гадаадын хөрөнгө оруулалттай банкийг авчрахын тулд энэ хуулийг хийж байгаа юм уу, эсвэл хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн үйл ажиллагааг явуулдаг банкыг бий болгох замаар гадаадын хөрөнгө оруулалтыг татах уу гэдэг зарчмын хоёр өөр ялгаатай зүйл дээр анхаарахгүй бол хольж яриад байна.

Энэ хуулийн зорилго бол хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг “Хөрөнгө оруулалтын банк” гэж олон улсын стандартад нийцсэн банкийг бий болгож байж хөрөнгийн захаа дэмжинэ, санхүүгийн зах зээд дээр өрсөлдөөн бий болсны үр дүнд хүү буурна.

Дээр нь мэргэшсэн, төрөлжсөн үйл ажиллагаа явуулдаг энэ банкны харилцагч болох замаар олонх хөрөнгө оруулагч нар орж ирэх сайн үр дагавартай. Үүнийгээ сайн ялгаж ойлгохгүй бол одоо байгаа банкуудын 8 нь гадаадын хөрөнгө оруулалттай. Одоо бид хөрөнгө оруулалтын чиглэлээр мэргэшсэн, төрөлжсөн үйл ажиллагаа явуулах гэж байгаа гадаад, дотоодын үүсгэн байгуулагч зориулсан хууль хийх гэж байгаа юм.

Хөрөнгө оруулалтын банк нь хөрөнгөө өсгөе, эргэлтийн хөрөнгөө олъё, бизнесээ томруулъя гэж байгаа хүмүүст мэргэжлийн түвшинд зөвлөж, тусалдаг санхүүгийн институци” гэв. 

Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаанаар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэхийг дэмжлээ.