Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

"Богд ар" хорооллын оршин суугчдын эрх зөрчигдөж байна гэв

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Богд ар хорооллын оршин суугчидын төлөөлөл "Тэнгэрийн гэгээ" СӨХ-оос  "Богд Асар Инженеринг" ХХК-ий орон сууцны ашиглалтын конторыг эзэмших эрхийг түдгэлзүүлэх асуудлаар Нийслэлийн Засаг дарга С.Батболдод шаардлага хүргүүлэх тухай өнөөдөр мэдээлэл хийлээ. 

"Төрийн үйлчилгээг шууд авах нийт оршин суугчдын эрх зөрчигдөж байна"

Богд ар хорооллын оршин суугч Г.Нямдаржаа "Төрийн үйлчилгээг шууд авах нийт оршин суугчдын эрх зөрчигдөж байна. Богд Асар" ХХК нь 2015 оны 03-10 саруудад оршин суугчдаас ус, дулаан, цахилгааны мөнгө гэж 3,000-6,000 төгрөг нийт аж ахуйн нэгжүүдийг хамруулаад 80 гаруй сая төгрөгийг авч, хувьдаа завшсан байдаг.

Оршин суугчдаас хууль бусаар завшсан мөнгөө төлөөгүй. Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газраас энэ компаний хууль бус үйл ажиллагааг илрүүлсэн баримт ч бий. Өмнө нь "Богд асар" нэртэй компани байсан.

Одоо нэрээ өөрчлөөд "Богд асар инженеринг" болсон. 2016 оны 10 сараас шөнийн 24:00-08:00 цаг хүртэл халуун ус хаах, даралтыг зохих хэмжээнээс хоёр дахин бууруулж хүйтэн ус түгээн халуун усны үнэ тарифаар бодон авч иргэдийг дахин хохироосон.

Иймд "Богд ар" хорооллын 1,300 оршин суугчид гарын үсгээ зурж, уг компаний орон сууцны ашиглалтын конторыг эзэмших эрхийг түдгэлзүүлэх шаардлагыг хотын даргад хүлээлгэн өгөх болно" гэлээ. 

Нийслэлийн Засаг дарга С.Батболд Япон улсад айлчлал хийж байгаа учир оршин суугчдын төлөөлөл шаардах бичгээ НЗДТГ-ийн бичиг хэрэгт үлдээлээ.

Тэд үргэлжүүлэн шаардах бичгийнхээ хариуг нэхэж гомдол саналаа удирдах газарт хүргүүлэх болно гэдгээ мэдэгдсэн юм. 

 Мөн Эрчим Хүчний Зохицуулах Хорооны дарга А.Тлейханд гардуулж өгнө гэв.

Оршин суугчид энэ асуудлаар засгийн газрын 1111 төв болон бусад холбогдох төрийн эрх бүхий газруудад олон гомдол хүсэлт өгсөн боловч шийдэлд хүрээгүй байна.