Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Буянцогтоо: Олон улсын харилцаанд худал хэлэх стратеги байдаг

Х.Монголхатан
2017 оны 4 сарын 19
Зууны мэдээ
 

ШУТИС-ийн Нээлттэй инновацийн төвийн захирал Ц.Буянцогтоотой ярилцлаа.

-Сүүлийн үед олон улсын тавцан дээр ямархуу нөхцөл байдал үүсээд байна вэ? Дайн болох гээд байгаа ч юм шиг, ер нь л түгшүүртэй мэдээ их гарч байна. Та дэлхийн геополитикийн нөхцөл байдлын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Сүүлийн үед дэлхийн геополитикийн нөхцөл байдал хүчтэй өөрчлөгдөж байна. Тодорхойгүй нөхцөл байдал ихсэж, терроризм, цагаачлалын асуудал хурцдаж, олон улсын байдал тогтворгүй болж байгааг 1930-аад оны үетэй адилтгаж үзэж байна.

Дэлхий дээр 200 орчим тусгаар улс бий. Тэдгээрийн дотор эдийн  засаг, цэрэг, шинжлэх ухаан, технологи гээд бүхий л талаараа тэргүүлдэг өндөр хөгжилтэй орнууд байдаг. Түүнээс гадна дэлхийн тавцан дээрх тоглоомын дүрмийг тодорхойлоход голлох үүрэгтэй ноёлогч улс гэж байдаг. Энэ бол дэлхийн түүхийн явцад оршиж ирсэн бодит үнэн.

1200-1500 онд Их Монголын эзэнт гүрэн дэлхийд ноёлогч улс байв. 1500-аад оноос далайн байлдан дагуулалт эхэлж, Испани, Португал, Франц, Англи гэх мэт улсууд дэлхий даяар колоничлолын бодлого явуулж, 1900-аад оны эхэн хүртэл ээлжлэн ноёлогч улсын суурийг эзэлж ирсэн түүхтэй.

Дэлхийн түүх бүхэлдээ дайны түүх байж ирсэн гэхэд буруудахгүй. Хүн гэдэг амьтан байгалиасаа түрэмгий шинжийг агуулж төрдөг, бие биедээ чоно мэт байдаг тухай эрдэмтэд тэмдэглэсэн байдаг. Тийм учраас хүнээр удирдуулсан улсууд ч хоорондоо мөнхийн өрсөлдөөн, түрэмгийлэл өрнүүлж байдаг.

Дэлхийн 1, 2-р дайн бол мөнөөх ноёлогч байр суурийн төлөөх дайн байсан гэж болно. Д2Д-ны дараагаар Ялтын гэрээгээр тогтсон дэг журам өнөөг хүртэл үргэлжилж ирлээ. 1945 онд НҮБ шинэчлэгдэн байгуулагдаж, дэлхий нийтийн асуудлыг зохицуулах үүрэг хүлээж ирсэн.

Д2Д-ы дараа дэлхий ертөнц бүхэлдээ хүйтэн дайны гэх үе рүү шилжиж, бие биедээ эрс дайсагнасан 2 туйлд хуваагдсан юм. Энэ байдал 1991 онд ЗХУ аяндаа нуран унаснаар дуусгавар болж, АНУ гэх ганц ноёлогч улс бүхий эрин үе рүү шилжсэн юм.

2008 оны дэлхийн эдийн засгийн хямралыг олон улсын геополитикт эргэлтийн шинжтэй өөрчлөлт авчирсан онцгой жил болсон гэж зарим судлаач үздэг. Учир нь энэ хямралаар дэлхийн ноёлогч улс АНУ-ын байр суурь муудаж, ялангуяа эдийн засгийн хувьд ихээхэн суларсан. Харин, нөгөө талд Хятад улс эдийн засгийн хувьд хүчирхэгжин гарч ирсэн. АНУ эдийн засгийн хямралд өртөж хүнд байдалд орж байхад, Хятадын эдийн засаг 10 гаран хувиар өсөж, дэлхийн 2 дахь том эдийн засаг болон хүчирхэгжин гарч ирсэн. Тиймээс, 2008 оноос хойших үеийг дэлхий буцаад хоёр туйлт болсон үе гэж зарим хүн хэлдэг.

-Гэхдээ, энэ бол зөвхөн эдийн засгийн хүчин чадал талаас авч үзсэн байр суурь уу?

-Тийм. Хэдийгээр АНУ эдийн засгийн хувьд өмнөхөөсөө суларсан ч гэлээ, цэргийн болон бусад талаараа хүчтэй хэвээрээ байгаа. Түүнтэй харьцуулахад Хятад улс цэргийн хүчин чадал, олон улсын харилцааны тоглоомын дүрэмд үзүүлэх нөлөөгөөрөө хараахан Америктай эн дүйцэх түвшинд очоогүй байна. Гэхдээ тэдэнд дэлхийн ноёлогч улс болж, АНУ-тай дүйцэж очин, дэлхийг хуваан хяналтдаа оруулах амбиц дүүрэн буй.

2008-2016 онд АНУ-ын ерөнхийлөгч байсан Барак Обама “АНУ дэлхийн цагдаагийн үүрэг гүйцэтгэхгүй” хэмээн мэдэгдэж байсан нь Америкийн үнэмлэхүй ноёрхогч байр суурь суларсны илрэл мөн биз ээ. Обамагийн гадаад бодлого ихээхэн аядуу зөөлөн байж ирснийг зарим хүн “маш сул бодлого явуулсан” гэж шүүмжилдэг.

Обамагийн үед гарсан нэг томоохон эргэлт бол АНУ-ын зүгээс Ойрх Дорнодын талаар явуулах бодлого эрс өөрчлөгдсөн явдал юм. Дэлхийн геополитикт энергийн бодлого томоохон байр суурь эзэлж ирсэн түүхтэй. Дэлхийн газрын тосны нөөц хязгаарлагдмал, магадгүй 2050 он гэхэд дэлхий даяар энергийн хомсдолд орж болзошгүй гэх үзэл давамгайлж байв. Жишээлбэл АНУ-ын газрын тосны нөөц 2016 он гэхэд дуусна гэх маягийн таамаглал ч байв.

Гэтэл, сүүлийн жилүүдэд Америкт занар олборлох технологи хөгжиж, газрын тосноос ялгаагүй өртгөөр олборлож чаддаг болсноор АНУ дэлхийд энергийн хамгийн их нөөцтэй улс болон хувирсан юм. Ийнхүү сүүлийн 100-аад жил АНУ-ын гадаадын бодлогын цөм байж ирсэн Ойрх Дорнодын бүс нутгийн ач холбогдол багассан нь гэнэтийн өөрчлөлтийг авчирсан юм. За энэ мэт томоохон өөрчлөлтүүд дэлхийн геополитикт гарч байна.

-Хамгийн сүүлд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль бас ихээхэн дуулиан дагууллаа?

-Сонгуулийн кампанит ажил өөрөө ихээхэн анхаарал татсан, урьд өмнө байгаагүй сюрпризээр дүүрэн, дэлхийн хүн ардыг гайхшируулсан онцгой үйл явдлаар дүүрэн байлаа. Үр дүнд нь Трамп хэмээх ихээхэн өвөрмөц, сонирхолтой гэмээр зан төрхтэй ерөнхийлөгч төрөн гарч ирж, 7 хоног бүр сюрприз барьсан үйл явдлууд тасралтгүй өрнөж байна.

Трамп Обамагийн бодлогыг эрс буруушааж байгаагийн дээр АНУ-ын уламжлалт бодлогыг ч нэлээд өөрчлөх шинжтэй. Тэрбээр эдийн засгийн глобализмийн эсрэг бодлого явуулна гэдгээ зарлаад байгаа. Чөлөөт худалдааны гэрээг өөрчилж, улс бүртэй тулж гэрээ хэлцэл хийнэ гэсэн байр суурьтай. Товчхон хэлбэл Д2Д-аас хойш явж ирсэн дэг журам өөрчлөгдөх шилжилтийн үе дээр явж байна гэж хэлж болохоор байна.

-АНУ Хойд Солонгостой дайн зарлах уу? Энэ Хойд Солонгос ер нь ямар учиртай улс вэ?

-АНУ-ын зүгээс Ойрх Дорнод, Европ, Украйн гэхчлэн дэлхийн өөр бүс нутгуудын бодлого дээрээ төвлөрөн завгүй байх хойгуур Хойд Солонгос цөмийн зэвсгийн хөтөлбөр идэвхтэй хэрэгжүүлж, өнөөгийн аюултай түвшинд хүрч амжсан гэж үзэх нь бий.

Японы аюулгүй байдлын салбарын талаар судалгаа хийдэг нэг эрдэмтний ярьснаар бол арай өөр шалтгаан ч байж болох юм. Тэр судлаачийн хэлснээр бол 2003 оны үед Япон, Хойд Солонгос улс хоёрын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг АНУ-ын зүгээс зориудаар зогсоож харилцааг таслуулсан байх магадлалтай юм байна. Учир нь хэрвээ тэрхүү гэрээг хэрэгжүүлээд явбал Солонгосын Хойгт Японы нөлөө ихсэж, улмаар тэр нь АНУ-ын эрх ашигт харшилж болзошгүй гэх болгоомжлолоос үүдэн тэрхүү гэрээг зориудаар таслан зогсоосон байж магадгүй юм байна. Энэ бол ортой үндэслэл. Өмнөд Солонгос улс ерөнхийдөө Японтой төстэй, хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа ихээхэн өргөн хүрээнд явагддагийг бид мэднэ.

Юутай ч өнөөдөр Хойд Солонгос цөмийн зэвсэгтэй улс болж чаджээ. Тэр улс өөрийн сонгосон зам дээр итгэлтэй зогсож байна. Хуучин Зөвлөлт лагерийн улсуудаас ганцаараа үлдлээ. Өөрсдөдөө итгэлтэй байж, бусдын нөлөөнд автахгүй байхын тулд янз бүрийн арга тактик хэрэглэж, төр улсаа гаднын нөлөөнөөс хамгаалахаар зүтгэж буйг нь харахад нэг талаас хүндэлмээр ч юм шиг. Мэдээж бидний зүгээс харахад ойлгомжгүй, шүүмжлүүштэй зүйл маш их бий. Гэхдээ, тэд өөрийн асуудлыг бие даан шийдэх эрхтэй тусгаар тогтносон бүрэн эрхт улс юм.

-Трамп Хойд Солонгосын талаар хатуухан бодлого барина гэдгээ удаа дараа илэрхийлээд байна. Цаашид яах бол?

-Тэр энэ бодлогоо хэрэгжүүлэхэд Хятад улсыг хамтран ажиллахыг уриалсан. Сая Хятадын дарга Ши Жинпинтэй хийсэн дээд хэмжээний уулзалтаараа нэлээн томоохон стратегийн нүүдэл хийж, Хойдын асуудал дээр хамтран ажиллахыг үндсэндээ “тулгасан” бололтой юм. Ши Жинпинийг хүлээж авсан анхны өдрийн оройн зоог барьж байхдаа Сири рүү пуужингаар харваснаа мэдэгдэж сюрприз барилаа. Гаднаас нь харахад энэ хоёрын уулзалт тийм ч амжилттай болсонгүй гэж ажиглагчид үзэж байна. Ялангуяа Ши Жинпиний хувьд нэлээд дарамттай уулзалт болсон шинжтэй. Гэвч, тэд Хойдын асуудлаар нягт хамтран ажиллахаар тохиролцсон бололтой.

Дайн болох эсэх талаар гэвэл тийм ч амархан дайн хийгээд унахгүй биз ээ. Хойд Солонгос хэдийгээр эдийн засгийн хөгжлөөр тааруу, буурай улс боловч тэд цөмийн зэвсэгтэй. Байнга цэрэг, дайны бэлтгэл хийж байдаг. Тийм ч амар ялагдахгүй.

Сая өвөг эцгийнхээ 105 насны ойгоор пуужингийн туршилт хийсэн нь амжилтгүй болсон байна. АНУ кибер халдлага хийх замаар туршилтыг амжилтгүй болгож чадлаа гэсэн нэг таамаг явж байхад, Хойдууд өөрсдөө зориуд амжилтгүй болгосон байж магадгүй гэх бас нэг таамаг явж байна.

Хойд Солонгосын үйлдлийг ажиглаж байхад тэд яав ч тэнэг, бодлогогүй нөхөд биш, харин ч геополитикийн стратегийн онол практикийг мэддэг, үйлдэл бүрээ олон талаас нь бодож байж бодлогоо гаргадаг, хэрэгжүүлдэг юм биш үү гэж бодогдохоор байгаа юм. Манайхан тэдний тэрхүү сэтгэлгээг судалж үзэхэд илүүдэхгүй л болов уу.

-Хятад, Хойд Солонгосын хооронд ямар харилцаа, ямар эрх ашиг байна вэ?

-Хойд Солонгос, Хятад хоёр бол уламжлалаараа их сайн харилцаатай явж ирсэн улсууд. Солонгосын дайнд нэг тал болж дайтаж байсан түүхтэй. Худалдаа, эдийн засгийн талаар идэвхтэй харилцаатай. Хойд Солонгосын эдийн засагт Хятад томоохон байр суурьтай гэж болно.

Энэ залуу ерөнхийлөгчийн үеэс хоёр улсын харилцаанд бага зэрэг хөндийвтөр харилцаа ажиглагдаж ирсэн юм. Түүний учрыг янз бүрээр тайлбарладаг. Саяхан алагдсан Ким Жон Уны эцэг нэгтэй ахыг Хятадууд дэмжиж, Хойд Солонгосын төрийн тэргүүнд тавьж магадгүй, тэр зорилгын төлөө хэдэн жилийн өмнө цаазаар авхуулсан авга ахыгаа хятадуудтай холбоотой гэж харддаг байсан гэх яриа байдаг.  Энэ залуу ерөнхийлөгч өнөө хүртэл Хятад ч юм уу, ямар нэг гадаад улсад айлчлаагүй байгаа байх шүү.

Хятадууд үнэхээр тийм төрийн эргэлт хийх санаатай байсан уу, эсвэл тэр бол зүгээр хаа нэгтэйгээс энэ 2 улсын хооронд яс хаясан хэрэг байсан уу, хэн ч тодорхой хэлж мэдэхгүй байх. Хятадын зүүн өмнө хил дээрх Хойд Солонгост дайн болох нь Хятадад ихээхэн эрсдэлтэй, ямар ч ашиггүй. Ер нь дайн хэнд ч ашиггүй. 

-Америк Сирид цохилт өгсөн байгаа. Трамп Ойрх Дорнод, Хойд Солонгос гэсэн 2 фронтод зэрэг дайн хийнэ гэсэн үг үү? Дэлхий буцаад хүйтэн дайны байдалд шилжих үү?

-АНУ бол оргил үеэ өнгөрөөд хүч нь суларч яваа ноёлогч улс. Эдийн засгийн хүчин чадал нь урьдынх шигээ мундаг биш болж байна. Дотооддоо, нийгэмдээ нэлээд асуудалтай. Ард түмэн нь хуваагдмал байдалд орсон, орлогын ялгаа маш өндөр болсон гээд тоочвол асуудал их байх шиг. Өнөөгийн ерөнхийлөгч сонгуульд ялж гарч ирсэн шалтгааныг ч үүнтэй холбож үзэж байна. Шулуухан хэлэхэд АНУ аль ч фронтод дайн хийхгүй байх магадлал өндөр.

Хэрвээ тэгээд хаа сайгүй дайн хийгээд унавал наанадаж өөрийн улсын хүчин чадал улам суларч таарна, цаанадвал ялагчгүй дайн урт хугацаагаар үргэлжилж мэднэ. Тиймээс өнөөдөр Трампын засгийн газраас илэрхийлж буй алхмууд бол стратегийн нүүдэл хийж байгаа байх гэж бодож байна. Ер нь олон улсын харилцаанд психологийн дайн гэмээр зүйл бол энгийн үзэгдэл байдаг.

-Сири рүү пуучин харвасан тухайд?

-Энэ бол цэвэр стратегийн нүүдэл байх аа. Харин, пуужин харвах болсон шалтгаан гэгдэж байгаа “Ассадын тал химийн зэвсэг хэрэглэсэн” гэдэг яриа бол тун эргэлзээтэй. ОХУ, Ассадын ЗГ-тай хамтран сүүлийн 2 жил шахам шаргуу тэмцсэний дүнд Исламын улс бүлэглэлийг ихээхэн сулруулж, магадгүй энэ чигээрээ явбал иргэний дайн удахгүй дуусаж магадгүй гэж байсан эгзэгтэй үед Ассад өөрийгөө хорлох гэж байгаа юм шиг химийн зэвсэг хэрэглэн олон улсын нийгэмлэгийг өөрийн эсрэг босгомооргүйсэн.

-НАТО-ийн орнууд, Япон гээд олон улс Трампыг дэмжиж байхад Сирид болсон явдлыг үгүйсгэх нь хэр үндэстэй вэ гэж мэтгэх улсууд байна лээ? 

-Дэмжиж байгаа улсын тоо олон гэдгээр нь тухайн үйл явдлыг үнэн гэж үнэмшиж болохгүй л дээ. Олон талаас мэдээлэл авч, шинжилж байж, өөрийн гэсэн дүгнэлт гаргаж байвал сайн. Ерөнхийдөө АНУ-ын тал Сири рүү хийсэн ажиллагаагаа урьдчилан сайтар бэлдэж байж хийсэн бололтой.

Энэ талаар MIT-ийн хүндэт профессор, урьд нь Пентагонд зөвлөхөөр ажиллаж байсан эрдэмтэн Ассадыг химийн зэвсэг хэрэглэсэн гэх үндэслэл худлаа байх магадлал өндөр гэсэн судалгаа гаргаж эсэргүүцсэн байна билээ. Гэх мэтээр олон улсын харилцаанд шууд ойлгоход төвөгтэй зүйл асар их болдог.

2013 онд дээрхтэй төстэй үйл явдал болж, Ассадын тал химийн зэвсэг хэрэглэсэн тул Сири рүү дайн хийнэ гэж Обама гэнэт зарласан юм. Үүнийг Оросын тал эсэргүүцэж НҮБ-ээс хөндлөнгийн шалгалт оруулахыг уриалсан. Шалгалтын үр дүн Ассад биш, эсрэг талынхан химийн зэвсэг хэрэглэсэн байх магадлал өндөр гэж гарсан байх жишээтэй. Тэглээ ч гэсэн Обамагийн зарласан дайныг АНУ-ын гол холбоотон Их Британи, Франц хоёр дэмжихгүй гэсэн учраас тэрбээр арга буюу гаргасан шийдвэрээ цуцлахад хүрч байв.

Ер нь тиймэрхүү “худал хэлэх”, “хуйвалдах” гэх мэт тактикийн алхам хийх нь олон улсын харилцаанд түгээмэл байдаг арга мэх гэж болно. Өөр өөрийн эрх ашгийг эрхэмлэсэн дайнд талууд стратеги, тактикийн янз бүрийн нүүдэл хийдэг. Тэр бүхнийг ойлгосны үндсэн дээр болж байгаа үзэгдэлд дүн шинжилгээ хийж байж дүгнэлт гаргах нь зүйтэй.

-Тэгэхээр дэлхийн шинэ дайн болох магадлал бага байна гэсэн үг үү?

-Тийм болов уу гэж бодож байна. Гэхээсээ илүүтэй тэгж найдаж байна. Дэлхий дээр дайн хийхийг хүсдэг тийм хүчин байдаг бололтой юм. Түүнийг бас ойлгох хэрэгтэй. Трампын засгийн газар Хойд Солонгостой дайн хийхэд бэлэн байна гэх мэтээр мэдэгдэж буй нь бодлогын алхмууд биз ээ, удахгүй талууд харилцан тохиролцох биз гэж найдаж байна.

Зураг