Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Хөх ордны тэргүүн хэн болох вэ

Б.Даваахүү
2017 оны 4 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

БНСУ-ын Ерөнхийлөгчийн ээлжит бус сонгуулийн санал хураалт ирэх сарын 9-нд болно. Харин сонгуулийн кампанит ажил энэ сарын 17-ны өдрөөс албан ёсоор эхэлжээ. БНСУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд 15 улстөрч нэр дэвшин өрсөлдөж байгаа бөгөөд үүнээс Ардчилсан намын Мүүн Жэ Ин, Ардын намын Ан Чёл Сү нарын хооронд гол өрсөлдөөн явагдана хэмээн шинжээчид үзэж байна.

Тус улсын анхны эмэгтэй Ерөнхийлөгч Пак Гын Хе авлига, албан тушаалаа урвуулан ашигласан, төрийн нууц задруулсан зэрэг хэрэгт холбогдсоны улмаас өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард парламент итгэл үзүүлэх эсэх асуудлаар санал хурааж, дийлэнх нь эсрэг байр суурь илэрхийлснээр огцорсон билээ. Улмаар парламентын шийдвэрийг Үндсэн хуулийн цэц дэмжсэнээр Хөх ордноос нүүсэн юм.

Мөн эдүгээ цагдан хорих төвд хоригдож, таван удаа мэдүүлэг өгсөн бөгөөд прокурорууд мөн энэ сарын 17-нд яллах дүгнэлт үйлдсэн тухай орон нутгийн эх сурвалжууд мэдээлж байна. Угтаа Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн бүрэн эрхийн хугацаа энэ оны арванхоёрдугаар сард дуусах байсан юм. Гэвч хугацаанаасаа өмнө огцорсон тул ээлжит бус сонгуулийн товыг ирэх сарын 9-нд зарласнаар сонгуулийн сурталчилгаа албан ёсоор өнгөрөгч даваа гарагаас эхлээд байна.

Таван жилийн дараа болж буй энэ удаагийн сонгуульд нийтдээ 15 хүн нэр дэвшиж байгаа. Тэгвэл тэдний нэг болох хамгийн том улс төрийн хүчин болох Ардчилсан намаас нэр дэвшиж буй Мүүн Жэ Ин кампанитаа Ерөнхийлөгч асан Пак Гын Хегийн төрсөн нутаг Даэгү хотоос эхлүүлжээ.

Зүүнийг баримтлагч Мүүн Жэ Ин Өмнөд Солонгосын томоохон корпорациуд зах зээлд ноёрхож, одоогийн улс төрийн хямралын дөм болж байгаа байдалд шинэчлэлт хийнэ гэж мэдэгдсэн бөгөөд дээрх компаниудыг Өмнөд Солонгос дахь шударга бус байдлын эх үүсвэр гэж нэрлэсэн байна.

Тэрбээр Ерөнхийлөгчийн ажлын өрөөг Засгийн газрын байр руу нүүлгэж, одоогийн Ерөнхийлөгчийн ордонг олон нийтийн музей болгоно хэмээн амлажээ. Мөн Мүүн Жэ Ие Хойд Солонгостой дайсагнасан бус харилцаатай байхыг эрхэмлэдэг байна. Тэр ч үүднээс хэрэв Ерөнхийлөгч болбол хамгийн түрүүнд АНУ бус Хойд Солонгост айлчилна гэж мэдэгдэж байжээ. Солонгосын хойгийн цус асгаруулсан дайнаас хойш хоёр улсын төрийн дээд албан тушаалтнууд хоёр удаа л уулзаж байсан аж.

Харин “Ардын нам”-аас нэр дэвшиж буй Ан Чёл Сү Сөүл хотын зах хэсэгт байрлах далайн замын хөдөлгөөний төвд зочилж “295 хүн амиа алдсан Севол хөлгийн ослоос хойш гурван жил өнгөрчээ. Би ард түмнийхээ амь нас, аюулгүй байдлыг хангадаг улсыг байгуулах болно” хэмээн энэ үеэр онцолсон байна.

Дашрамд дурдахад, хамгийн сүүлд явуулсан олон нийтийн санал асуулгад Ардчилсан намын Мүүн Жэ Ин хамгийн рейтинг өндөртэй байжээ. Тус санал асуулгыг гол таван улс төрийн хүчнээс нэр дэвшигчдийн рейтингийг тандах зорилгоор явуулсан байна. Ингэхэд Мун Жэ Ин 40 хувь, Ан Чёл Сү 37 хувь, “Эрх чөлөөт Солонгосын нам”-ын Хон Жү Пё долоон хувийн дэмжлэг тус тус авчээ. Үүнээс Ардчилсан нам, Ардын намын нэр дэвшигчдийн хооронд голлор өрсөлдөөн явагдана гэж шинжээчид таамаглаж байгаа юм. Сонгуулийн сурталчилгаа гурван долоо хоног үргэлжлэх бөгөөд 50 сая Өмнөд Солонгосчууд ирэх таван жилд эх орныг нь чиглүүлэх удирдагчаа сонгох билээ.

Зураг