Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Зундаа бүсчлэл тогтоох шаардлага алга

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 19
Монголын мэдээ
Зураг зураг

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцээд нийслэл нэгэн дүрэм үйлчилж эхэлдэг нь дугаарын хязгаарлалтын тэлэлт. Өөрөөр хэлбэл, НИТХ-ын тогтоолоор Улаанбаатар хотын авто замын ачааллыг бууруулах цогц арга хэмжээний хүрээнд нийслэлд бүсчлэл тогтоож, автомашины улсын дугаарын сүүлийн оронгоор хязгаарлаж замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалттай болсон билээ. Үүний дараа НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор улсын дугаарын хязгаарлалтын цагийн хуваарь, замын бүсчлэлд өөрчлөлт оруулсан юм. Ингэхдээ дугаарын хязгаарлалтын цагийн хуваарийг улирал хамаарахгүй 08:00-20:00 цаг болгон өөрчилж, замын бүсчлэлийн хамрах хүрээг өвлийн улиралд багасгаж, зуны улиралд тэлэхээр зохицуулалт хийсэн.

Энэ дагуу зуны улиралд хорооллын эцсийн уулзвар, МҮОНРТ-ийн уулзвар, 32-ын уулзвар, Долоон буудлын арын цагдаагийн пост, Дамбадаржаагаас Бэлх салдаг, КТМС-ийн урд аюулгүйн тойрог, Офирцерийн тойрог, ХСИС, Чулуун овооны уулзвар, Дүнжингарав худалдааны төвийн урд уулзвар, Их тэнгэрийн ам, ХААИС-ийн уулзвар, Яармагийн гүүр, ТЭЦ 4-ийн замын уулзвар, Геологийн төв лабораторийн уулзвараас хязгаарлалтын цэг эхэлж, хүрээгээ тэлсэн.
 

Тус тогтоол хэрэгжиж эхэлснээр Улаанбаатар хотод тогтмол замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслийн тоог 50 хувиар бууруулах боломжтой хэмээн тооцоолсон байдаг. Гэтэл дээрх тогтоолтой, тогтоолгүй зуны улирал эхэлмэгц л Улаанбаатар хот дахь авто замын хөдөлгөөн 50-иас илүү хувиар буурч байгаа нь хэний ч нүдэнд илхэн. Учир нь Монгол Улсад сүүлийн жилүүдэд авто зам, дэд бүтэц хурдацтай хөгжиж, нийслэлийг 21 аймагтай хатуу хучилттай замаар холбосон.

Хоёр, гурван хоног элэг бөөрөө савчуулан барин очдог газартаа 6-9 цаг яваад л оччих боломжтой болсон. Тиймээс ч нийслэлчүүдийн нэлээд хэсэг нь жилд нэг удаа тохиож буй нарлаг сайхан өдрүүдийг тоостой хот, чийгтэй байшинд өнгөрөөхөөс татгалзаж, гэр бүлээрээ хөдөө орон нутгийг зорьж байна. Ямар сайндаа л зуны амралтаараа Хөвсгөл аймгийг зорьсон хэдийнхээ 22-ын товчоонд түгжирч буй зургийг аваад “Хөвсгөлөөс буцаж ирэгсэд” хэмээн сошиал ертөнцөд шоглож байх вэ дээ.

Мөн Улаанбаатар хотын хүн амын тоог жил бүр нэмэгдүүлдэг оюутан залуус ч хавар хичээл хаагдахтай зэрэгцээд л хотыг орхин гэр гэрийн зүг явцгаадаг. Ингээд бодохоор зуны улиралд замын бүсчлэлийн хамрах хүрээг тэлэх ч шаардлага алга. Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцдог автомашины 50-иас илүү хувь нь хотоос гарчихаар түгжрэл үүсэх нь юу л бол.

Ядаж хотдоо үлдсэн хэд нь дугаарын хязгаарлалт, бүсчлэлийн тэлэлт гэж санаа зовох зүйлгүй замын хөдөлгөөнд оролцож баймаар байна. Үлдсэн хэд нь ойрхон зуур лагер яваад оройхон нь хүрээд ирье гэхээр л дугаарын хязгаарлалт, бүсчлэлээс болж заавал 20:00 цагийг хүлээх шаардлага гарч байна. Ёстой л нэг үлгэрийн далай гэдэг шиг хүнгүй шахам хот руу орох гэж оройн 20:00 цагийг хүлээцгээх нь нэг сая 500 мянга хол давсан хүн амтай мега хотын хувьд эмгэнэлтэй ч юм шиг. 2014 онд гаргасан энэхүү тогтоолд засах зүйл байгааг одоогийн бодит байдал ядах юмгүй харуулах биз.

Зун цаг ч хаяанд ирчихлээ. Эхнээсээ гол мөрөн хайлж, өвсний үндэс цухуйж, амьтан хүн амарч, зугаалаад эхэлчихлээ. Тиймээс нийслэлийн удирдлагууд дугаарын хязгаарлалтын зуны хуваарийн тэлэлтийн талаар дахин нэг бодмоор юм. Үгүй бол бүхэл бүтэн тусгаар тогтносон улсынхаа нийслэлд үлдсэн цөөхөн хэдэн иргэд нь ойрхон зуур гарсныхаа төлөө 08:00-20:00 цаг өнгөртөл хэдэн товчоогоо манаад л амарсан ч юмгүй зуныг барах нь.

Зураг