Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/19-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп “Америк барааг ав, Америк хүнийг ажиллуул” зарлигаа гаргалаа

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Висконсин дахь үйлдвэрт зочилсныхоо дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ээлжит зарлигтаа гарын үсэг зурсан нь Америкт үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг хамгаалах, гадаад ажилчдын визний бодлогыг өөрчлөх зорилготой байлаа.

Ингэснээр төрийн бүх байгууллагууд Америк бараа бүтээгдэхүүнийг гадаадын бараа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхөд дэмжлэг үзүүлэх, гадаад ажилчдад зориулсан H-1B визний хөтөлбөрийг шинэчлэхээр болж байна.

Цагаачлалын алдаатай бодлогын улмаас компаниуд америк ажилчдыг хямд зардалтай гадаад ажилчдаар сольж байсныг одооноос эхлүүлэн зогсооно гэж Трамп хэлсэн юм. “Манай үйлдвэрүүд хаагдаж, ажлын байрууд бусдын мэдэлд очихыг бид удаан хугацаанд харлаа” гээд Хятад улс Дэлхийн Худалдааны Байгууллагад элссэнээс хойш 70,000 орчим үйлдвэрийг нь булаасан гэж ярьжээ.

“Сонгуулиар иргэд Америкийн хөгжлөөс хулгайлахыг зогсоох сонголт хийсэн. Тэд ажлын  байраа эргүүлж авах, Америк мөрөөдлийг буцааж авчрах сонголт хийсэн” гэж Трамп хэлсэн байна.

Мөн тэрээр Америкт хэрэгжих төсөл бүрт Америк бараа бүтээгдэхүүн ашиглагдах ёстой гээд засгийн газрын байгуулсан гэрээ бүрийг ингэж чадаж байгаа эсэхийг нягталж шалгана гэжээ.

Зарлигийн талаар Цагаан ордон мэдээлэхдээ “Америк барааг ав, Америк хүнийг ажиллуул” бол хоосон уриа биш, Трампын засаг захиргааны бодлогын цөм хэсэг юм гээд сүүлийн хэдэн арван жилийн хугацаанд “Америкийг бүтээн байгуулсан ажилчин ангид” анх удаа анхаарал тавьсан засгийн газар гэж Трампын багийг тодорхойлжээ.

 

 Эх сурвалж: Russia Today