Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Google компани ОХУ-д $8 саяын торгууль төлөхийг зөвшөөрчээ

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын технологийн компани Google ОХУ-ын засгийн газарт 438 сая рубль буюу $8 саяыг торгуульд төлөхийг зөвшөөрсөн байна.

Тус компанийг Оросын Андроид системтэй гар утасны зах зээлд хэт давуу байр суурийг бий болгож, өрсөлдөөнийг хязгаарласан гэж буруутгасан юм. Оросын Яндекс компани гомдол гаргагч нь бөгөөд Андроид системтэй бүх утаснуудад зарагдахаас нь өмнө Google-ийн програмуудыг суулгасан байх нөхцлийг гар утас үйлдвэрлэгчдэд тулгасан нь ижил төстэй бизнес эрхлэгчдэд өрсөлдөөний тэгш бус нөхцөл үүсгэж байна гэжээ.

ОХУ­-ын шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газар 2015 оны арваннэгдүгээр сард Google компанид торгууль тавьсан. Түүнээс хойш Google хэд хэдэн удаа шүүхээр давж заалдсан ч бүгдэд нь ялагджээ.

Зөвхөн Орост биш, бас Европын Холбоо Google компанийг ийм шалтгаанаар буруутгаж байгаа юм. 2016 оны дөрөвдүгээр сард Европын Холбоо Google компанийн асуудлыг шалгаж эхэлсэн. Тус холбооны Өрсөлдөөний асуудал хариуцсан коммиссар Маргарет Вестагер “Хайлтын системүүд, мобайл үйлдлийн системүүд тэгш шударгаар өрсөлдөж чадахгүй байгаа нь сайн зүйл биш” гэж тухайн үед хэлж байжээ.

Хэрвээ Европын Холбооны шалгалтаар Google буруутай нь тогтоогдвол $7.4 тэрбумын торгууль хүлээх юм.

 

Эх сурвалж: Russia Today