Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятад, Хойд Солонгос улсууд нууц хэлэлцээр хийж байгаа тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хятад улс Хойд Солонгостой нууц хэлэлцээр хийж, цөмийн хөтөлбөрийг нь зогсоох нөхцлийг ярилцаж байгаа тухай Хонг Конгийн цэргийн шинжээч Лянь Гуолянь Тайваний Мэдээллийн Төв Агентлагт ярьжээ.

Тус мэдээлэлд өгүүлснээр Пьёньян Хятадаас аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг хангах баталгаа шаардаж, хариуд нь цөмийн хөтөлбөрөө гурван жилийн дотор зогсоох нөхцөл тавьсан гэнэ. Гэвч Хятадын тал саналыг нь 2-3 долоо хоногийн дотор хүлээн авч, цөмийн зэвсгээ гурван сарын дотор хураалгах шаардлага тавьжээ.

Лянь Гуолянь энэхүү мэдээллийг үнэн байх өндөр магадлалтай гээд Хятад-Хойд Солонгосын хэлэлцээр үр дүнтэй болох магадлал 50 хувьтай гэсэн байна. Учир нь Пьёньян саналыг нь хүлээж авахгүй бол Хятад улс дипломат харилцаагаа таслахаар шахаж байгаа гэжээ.

Үүнээс гадна Нью-Йорк хотод АНУ ба Хойд Солонгосын хооронд мөн нууц хэлцэл явагдаж байгаа тухай Өмнөд Солонгосын хэвлэлд мэдээлсэн байна. Үүний нэг илрэл нь саяхан Хойд Солонгос өөрийн парламент дахь гадаад бодлогын зөвлөлийг шинэчлэн байгуулсан явдал гэж Korea Economic сэтгүүлийн туршлагатай редактор Жён Кю Жэй бичжээ.

Түүний олж авсан мэдээллээр Хойд Солонгосыг цөмийн хөтөлбөрөө царцаах бус, харин бүрмөсөн татгалзах саналыг АНУ тавьж байгаа гэнэ. Хэрвээ энэ нөхцлийг хүлээж авбал АНУ Хойд Солонгостой дипломат харилцаа тогтоож, Ким Жон Уны дэглэмийг хамгаалахын тулд Пьёньяний ойролцоо цэргээ байрлуулах санал тавьж байгаа гэжээ. Үүнээс гадна Вонсан боомтод Америкийн тэнгисийн хүч байрлаж, Ким Жон Уны дэглэмд оршин тогтнох баталгаа өгөх гэнэ.

“Хэлэлцээр бүтэмжтэй болвол Дональд Трамп энэ сарын сүүл, ирэх сарын эхээр тусгай элчийг Пьёньян руу нууцаар илгээж магадгүй. Харин эсрэгээр эргэвэл АНУ цэрэг, зэвсгийн цохилт өгөх зэрэг дараагийн алхам руугаа шилжих магадлалтай” гэж тэрээр бичжээ.

 

Эх сурвалж: Korea Times