Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосын пуужингийн туршилтыг АНУ-ын хакерууд бүтэлгүйтүүлсэн байж магадгүй

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ням гарагт Хойд Солонгосын дэглэм ээлжит пуужингийн туршилтаа хийх гэж оролдсон ч хэдхэн секундын дотор дэлбэрсэн юм.

Энэ явдал тус улсын үүсгэн байгуулагчийн мэндэлсэн ойн өдрийн маргааш болсон билээ. Тэгвэл саяхны New York Times сонинд гарсан нийтлэлд өгүүлснээр Хойд Солонгосын бүтэлгүйтэлд АНУ-ын тагнуулын байгууллагын нууц ажиллагаа нөлөөлсөн байх магадлалтай гэжээ.

Барак Обамагийн засаг захиргааны үед буюу гурван жилийн өмнөөс Пьёньяний цөмийн хөтөлбөрт саад хийх хакерын нууц ажиллагааг эхлүүлсэн тухай энэ өгүүлэлд бичсэн байна. Тодруулбал Оросын технологид суурилсан Хойд Солонгосын пуужингийн системийн алдаа ослын хувь өндөр байдаг нь энэ нууц ажиллагаатай холбоотой гэж дүгнэсэн байна. Уг нь ЗХУ-ын үеэс өвлөж авсан тэдний пуужингийн технологи 13 хувийн алдааны хувьтай байдаг бол Хойд Солонгосын хөгжүүлж байгаа системийн алдааны хувь 88 хувь байгаа нь АНУ тус улсын пуужингийн системийн сүлжээ, програмд нэвтэрч нөлөөлсний үр дүн байх өндөр магадлалтай гэжээ.

Саяхан Fox News сувагт ярилцлага өгсөн АНУ-ын үндэсний аюулгүй байдлын дэд зөвлөх К.Т.Макфарлэнд энэ талаар ярихдаа “Гүйцэтгэсэн байж болзошгүй тагнуулын нууц ажиллагааны талаар бид ярих эрхгүй, тиймээс би юм хэлж чадахгүй нь” гэсэн нь ийм сэжгийг улам нэмэгдүүлж байна.

Мөн мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтэн, тагнуулын албадын нууц ажиллагааны талаар мэдлэгтэй Кэн Гирсээс энэ талаар лавлахад “АНУ бусад улсын пуужингийн системд нэвтэрнэ гэдэг зарим хүнд итгэмээргүй зүйл шиг сонсогдох боловч цэргийн тагнуулынхны хүрээнд бол хэвийн үзэгдэл” гэж хариулсан юм.

Хойд Солонгосын дотоод сүлжээ нь гадаад ертөнцөөс хатуу тусгаарлагдсан, интернэтэд холбогдоогүй байдаг гэнэ. Гэхдээ энэ бол асуудал биш гэж Гирс тайлбарлаж байна. Жишээ нь 1996 онд Оросууд НАТО-ийн интернэтээс тусгаарлагдсан сүлжээнд нэвтрэхдээ санаанд оромгүй арга хэрэглэсэн байдаг гэнэ. Тэд Афганистаны Кабул хотод орших НАТО-ийн баазын ойролцоох дэлгүүрт нууц програмын кодтой флаш диск заруулж байжээ. Нэг өдөр НАТО-ийн ажилтнууд эндээс диск худалдаж авч ашигласан нь Оросуудад сүлжээнд нэвтрэх замыг засаж өгсөн гэнэ.

Хойд Солонгос Сони корпорацийн болон Цагаан ордны сүлжээнд халдсан хэргүүдийг онлайн орчин байдаг л үзэгдэл юм гээд харин жинхэнэ утгаараа Кибер дайн эхэлбэл АНУ-ын тагнуулын баг дэлхийн ихэнх улс орнуудын мэдээллийн системийг сүйтгэх чадалтай гэдгийг Гирс батлан ярьжээ.

 

Эх сурвалж: Business Insider