Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Өлзийхутаг: Нийгмийн ажилтан хүчирхийлэлд өртсөн хүүхдийг илрүүлэх үүрэгтэй

Н.Батзаяа, Монголын мэдээ
2017 оны 4 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын Гэр бүлийн хөгжлийн газрын дарга Н.Өлзийхутагтай Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудлаар ярилцлаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасанчлан хүчирхийлэлд өртсөн иргэнд хамгийн түрүүнд туслах хүмүүс бол хамтарсан багийн гишүүд байдаг. Тиймээс хамтарсан багийн гишүүд ямар үүрэгтэй вэ. Мөн энэхүү багт ямар мэргэжлийн хүмүүс орж ажиллах вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

- Монгол Улс анх Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг 2004 онд баталсан ч, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох талаар учир дутагдалтай байсан. Тиймээс 2016 онд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Засгийн газар боловсруулж, УИХ-аар батлуулан 2017 оны хоёрдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхлээд байна. Шинэ хуулиар гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгсдэд оноох шийтгэлийг чангатгаж, тэдэнд хүлээлгэх хариуцлагыг илүү тодорхой болгосон.

Тухайлбал гэр бүлийн хүчирхийлэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэх заалтууд шинээр тусгасан. Мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан баг анхан шатны сум хороонд  ажиллана гэж заасан байдаг. Хамтарсан баг нь өрхийн эмч,  сум, хороо, сургуулийн, халамжийн, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн нийгмийн ажилтан, цагдаагийн алба хаагч, энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг төрийн бус байгууллагын төлөөллөөс бүрдэх бөгөөд хамтарсан багийг тухайн сум хорооны Засаг дарга ахлах юм. Хамтарсан багийн бүрэлдэхүүнд багтсан хүмүүс их чухал үүрэгтэй.

Хамтарсан баг нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх талаар олон нийтэд зориулсан сургалт, сурталчилгааны ажлыг энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ТББ-тай хамтран зохион байгуулах, хүчирхийллийн болзошгүй эрсдэлтэй гэр бүлийг илрүүлэх, мэдээлэх, хүчирхийллийг таслан зогсоох үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэх, нөхцөл байдлын үнэлгээнд үндэслэн хохирогчид үзүүлэх үйлчилгээг төлөвлөх хэрэгжүүлэх үүрэгтэй байдаг. Мөн хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй хүний хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, мэргэжлийн сургалт, нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээнд хамруулах, гэр бүлд нь дэмжлэг үзүүлэх замаар нөхөн сэргээж, нийгмийн амьдралд оролцох оролцоог дээшлүүлэх үүрэгтэй.

- Хамтарсан багийн гишүүд аюулгүйн зэргийн үнэлгээ болон нөхцөл байдлын үнэлгээ хийх ёстой гэлээ. Гэтэл эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж гэр бүлийн хүчирхийлэлд ханддаг. Энэ байдал хамтарсан багийн гишүүдэд ч илэрдэг?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай шинэчилсэн хуулиар гэр бүлийн хүчирхийллийн талаарх мэдээллийг хүлээн авах байгууллага, албан тушаалтныг тодорхой заасан. Хүчирхийллийн талаар харьяалал харгалзахгүй хамгийн ойр байрлах цагдаагийн байгууллагад мэдэгдэнэ. Мэдээллийг утсаар, биеэр, факсаар, бичгээр, мессежээр, цахимаар хүлээн авна. Мэдээлэл хүлээн авсан байгууллага, албан тушаалтан хохирогчийг хамгаалах арга хэмжээг даруй авч, мэдээлэл өгсөн хүнийг нууцлах үүрэгтэй. Хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар мэдсэн хэн ч байсан заавал мэдээлэх үүрэгтэй байдаг.

Мөн цагдаагийн байгууллагын хүлээх үүрэг тодорхой болсон. Өөрөөр хэлбэл, цагдаагийн алба хаагчид гэр бүлийн хүчирхийллийн тухай мэдээллийг хүлээн авмагц таслан зогсоож, аюулын зэргийн үнэлгээ хийнэ. Харин нийгмийн ажилтан нөхцөл байдлын үнэлгээ хийнэ. Аюулын зэрэг дунд, өндөр бол түр хамгаалалтаар хангах арга хэмжээ авах ёстой. Мөн зөрчил гаргасан байвал Зөрчлийн тухай хуульд заасанчлан  7-30 хоног баривчилна.

Гэмт хэрэг байвал зургаан сараас хоёр жил хүртэл ял оноохоор шинэ хуульд тусгасан. Өмнө нь гэр бүлийн хүчирхийллийг бидэнд хамаагүй айл гэрийн асуудалд оролцохгүй гээд тоохгүй өнгөрөөдөг байсан. Гэтэл энэ асуудал маань хүчирхийлэл, хэн нэгний амь нас, аюулгүй байдалд халдсан ноцтой асуудал учраас таслан зогсоохын тулд хариуцлага, ял шийтгэл оногдуулах хэлбэрээр арга хэмжээ авдаг болсон.

- Хөдөө орон нутагт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудал гардаг. Хөдөө орон нутгийн хамтарсан багийн гишүүд бодит байдалд үнэлгээгээ хийж чадаж байна уу. Тэднийг чадавхжуулах талаар ямар ажил хийж байна вэ?

- Шинэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд ажиглахад хүний нөөцийн чадавх учир дутагдалтай байгаа юм. Өөрөөр хэлбэл, хамтарсан багийн гишүүд гэр бүлийн хүчирхийлэлтэй хэрхэн тэмцэх, анхан шатны тусламж үйлчилгээг яаж үзүүлэх вэ гэдгийг хэрэгжүүлэхэд боловсон хүчний мэдлэг боловсрол,  чадавх их чухал.  Тиймээс хүний нөөцийг чадавхжуулах хэрэгцээ шаардлага бидэнд тулгарсан. Энэ чиглэлээр өнгөрсөн пүрэв гарагт нэгэн том сургалтыг зохион байгууллаа.

Тодруулбал, Хамтарсан багийг чадавхжуулах сургагч багшийг үндэсний хэмжээнд бэлтгэх ажлыг эхлүүллээ. Уг сургалтад нийт 75 сургагч багш хамрагдсан. Бэлтгэгдсэн багш нар 21 аймаг, есөн дүүрэгт очиж, 482 багт мэдсэн, сурсан зүйлээ зааж, сургалт зохион байгуулах юм.  Мөн дараагийн шатанд мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Хамтарсан багт салбар салбарын төлөөлөл багтсан байдаг. Тиймээс тэдгээр хүмүүс өөр өөрийнхөө чиг, үүргийн дагуу хохирогчид мэргэжлийн үйлчилгээг хэрхэн үзүүлэх чиглэлээр сургалт зохион байгуулна. Үүний үр дүнд хамтарсан багийн гишүүд өөр өөрсдийн үүргийн дагуу илүү мэргэшч, чадавхажна гэж харж байгаа.

- Гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд, эмэгтэйчүүд их өртөж байгаа талаар төрийн бус байгууллагын судалгаанд дурдсан байдаг. Мөн гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид ихэссэн талаарх мэдээлэл гарах болсон. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон хэчнээн хүн байна вэ?

- ЦЕГ-аас ирүүлсэн мэдээллээр 2016 онд  гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 1,149 хэрэг гарсан байдаг. Гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг өмнөх оныхтой харьцуулбал тодорхой хувиар буурсан. Улсын хэмжээнд энэ оны эхний гурван сард 6,869 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс  4.6 хувь, гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн гэмт хэрэг 389 бүртгэгдэж өмнөх оны мөн үеэс 11 хэргээр буюу 2.7 хувиар буурсан.

Харин нийслэлд гэр бүлийн хүчирхийллийн улмаас 219 гэмт хэрэг үйлдэгдсэн нь өмнөх оноос 6.9 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Мөн шинэ хуульд заасанчлан гэр бүлдээ агсам согтуу тавьж, гэр бүлийн гишүүдээ айлгаж ичээж, доромжилж, зодох зэрэг хүчирхийлэл үйлдсэн гэх 310 иргэнийг баривчлах ялаар шийтгэсэн. Өмнөх хуулиар удаа дараа гэмтээсэн тохиолдолд торгоод орхидог байлаа. Шинэ хуулиар зөрчил болон гэмт хэргийг салгасан.

- Гэр бүлийн хүчирхийлэл гэхээр бид зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүдээр төсөөлдөг. Сүүлийн үед эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийлэлд өртөх тохиолдол гарах болсон гэсэн. Эрэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон тохиолдол хэр олон байдаг юм бэ?

- Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчид гэхээр хүүхэд, эмэгтэйчүүдээр хязгаарлаж ойлго­дог. Энэ нь нэг талаар гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүмүүсийн дийлэнх нь хүүхэд, эмэгтэйчүүд байгаатай холбоотой. Үүнээс үүдэж иргэдийн дунд гэр бүлийн хүчирхийллийг зөвхөн эрэгтэйчүүд үйлдэж, хүүхэд, эмэгтэйчүүд хохирогч байдаг мэт ойлголт тогтчихсон. Гэтэл сүүлийн үед гэр бүлийн хүчирхийллийн хохирогч эрэгтэйчүүд болох тохиолдол гарах боллоо. Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч гэхээр заавал бие махбодын гэмтлээс гадна сэтгэл санаа, эдийн засаг, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж шинэ хуульд тусгасан. Үүнээс харахад сэтгэл санаа, эдийн засгийн байдлаараа хохирогч болсон эрэгтэйчүүд байдаг.

- Гэр бүлийн хувийн харилцааны нэг золиос нь өсвөр насны хоёр охин болчихлоо. Гэр бүлийн харилцааг өсвөр насны хүүхдүүд зөвшөөрч чадахгүйгээс болж, амиа хорлох хүртэл шийдвэр гаргаж байна. Гэтэл сургуулийн сурагчдын дунд явуулсан судалгаагаар ямар нэгэн асуудал гарахад хамгийн түрүүнд найздаа ханддаг гэсэн байдаг. Хүүхдийг гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болохоос хамгаалах нэг хүн нь сэтгэлзүйч. Энэ хүмүүсийг сургуулийн орчинд ажиллуулах нэн тэргүүний шаардлага байна гэж харж байна. Энэ талаар ямар бодолтой байна вэ?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд салбар бүр дэх байгууллагуудын чиг үүргийг тодорхойлохоос гадна тухайн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн үүрэг оролцоог нарийн зааж өгсөн. Үүнд таны асуулттай холбоотой боловсролын байгууллагын чиг үүрэг тэр дундаа боловсролын байгууллагын нийгмийн ажилтны үүргийг тусгасан байдаг. Тухайлбал, сургуулийн нийгмийн ажилтнууд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхдийг маш сайн таньж, илрүүлэх үүрэгтэй. Сэтгэл санааны болон бие махбодын хүчирхийлэлд өртсөн хүүхдийг гаднаас нь харахад андашгүй шүү дээ.

Ар гэрт нь асуудалтай, аав ээж нь архи уудаг, зоддог, хүчирхийлдэг хүүхдүүд хичээлээ олон хоног таслах, сурлагадаа муудах, сэтгэл санааны хувьд гундангүй, сэтгэл гутралтай явдаг. Үүнийг харж ажиглаж, илрүүлэх нь сургуулийн нийгмийн ажилтны үүрэг болж байгаа юм. Тиймээс сургуулийн нийгмийн ажилчин хамтарсан багт орж ажиллана.Тэд тухайн хүүхэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа эсэхийг олж, илрүүлэн хамтарсан багт мэдээлж, гэр бүлтэй нь ажиллах үүрэгтэй. Мөн эрсдэлт нөхцөлд буй хүүхдүүдийн талаар нарийн судалгаа гаргасан байвал тэдгээр хүүхдүүдэд сэтгэлзүйн эмчилгээ үзүүлэх талаас нь ажиллах хэрэгтэй.

Сэтгэл зүйн анхан шатны тусламж, дэмжлэг үзүүлэхэд үнэхээр тэр хүүхэд сэтгэлзүйн хувьд шархалсан, сэтгэл гутрал нь нэлээд гүнзгий хэлбэртэй байвал дараагийн шатны үйлчилгээ буюу сэтгэл заслын үйлчилгээнд холбон зуучилна. Хүүхдийг сэтгэл гутралаас гаргах үйлчилгээ маш чухал. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээс харж байхад өсвөр насны хүүхэд болон насанд хүрэгчдийн дунд сэтгэл гутралын өвчин их байгаа нь ажиглагдаж байна. Өнөөгийн нийгмийн амьдрах орчин, нөхцөл байдал, улс орны эдийн засаг, архидалт, ажилгүйдэл гэх мэтчилэн маш олон хүчин зүйлээс үүдэлтэй сэтгэл гутралын эмгэг их байгаа талаар мэдээлж байна.

Гэтэл манай улсад сэтгэлзүйн үйлчилгээ үзүүлдэг газар ховор байдаг. Энэ чиглэлийн мэргэжилтэн, хүний нөөц дутагдалтай. Эдгээр хүмүүсийг маш хурдан хугацаанд бэлтгэх, сургах хэрэгцээ шаардлага аль хэдийнээ бий болчихсон. Тиймээс эхний ээлжид өөрсдийнхөө ажилчдыг сэтгэлзүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх сургалтад хамруулах, тэднийг давтан сургах, чадавхжуулах чиглэлээр ажиллах шаардлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, хохирогчид үзүүлэх төрлийн үйлчилгээ бий болж байна гэсэн үг.

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гарсан нэг том өөрчлөлт нь хамрах хүрээг өргөжүүлсэн гэсэн. Энэ талаар тайлбарлахгүй юу?

- Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан хамгийн том өөрчлөлт нь хамрах хүрээг өргөжүүлсэн явдал юм. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн гишүүдээс гадна хамтран амьдрагч, тухайн гэр бүлд амьдарч байгаа  хүмүүс бүгд шинэ хуульд заасанчлан хамрах хүрээнд орж байгаа. Өмнөх хуульд гэр бүл гэхээр эхнэр, нөхөр, хүүхэд гэдэг харьцаа байсан бол шинэ хуулиар хүрээлэл нь өргөн болсон. Тухайн гэр бүлд ажил хийж буй хүн хүртэл гэр бүлийн хамрах хүрээнд орсон.

- Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудын хувьд хамгаалах байр их чухал байдаг. Одоогийн байдлаар улсын хэмжээнд хэчнээн хамгаалах байр байна вэ. Хамгаалах байрны тоог нэмэгдүүлэх талаар шинэ хуульд тусгасан уу?

- Гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогчийн аюулгүйн зэргийн үнэлгээ өндөр, амь нас, эрүүл мэндээрээ хохирох магадлал өндөр байвал зайлшгүй хүчирхийлэл үйлдэгчээс тусгаарлах шаардлага гарч ирдэг. Тиймээс түр хамгаалах байр шаардлагатай. Улсын хэмжээнд нийт 16 түр хамгаалах байр ажиллаж байна. Нийслэлд долоон хамгаалах байр бий. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хамтын ажиллагаа үндэсний чуулганд бид баг болж ажилласан.

Энэ үеэр хөдөө орон нутгийн мэргэжилтнүүдтэй ярилцахад аймаг бүрд түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээ шаардлагатай байгаа талаар онцолж байсан. Манай Гэр бүл, хүүхэд, залуучуудын газарт хүүхдийн тусламжийн 108 утас ажиллаж байлаа. Үүнийг хариу үйлчилгээний төв болгон өргөтгөсөн. Энэ төв маань дотроо түр хамгаалах байртай болсон. Энэ байранд хүчирхийлэлд өртсөн хүүхдүүд болон нялх биетэй ээжүүдийг 72 цагаар түр хамгаалах үйлчилгээ үзүүлж байна.

Зураг