Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Уламбаяр: Солонгосын хойг дайны ирмэгт байна

Б.Даваахүү
2017 оны 4 сарын 18
Монголын мэдээ
Зураг зураг

Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдал, Монголд үзүүлэх сөрөг үр дагаврын талаар Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн олон улс судлалын сургалт судалгааны төвийн захирал, доктор Д.Уламбаяртай ярилцлаа.

- Солонгосын хойгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Зарим хэвлэлд дайн дэгдэж магадгүй байгаа тухай мэдээлэл гарч байгаа шүү дээ. Байдал ер нь ямар байна вэ?

- Солонгосын хойгийн байдал хүндэрлээ. Хойд Солонгос он гарсаар гурван ч удаа пуужин туршсан. Мөн өнгөрсөн оны нэгдүгээр сард устөрөгчийн бөмбөг, есдүгээр сард мөн цөмийн туршилт хийсэн. Үүнээс гадна 20 гаруй удаа баллистик пуужин туршлаа. Гэтэл энэ үйл ажиллагаа нь НҮБ-аас Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлж буй хориг арга хэмжээг илт зөрчиж байгаа юм.

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп байр сууриа тодорхой илэрхийлж байгаа. Энэ сарын 6, 7-нд БНХАУ-ын дарга Си Зиньпин Доналд Трампын урилгаар АНУ-ын Флорида мужийн Мар-а-Лаго гэх хувийн эдлэн газарт айлчлал хийлээ. Айлчлалын өмнө Д.Трамп “Хойд Солонгост хамгийн гол нөлөөлөх улс нь  БНХАУ. Энэ нөлөөгөө хэрэгжүүлж чадахгүй бол асуудлыг АНУ дангаараа шийдвэрлэнэ” хэмээн мэдэгдэж байсан бол айлчлалын үеэр ч гэсэн БНХАУ-ын даргад өөрийн байр сууриа  тодорхой илэрхийлсэн.

- АНУ-ын байлдааны онгоцнууд Солонгосын хойгийг чиглэсэн гэсэн мэдээлэл байгаа. Энэ талаар?

- Гуравдугаар сарын 1-31-ний хооронд АНУ, БНСУ-ын хамтарсан “Foal Eagle” хээрийн сургуулилт болсон. Энэ үеэр Хойд Солонгосын болзошгүй аюулаас сэргийлэн хамгаалах, онцгой тохиолдолд тус улсад хэрхэн десант буулгах вэ гэдэг талаарх бэлтгэл сургуулилт болсон хэрэг. Үүнээс гадна сургуулилтын үеэр АНУ, БНСУ-ын штабын дарга нарын хээрийн сургуулилт болон АНУ, Япон БНСУ-ын хамтарсан гурван өдрийн сургуулилт давхацсан байдаг. Ингээд хээрийн сургуулилтад оролцсон АНУ-ын цохилтын хүч гуравдугаар сарын 31-нээс Австралийн хойгт байрлах бааз руугаа буцсан.

Гэтэл энэ сарын 10-нд АНУ-ын Ерөнхийлөгчийн тушаалаар Сингапурын ойролцоо явж байсан цохилтын хүч Солонгосын хойгийг чиглэчихлээ. “Карл Винсон” гэх нисэх онгоц тээвэрлэгчид далавчит цөмийн пуужингаар цэнэглэсэн байлдааны таван хөлөг онгоц, F15, 16 маркийн 80 гаруй онгоц байрлаж байгаа. Одоогоор бараг Солонгосын хойгт ирсэн. Дээр нь 150 гаруй далавчит пуужингаар цэнэглэсэн усан доогуур шумбагч цөмийн хөдөлгүүртэй онгоцнууд нэмэлт хүчээр ирж байна. Үүгээрээ АНУ-ын Ерөнхийлөгч хэрэв Хойд Солонгос дахин цөмийн пуужин харвасан тохиолдолд  Америк өрсч цохилт өгнө гэх байр сууриа илэрхийллээ.  

- АНУ Афганистанд цөмийн бус том бөмбөгөөр туршилт хийсэн. Үүнийг судлаач хүнийхээ хувьд та юу гэж үзэж байна вэ?

- Энэ сарын 13-нд АНУ Афганистан, Пакистаны хилийн ойролцоо байрлах олон улсын террорист бүлэглэлийн 600-800 гаруй дайчин байрлаж буй бүс нутагт анх удаагаа маш хүчтэй цөмийн бус бөмбөгийн туршилт хийсэн. Энэ бөмбөгийг 2003 онд үйлдвэрлэн  зэвсэглэлд шилжүүлсэн ч, өнөөдрийг хүртэл дайнд ашиглаагүй байсан юм. Энэ зэвсэг маш хүчтэй, 9.5 тонн жинтэй бөмбөг бөгөөд MC130 гэх байлдааны хөлөг онгоцноос хаялаа. Урьдчилсан дүнгээр, энэ удаагийн довтолгоогоор  алан хядагчдын 94 дайчин, дөрвөн толгойлогчийг нь устгасан, энгийн иргэн өртөөгүй гэсэн мэдээлэл бий. Гэхдээ сүүлд 11 энгийн иргэн өртсөн байж болзошгүй гэсэн мэдээлэл гарсан байна билээ.

Үүнтэй холбоотойгоор сэтгүүлчид АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампаас “Энэ бөмбөг Хойд Солонгост өгч буй урьдчилсан сануулга уу” гэдгийг асуусан. Харин  Д.Трамп “Үүнийг Пхеньян хэрхэн хүлээн авах нь тэдний л асуудал. Бидэнд бол ямар ч хамаагүй” гэсэн байр суурийг илэрхийлсэн байдаг. Гэхдээ ямар ч байсан Хойд Солонгост урьдчилсан сануулга болсон нь үнэн. Үүнээс гадна АНУ  B61-12 гэх цөмийн бөмбөгийг  туршиж, үр дүнг нь өнгөрөгч бямба гарагт танилцууллаа.  Туршилтыг  өнгөрсөн гуравдугаар сарын 14-нд Невадагийн хээрийн сургуулилтын талбайд хийсэн.

Гэхдээ тухайн үед олон нийтэд мэдээлээгүй байсан юм. Тус цөмийн бөмбөгийг F16 байлдааны онгоцноос туршсан бөгөөд амжилттай болсон. Энэ ч мөн ялгаагүй Хойд Солонгосын болзошгүй аюулд сануулга өгсөн үйл явдал байсан юм. Ганц  Хойд Солонгост ч  бус Сирийн Ерөнхийлөгч Башар ал Ассадын дэглэмд сануулга өгсөн үйл явдал боллоо.

- БНХАУ ямар байр суурьтай байгаа вэ?

- БНХАУ-ын дарга АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярьж асуудлыг дипломат аргаар шийдэхийг уриалсан. Мөн өнгөрсөн бямба гарагт БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И “Дайнд хэн ч хожихгүй.  Бүгд хохирч  үлдэнэ”  гэсэн байр суурийг илэрхийлж, улс төрийн аргаар асуудлыг шийдвэрлэхийг уриаллаа. Нөгөөтээгүүр,  БНХАУ Хойд Солонгостой хиллэх хилийн зурваст 150 гаруй мянган цэргээ төвлөрүүлсэн байна. Хэрэв дайн болбол Хойд Солонгосын дүрвэгсэд Хятадын хил рүү цутган орж ирэхийг хязгаарлах зорилгоор хилийн бүс нутгуудад цэргийн бэлэн байдал зарлаад  байгаа. Түүнчлэн, БНСУ-ын Ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Хван Кё Ан Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай утсаар ярьсан. Ингэхдээ АНУ  Япон, БНСУ-тай урьдчилан тохиролцсоны үндсэнд цохилт өгөх ёстой гэсэн нөхцөл тавьж, Д.Трамп ч хүлээн зөвшөөрсөн байгаа. 

- Өнгөрсөн бямба гарагт Хойд Солонгосчууд Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойг тэмдэглэсэн. Энэ үеэр цэргийн зэвсэг техникээ үзүүлсэн байгаа. Хүчин чадлын хувьд ямар байсан бэ?

- Ким Ир Сений мэндэлсний 105 жилийн ойн үйл ажиллагааг Хойд Солонгосчууд “Нарны баяр” хэмээн тэмдэглэдэг. “Нарны баяр”-ын үеэр томоохон цэргийн парад болж, энэ үеэр тив алгасагч баллистик пуужин, дунд тусгалын пуужин, усан доорх шумбагч завинаас харвадаг пуужин зэргээ олон нийтэд дэлгэн харууллаа. Гэхдээ цэргийн стратегийн шинжээчид  тэдгээр зэвсэг техникийг “ЗХУ-ын хуучин загварынх байна” гэж дүгнэсэн. Ойн арга хэмжээнээс өмнө Хойд Солонгосын удирдагч чухал сюрприз барина гэдгээ 200 гаруй сэтгүүлчдэд мэдэгдсэн удаатай. Харин тэр сюрприз нь парадаар үзүүлсэн зэвсэг техник болж таарсан.  Мөн ням гарагийн өглөө НҮБ-ын Хойд Солонгосын эсрэг хэрэгжүүлсэн хориг арга хэмжээг зөрчин пуужингийн туршилт хийж, хүн төрөлхтний эсрэг үйл ажиллагаа явууллаа. Үндсэндээ Солонгосын хойгийн байдал одоогоор дайны ирмэгт ирсэн байна гэж хэлж болно. 

- Солонгосын хойгт үүссэн нөхцөл байдалд Монгол ямар байр сууринаас хандах вэ?

- Солонгосын хойгийн байдалд бид маш болгоомжтой хандах ёстой. БНСУ-д манай 30 гаруй мянган монгол хүн ажиллаж, амьдарч, сурч хөдөлмөрлөж байна. Тэдгээр иргэд жилдээ Монгол руу ойролцоогоор 90-100 сая орчим ам.долларыг шилжүүлдэг. Энэ бол нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, олон айл өрхийн эдийн засгийн хэрэгцээнд чухал нөлөө үзүүлж байгаа хэрэг. Тиймээс монголчуудынхаа эрх ашгийг хэрхэн хамгаалах вэ гэдэг асуудал  бидний анхаарлыг яах аргагүй татаж байгаа юм. Монгол Улсын Ерөнхийлөгч байнга төвийг сахих бодлого дэвшүүлсэн. Энэ хууль нь санаачлагчдаа буцсан.

Гэхдээ  Хойд Солонгосын буруутай үйл ажиллагааны улмаас Солонгосын хойгт дайны гал дүрэлзэж,  30 гаруй мянган монгол хүн өртчихөөд байхад байнга төвийг сахих нь байж боломгүй явдал. Орчин үеийн дайнд  төвийг сахих, эс сахих байр суурь утга чанараа алдсан. Тэгэхээр байнга төвийг сахих байр суурь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг зориуд цохон тэмдэглэе.

- Солонгосын хойгт дайн дэгдвэл, манай улсын хил рүү Хойд Солонгосын дүрвэгсэд нэвтрэх эрсдэл бий юу?

- Ер нь Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд Хойд Солонгосын олон сая иргэн БНСУ, БНХАУ, ОХУ руу дүрвэнэ. Цаашлаад Монгол руу ч орж ирэх боломжтой. 1990-ээд оны үед Хойд Солонгосын иргэд БНХАУ-аар дамжин Монгол руу нэвтэрсэн тохиолдол гарч  байсан. Гэхдээ Монгол Улс дүрвэгсдийн тухай олон улсын конвенцэд нэгдээгүй. 2010 оны Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд манайх дүрвэгсэд хүлээн авахгүй гэдгээ тодорхой илэрхийлсэн байгаа. Гэсэн хэдий ч, Солонгосын хойгт дайн дэгдсэн тохиолдолд хүссэн хүсээгүй дүрвэгсдийн давалгааг яаж ч чадахгүй. Сирийн дүрвэгсдийн асуудал Европыг маш хүнд байдалд оруулж байна шүү дээ. Тийм учраас ийм асуудал бүс нутгийн хэмжээнд тулгарахыг үгүйсгэхгүй. Хамгийн гол нь Хойд Солонгосын иргэд орчин үеийн талаар ямар ч мэдээлэлгүй хүмүүс байдаг учир маш том савлагаа бий болох нь тодорхой.

Зураг