Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Жавхлан: Офшорын тухай хууль нэг талыг барьсан, хийрхэлтэй болсон

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 18
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын хаврын чуулганаар Офшорын тухай хууль батлагдсан болон долоон төрлийн татварыг нэмэгдүүлэх болсон тухай УИХ-ын гишүүн Б.Жавхлангаас дараах зүйлийг тодрууллаа.


- Төсвийн тодотголын тухайд та байр сууриа илэрхийлэхгүй юу?

- Энэ удаагийн төсвийн тодотгол хийгдэх ёстой цаг хугацаандаа хийгдлээ гэж харж байна.

Дэлхийн эдийн засаг даяаршиж, улс орнууд макро бодлого дээрээ нэгдмэл шийдэлтэй болж ирж байгаа энэ үед бид тэднээс гажиж болохгүй.

Хэрэв тэгвэл Хойд Солонгос, Иран, Иракийн араас орж дэлхийн эдийн засгаас тусгаарлагдах аюултай. 

Яг ийм байдалд ирчихээд байгаа учраас макро загвар дээрээ засвар хийж байна гэж ойлгох хэрэгтэй. Тэр талаас нь хүлээж аваасай гэдгийг хэлмээр байна.

Офшор гэдэг бол дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа эдийн засгийн бүтцэд байдаг асуудал.

Төсвийн орлого, зарлагад хийсэн засварыг бид нэг бүрчлэн ярихаас илүүтэйгээр макро түвшинд олж харах нь чухал.

2011, 2012 оны эдийн засаг өндөр өсөлттэй үеэс хойш гаргасан алдааг бид дахин давтаж болохгүй.

Тэр боломжуудыг бид дунд урт хугацааны жигд хөгжлийн суурь болгож, хувийн хэвшил, төв банк валютын нөөцөөс төсвийнхөө бодлого дээр ч тэр хуримтлалын бодлого явуулж өнөөдрийн байдалд хүрэхгүй байх бүрэн боломжтой байсан.

ОУВС-тай хийсэн гэрээ хэлэлцээрүүд амжилттай явсан гэж харж байгаа. Гэхдээ үүнд дутуу орхигдуулсан зүйл байгаа гэх шүүмжлэлтэй асуудлууд байна.

Татварын суурийг тэлсэн асуудал дээр манайх мөн дутуу ажилласан зүйлүүд харагдаж байгаа.

- Офшорын хууль батлагдахдаа Засгийн газрын өргөн барьснаас арай өөрөөр батлагдлаа. Энэ тал дээр?

- Офшорын хуулийг бид хоёр талтай харах хэрэгтэй. Офшор гэдэг бол дэлхий нийтээр даяарчлагдаж байгаа эдийн засгийн бүтцэд байдаг асуудал.

Бид 2010-2012 оны гаднаас хөрөнгө оруулалт орж ирүүлсэн урсгалуудыг харвал бараг 70-80 хувь нь тэрхүү бүсээс орж ирсэн байсан.

Тэнд эдийн засгийн хувьд чөлөөтэй, хөрөнгө оруулалтыг олон улсад хийх маш таатай нөхцлүүд байдаг учраас эрүүл хөрөнгө, мөнгө бол байдаг.

Түүнээс гадна хүний наймаа, хээл хахуултай холбоотой хөрөнгө оруулалт байгаад, түүнийгээ нуусан бол өөр арга замаар тэмцэх боломж манай хуулиудад нээлттэй байгаа.

Тэгэхээр энэ удаагийн хууль арай нэг талыг барьсан, хийрхэлтэй хууль болчихов уу даа гэж харж байна.

- Долоон төрлийн татварын тухайд?

- Хүн амын орлогын албан татвар шатлалтай болсон. Үүний хүрээнд татвар оногдож байгаа хэсгийг харвал маш бага хэсэг.

ОУВС-нд бид хүсэлт тавьсан. Тэдний зүгээс манай улсыг мөнгөний ямар зөв бодлого баримталж, явуулах вэ гэдгийг харж байгаа. Тэгэхээр бид макро тал дээрээ, төсөв ч тэр, мөнгөний бодлого ч тэр засваруудыг хийх ёстой.

Монгол оронд маань хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж байна

Тиймээс долоон татварын хувьд Сангийн яамнаас оруулж ирсэн жагсаалтыг дэмжээд явсан.

Харин алтан дээр ч тэр, бэлгэдлийн гэрээн дээр ч тэр татварынхаа суурийг тэлэх замаар ажиллах зүйлсээ дутуу хийсэн байна гэж харж байна.

- Төсвийн тодотгол ирэх жилүүдэд ямар эерэг үр нөлөөг авчирна гэж харж байна?

- Энэ жилийн төвсийн урсгал тэнцэл төсөөллөөрөө ирэх жилүүдэд эдийн засгийн өсөлтүүдийг авчрах ёстой. 2019 он гэхэд 6-7 хувийн өсөлттэй эдийн засагт бид очно.

ОУВС-тай бид зөв гэрээгээрээ, зөв нөхцөлөөр хамтрах юм бол энэ өсөлтүүдэд бүрэн хүрч чадна.

Хэлэлцээрийн эхний үр дүнгүүд гарч байна. Гуравдугаар сарын 20-нд гаргасан Хуралдай бондыг маш амжилттай гаргасан. Одоогоор - В зэрэглэлийн алдагдал хоёр оронтой тоон дээрээ байж байна.

Дотоодын нийт бүтээгдэхүүний 80 хувьтай тэнцэхүйц гадаад өртэй байгаа нөхцөлд 8.75 хувийн хүүтэй бонд гаргаж чадна гэдэг бол маш том амжилт.

Тэгэхээр дэлхийн олон улсын санхүүгийн зах зээл дээр Монгол оронд маань хөрөнгө оруулагчдын итгэх итгэл сэргэж байна гэж харж байна.