Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Номтойбаяр: Тэтгэврийн нас 2018 оноос эхлэн 60.5 болж нэмэгдэнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын хаврын чуулганаар төсвийн тодотголыг баталж, бусад хуулийн төслүүдэд өөрчлөлт оруулсан. Энэ талаар Н.Номтойбаяр сайдаас холбогдох сэдвийн хүрээнд дараах тодруулгыг авлаа.


- Хүүхдийн мөнгө олголтод өөрчлөлт орсон. Энэ тал дээр тайлбар өгөхгүй юу?

- Иргэдийн зүгээс өгсөн санал өргөдлийн дагуу дахин амьжиргааны түвшин тогтоох шалгалт өнгөрөгч Баасан гарагаар дуусгавар болсон.

Шинээр мэдээллийн нэдсэн сан үүссэнээр урд урдныхаас халамжийн бодлогын хүрээнд илүү зорилтот бүлгээ оносон үйлчилгээг явуулна.

Хүүхдийн мөнгө нь халамжийн сангаас гарч байна. Хөтөлбөрийн хүрээнд нийт өрхийн 40 хувь буюу 298,000 айл өрхийн 521,907 хүүхдэд олгогдоно.

Өмнө нь амьжиргааны түвшин тогтоох аян худал мэдээллээр бүрдсэн тохиолдлууд маш их гарч байсан. Энэ бүгдийг цэгцэлснээр хүүхдийн мөнгө зорилтот бүлэгтээ очих болно.

Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох арга замыг судалж байна

Цаашид Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам, Нийгмийн Бодлогын Байнгын Хорооны гишүүдтэй хамтран хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгох арга замыг судалж байна.

Тухайлбал, үдийн цай хөтөлбөр болон хүнс тэжээлийн талон хөтөлбөртэй уялдуулан олгох шийдэл бий гэж харж байгаа.

Энэ талын судалгааны ажил дөнгөж эхэлж байгаа бөгөөд 2018 оноос хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.

- Нийт хүүхдийн 40 хувьд нь бэлэн мөнгө олгох юм байна. Зөв үү?

- 40 хувь гэхээсээ илүү зорилтот бүлгийн хүүхдүүддээ хүрч чадаж байна уу, үгүй юу гэдэг чухал.

Амьжиргааны түвшин тогтоох судалгааны хүрээнд шинэ мэдээллийн санд бүртгэгдсэн айл өрхүүдэд 0-1,000 хүртэлх онооны хэлбэлзлээр амьжиргааны түвшин тогтоогдоно. 2010, 2013 онуудад үүнийг тогтоосон ч худал мэдээлэл бүрдүүлж тодорхойлж байсан.

- Хүүхдийн мөнгөнд жилдээ хэдэн төгрөгийн санхүүжилт хийгдэх вэ. Бэлэн мөнгөнд хамрагдахгүй хүүхдүүдийн хувьд бүр орхигдоно гэсэн үг үү?

- Бүр орхигдох асуудал огт байхгүй. Хүнс тэжээлийн талоноор өгнө. Энэ нь мөн л 20,000 төгрөг. Мөн хуримтлал үүсгэж 2019 онд төлнө.

Энэ жилийн 161.5 тэрбум төгрөг хэвээр үргэлжилнэ. Хууль батлагдсан даруйд энэ жил өөрчлөгдөх бус 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжинэ.

- Тэтгэврийн насыг үе шаттайгаар 65 болгох нь хэвээрээ юу?

- Хэвээрээ. Жилд зургаан сараар нэмэгдэх болсон. 2038 он гэхэд 65-д хүрнэ, энэ шийдвэр гарсан даруйд шууд 65 болж байгаа хэрэг биш. Үүнд хэд хэдэн тайлбар өгөхөд тэтгэврийн сан өнөөдрийн байдлаар алдагдалтай байгаа. Зөвхөн 2017 онд гэхэд 587.3 тэрбум төгрөгийг төсвөөс татах шаардлагатай.

Хэдийгээр нийгмийн даатгалын шимтгэл төлж байгаа залуу ажиллах хүчин их байгаа боловч үндсэндээ хямралд орсон. Энэ байдлаараа үргэлжилбэл өнөөдрөөс гурван жилийн дараа гэхэд 1 их наяд төгрөгийн хасах баланстай гарна.

Үүнийг төсвөөс татах шаардлагатай болно. 1 их наяд гэдэг бол улсын төсвөөс авч үзвэл 15 орчим хувьтай тэнцэх хэмжээний мөнгө. 

Нөгөөтэйгүүр, намрын чуулганаар Нийгмийн даатгалын тухай багц хуулийг өргөн барина. Нэг хөшүүргийг оруулж өгөхөөр бид хуулийн төсөлд оруулсан. 

60.5 жилээс хойш тэтгэврээ тогтоолговол тэтгэврийн хувь хэмжээ өндрөөр тогтоогддог байх, хэрэв наана тэтгэвэрт гарвал одоогийн байгаа түвшиндээ тэтгэврээ тогтоолгох журмыг тусгасан.

Үүний цаана хувь хүний ажиллах сонирхлыг санхүү, эдийн засгийн аргаар өдөөх, тэрхүү сонголтыг иргэдэд бий болгох зорилго бий.

Бид Монгол Ахмадын Холбоотой хамтран судалж үзэхэд ахмадуудын 67.5 хувь нь тэтгэвэрт гарснаас хойш ажил хөдөлмөрөө тодорхой хугацаанд үргэлжлүүлэх хүсэлтэй байна гэсэн судалгаа гарч ирсэн.

Тэгэхээр үүнийг илүү сонголттой болгож, заавал хуульд заасан хугацаанд нь тулгах биш наана нь тэтгэвэрт гарах эрхийг нь нээлттэй байлгаж, болж өгвөл хуульд заасан насанд тэтгэврээ тогтоолговол өндөр байх юм байна гэдэг хувь хүний санхүү, эдийн засгийн хөшүүргийг өдөөх замаар шийдэх зорилттой байгаа.

- Тэтгэврийн насыг нэмэгдүүлж буй нь ямар үндэслэлтэй юм бэ. Энэ талаар тоон мэдээлэл, судалгаа бий юу?

- Хүн амын дундаж наслалтыг тэтгэвэрт гарах настай уялдуулж байна. Ахмадуудын дундаж тэтгэвэр авалтын хугацааг тооцож үзсэн судалгааг 2016 онд Үндэсний Статистикийн Хорооноос гаргасан.

Эрэгтэй хүн 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй хүн 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байна.

Судалгаанаас үзэхэд эрэгтэй хүн 60 наснаас хойш 16 жил, эмэгтэй хүн 55 наснаас хойш 26 жил тэтгэвэр авч байна.

Тэгэхээр энэ нь үндсэндээ эрэгтэй хүний дундаж наслалт 67 гэж ярьдаг ч 76 болж байх жишээтэй.

Дундаж наслалт бага гарч байгаагийн учир нь үүнийг тооцоход нярайн эндэгдэл, нас баралтыг тооцдогтой холбоотой.

Тэгэхээр дундаж наслалт 65, 67 гэдэг нь тэтгэврийн насны асуудлыг хөндөхөд хуулиар заагдсан хугацаанаас хойш хэдэн жилийн турш тэтгэвэр авч байгаа нь маш чухал.

- Тэгэхээр хэзээнээс тэтгэврийн нас нэмэгдэж эхэлнэ гэсэн үг вэ?

- 2018 оноос эхэлнэ гэсэн үг. 2018 онд 60.5 болж нэмэгдэнэ.