Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

З.Нарантуяа: Тооцоо судалгаагаа хангалтгүй хийснээс алдаатай ШИЙДВЭР, БОДЛОГО гарсан

Б.БЯМБАСҮРЭН, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд өнөөдөр Төрийн ордонд төсвийн тодотгол, цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Өнгөрсөн 7 хоногт эрх баригч нам долоон төрлийн татвар нэмлээ, төсвийн тодотголыг Засгийн газрын оруулж ирсэн хэлбэрээр баталж гаргалаа. Сөрөг хүчний зүгээс долоон төрлийн татвар нэмэхийг эсэргүүцэж, үүнийг өөрчлөх зорилгоор зарчмын зөрүүтэй саналуудыг гаргасан байгаа.

Тухайлбал цахилгаан машины татварыг нэмнэ гэдэг заалтыг нэмүүлэхгүй гэдэг санал гаргасан боловч эрх баригчид нэмэх шийдвэр гаргасан. Үүнээс болж өнөөдөр зах зээл дээр машины үнэ нэмэгдэж байна.

Онцгой татваруудыг нэмснээр бараа таваарын үнэ нэмэгдэж эхэлнэ. Тэтгэврийн насыг нэмүүлэхгүй гэдэг зарчмын зөрүүтэй саналыг гаргасан. Харамсалтай нь олонхийн бүлэг нэмэх шийдвэр гаргасан байна.  Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмүүлэхгүй гэдэг шийд гаргасан боловч эрх баригчид нэмэхээр болжээ.

Эрх баригчид төсвийн тодотголыг хэлэлцэхдээ иргэний нийгмийн байгууллага, сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонссонгүй. Өөрөөр хэлбэл дүлий дүмбэ оргиж байгаад хүч түрж, бярдаж төсвийн тодотголыг баталлаа гэж бид харж байна” гэв.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Засгийн газар хоёр зүйл дээр иргэдээ бодоосой гэдэг үүднээс энэ санааг хэлж байна. Долоон татварын гурвыг шууд тавдугаар сарын 1-нээс мөрдөж эхлэх гэж байгаа. Хуулийг хэлэлцэж байх үед зарим гишүүд хугацааг 10 дугаар сарын 1-нээс болгож өгөөч гэсэн зарчмын зөрүүтэй санал оруулсан боловч олонхийн дэмжлэг авч чадаагүй.

Хоёрдугаарт тэтгэврийн насыг үе шаттайгаар нэмж байгаа. Гол нь малчдын тэтгэврийн насыг 5 жилээр наашлуулсан ч эргээд байран дээрээ очиж байна. Яг үүн шиг хүнд хортой нөхцөлд очдог хүмүүс наана тэтгэвэрт гардаг байсан бол буцаад байрандаа очлоо. Иргэдийн амжиргааны түвшин байдлыг дордуулсан хуулиуд гаргажээ. Хуучин байсан хөнгөлөлттэй нөхцлүүдийг яах вэ гэдгийг тодорхой болгохгүй бол олон иргэд бухимдалтай байна” гэв.

"7 төрлийн концессийн гэрээ байгуулагдчихсан, нийт дүн нь 700-800 тэрбум төгрөг"

 
Гэрэл зургийг MPA.mn

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг хэлэлцсэн үү. Танай намын байр суурь ямар байгаа вэ?

З.Н: Зарчмын хувьд, үзэл баримтлал дээр нь өөр байр суурьтай байгаа. Хөрөнгө оруулалтын банк гэдэг бол компаниуд, ААН, хувь хүмүүсийн хөрөнгөө өсгөх, санхүүгийн эх үүсвэрээ олох, нэгдэж, өргөжихөд нь зөвлөгөө тусламж үзүүлдэг мэргэжлийн байгууллага. Тийм учраас хөрөнгө оруулалтын банк нь хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд голлох үүрэгтэй институци байх стандартын дагуу хуулийн концепцийг боловсруулж оруулна. Ажлын хэсэгт намаасаа би ажиллаж байгаа. Цаашид энэ хуулийг гадны хөрөнгө оруулагчдыг хөрөнгийн зах зээлд татаж оруулах, дотоодын банкаа хөрөнгө оруулалтын чиглэлийн үйл ажиллагаанд илүү оролцох боломжийг бий болгох тал дээр сайжруулж ажиллана гэсэн бодолтой байгаа.

-Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагт Концессийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн. 700 гаруй тэрбум төгрөгийн ажил байгаа гэж яригдаад байгаа. Мөн Засгийн газар шинээр хэд хэдэн концесс оруулаад ирлээ гэж байсан л даа. Энэ асуудал дээр АН-ын бүлэг мэдээлэлтэй байна уу?

З.Н: Төсвийн тодотгол хэлэлцэгдэж байх үед МАН-ын гишүүдийн зүгээс Засгийн газар дээр их хурлаар хэлэлцэгдэж, зөвшөөрөгдөөгүй концессийн гэрээний асуудал байна гэдэг асуудал гаргаж тавьж байсан. Бидэнд албан ёсоор тоо баримт ирээгүй. Гэхдээ 7 төрлийн концессийн гэрээ байгуулагдчихсан, нийт дүн нь 700-800 тэрбум төгрөг гэдгийг Төвийн байнгын хорооны гишүүдэд танилцуулсан.

Ж.Б: МАН өнгөрсөн дөрвөн жил концессийг эсэргүүцэж, хүчингүй болгоно гэж ярьдаг байсан. Гэтэл концессийг үргэлжлүүлэх тухай, тэр дотроо өөрийн гишүүдийнхээ нэгдмэл сонирхолтой компаниуд дээр байгаа концессийг санхүүжүүлэхээр олон төслүүдийг оруулж ирсэн байна.

-Тэтгэврийг насыг нэмэгдүүлэх олон улсын жишиг ямар байдаг вэ?

Ж.Б: Дэлхийн олон улс орон дундаж наслалт нь 75-аас дээш гарсан тохиолдолд тэтгэврийн насыг нэмэгдүүлсэн байна. Гэтэл Монгол хүний дундаж наслалт дөнгөж 67 болжээ. Гэтэл МАН-ын бүлэг тэтгэврийн насыг олон улсын түвшинд хүргэнэ гэдэг шийдвэр гаргасан нь Монголчуудыг, ахмадуудыг доромжилсон, хүний эрхийг зөрчсөн шийдвэр гэж АН-ын бүлэг байр сууриа илэрхийлж байна.

З.Н: Тооцооллоо хангалтгүй хийж, дундаж насыг олон улсыг жишигтэй харьцуулж тогтоогоод байх шиг байна. Н.Номтойбаяр сайд АН-ын бүлэг дээр ирж мэдээлэл хийхдээ эмэгтэй хүмүүс тэтгэвэрт гарснаасаа хойш дунджаар 19 жил, эрэгтэй хүмүүс 15 жил орчим тэтгэвэр авч байна гэж хэлж байгаа. Бодит байдал дээр тийм биш. Ихэнх хүмүүс 4-5 жил болоод ертөнцийн мөнх бусыг үзүүлээд байна.

Тооцоо судалгаагаа хангалтгүй хийснээс алдаатай шийдвэр, бодлого гарсан гэж үзэж байгаа.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.