Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Эцэг, эхчүүд 20,000 төгрөгийг хүүхэд бүрт ЯЛГАВАРГҮЙГЭЭР олгохыг шаардлаа

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Хүүхдийн 20,000 төгрөгийг хүүхэд бүрт тэгш хүртээх, Цалинтай ээж хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг шаардаж буй талаар эцэг, эхчүүдийн төлөөлөл өнөөдөр мэдээлэл хийлээ.

Төсвийн тодотголоор хүүхдүүдийн 40 хувьд нь хүүхдийн мөнгийг олгохоор шийдвэрлэсэн.

Үүнийг эсэргүүцэж, Ээжүүдийн оролцоо Монголын ирээдүй, Халамж хүүхдийн мөнгө фэйсбүүк групын аав, ээжүүдийн төлөөлөл нэгдэж, Цалинтай ээж хөтөлбөрийг нэн даруй хэрэгжүүлж, хүүхэд бүрт 20,000 төгрөгийг ялгаварлалгүйгээр олгохыг шаардлаа.

Тэд Монгол орны өнцөг булан бүрт оршин суугаа эцэг эхчүүдийг оролцуулан 2,000 гаруй гарын үсэг бүхий өргөх бичгийг Засгийн газарт өргөн барихаар болжээ.

"Ээжүүдээ битгий ийм цөхөрсөн алхам хийлгээч"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл А.Гарамханд “ОУВС-гаас зээл авахын тулд хүүхдүүдийн маань мөнгийг хассан. Үүн дээр Сангийн сайд Д.Чойжилсүрэн хэтэрхий хавтгайрсан халамжийн бодлого гэдэг үүднээс хандаж байгаа.

Үүнийг ээж, аавууд бид халамжийн бодлого гэж огт бодохгүй байна. Учир нь хүүхдийн ирээдүйд зарцуулагдах мөнгө. Бид эцэг, эхчүүдийнхээ өмнөөс өргөх бичиг барина. Одоогоор бид 2,000 гаруй хүний гарын үсгийг цуглуулаад байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Эцэг, эхчүүдээ бидэнтэй нэгдэж, гарын үсэг зураарай гэж уриалмаар байна. Өргөх бичигт маань шийдвэртэй хариу өгөөсэй гэж хүсч байна. Өргөх бичгээ өгөөд бид 14 хоногийн хугацаанд харна. Цаашид жагсаал цуглаан хийх, хуурай өлсгөлөн зарлах, суулт хийх зэрэг дараа дараагийн арга хэмжээ бий.

Ээжүүдээ битгий ийм цөхөрсөн алхам хийлгээч гэж төр засаг, УИХ-ын эрхэм гишүүдээсээ хүсье” хэмээв.

"Хүнсний талон хэний бизнесийг дэмжээд байгаа юм бэ?"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл Т.Энхтөр “Хүүхдийн мөнгийг яагаад мөнгөн хэлбэрээр олгох ёстой юм бэ гэдгийг тайлбарлая. Анхнаасаа хүүхдийн мөнгийг өгөхдөө мөнгөн хэлбэрээр олгоно гэж ярьж байсан.

Өнөөдрийн банкны хүүгээр буюу жилийн 16.2 хувийн хүүтэйгээр өнөөдрөөс эхлэн хүүхдийн мөнгийг хадгалбал 18 жилийн дараа нэг хүүхдэд 25,479,000 төгрөг цуглана. Энэ мөнгө хүүхдүүдийн ирээдүйд маш их хэрэгтэй.

Нөгөө талаас өнөөдөр зөвхөн хүүхдийн мөнгөөр амьжиргаагаа залгуулдаг өрх айл байгаа. Олон жишээ дурдаж болно. Мөн нэг айлын хоёр хүүхдийн нэгэнд нь мөнгө ороод нөгөөд нь ордоггүй. Энэ ямар судалгаа юм бэ.

Үүнээс гадна 2018 оноос эхлэн хүнсний талон хэлбэрээр өгнө гэсэн байна. Хүнсний талон хэний бизнесийг дэмжээд байгаа юм бэ?” гэлээ.  

"Нярай хүүхэдгүй нь ажилд орж чадахгүй байхад, нярай хүүхэдтэй хүнийг хэн ажилд авах вэ"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Эцэг, эхийн төлөөлөл Ц.Ариунаа “Эхчүүдэд ажлын байр огт байхгүй. Нярай хүүхэдгүй нь ажилд орж чадахгүй байхад, нярай хүүхэдтэй хүнийг хэн ажилд авах вэ. Цалинтай ээж хөтөлбөрийг бид гаргаагүй, төр засаг өөрсдөө хэрэгжүүлсэн.

Д.Чойжилсүрэн сайдад хандаж хэлэхэд өөрөө мөрийн хөтөлбөр гаргачихаад, үүнийг нь хэлэхээр улс орны эдийн засаг хүнд байна, халамжийн хавтгайрсан бодлого Монголд байна гэж хэлээд хүүхдийн мөнгийг хаслаа.

Ажил хийдэггүй эхчүүд яаж амьдрах билээ. Хөдөө, орон нутгийн ээж, аавууд бүгд л ажилгүй байдаг. Хүүхдийнхээ мөнгөөр л амьдардаг” гэв.

 
Гэрэл зургийг Mpa.mn