Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээ хангагдаад ирэхээр аяндаа өөрийгөө болоод бусдыг хүндлээд сурчихдаг...

ikon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хүүхдээ сайн хүн болоосой, ирээдүйд өөрийн хүч чадлаараа сайхан амьдраасай гэж хүсдэггүй эцэг эх байдаггүй шүү дээ. Гэвч хүмүүжлийнх нь явцад хүүхэдтэйгээ хэрхэн харьцах, насны онцлогт нь тохирсон сэтгэлзүйн хэрэгцээгээр хэрхэн дэмжих вэ? гэдгээ мэдэхгүй тохиолдол эцэг эхчүүдэд гардаг. Тиймээс энэхүү асуудлын хүрээнд JET KIDS цэцэрлэгийн эрхлэгч, сэтгэлзүйч Ж.Амар багштай ярилцсанаа та бүхэнд хүргэж байна.


- Танд энэ өдрийн мэнд хүргэе. Бид бага насны хүүхдийн хөгжил, хүмүүжлийн тухай ярих учраас энэ насны хүүхдийн аливааг хүлээн авах чадамжийнх нь талаар эцэг эхчүүдэд мэдээлэл хүргээд ярилцлагаа эхлүүлцгээе?

- Баярлалаа танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. Асуултанд тань хамгийн товчхоноор хариулахад 0-5 насанд хүүхдийн аливааг хүлээн авах чадамж бүхий тархины хөгжлийнх нь 80-90 хувь нь явагддаг. Хөгжлийн алтан үе ч гэж нэрлэдэг. Тиймээс энэ насанд ойлгож мэдэрсэн зүйлс нь бүх амьдралынх нь суурь хүмүүжил, зан төлөв болж үлдэх хамгийн өндөр магадлалтай гэсэн үг л дээ. Мөн хорвоотой танилцах эхний үеийн мэдрэмжээ авч байдаг энэ үедээ хүүхэд бүхнийг загвараар харж, дуурайж сурдаг. 

- Тэгвэл загвар нь эргэн тойрныхон нь болж таарах нь? Бид юунаас эхлэх ёстой юм бэ? 

- Мэдээж тийм. Мөн аав ээж, эмээ өвөө, багш, ах эгч нараас гадна сүүлийн үед гар утас, зурагт, сошиал ертөнц ч гэсэн маш их нөлөөлөх болсон. Харамсалтай нь эцэг эхчүүд хүүхдээ саатуулахын тулд, уйлахаас нь төвөгшөөсөндөө ч тэр үү утсаа бушуухан шиг өгчихдөг.

 

Гэтэл тэнд дэвэн Дэлхийн шүүлтүүргүй мэдээллүүд маш их байдаг. Тиймээс хүүхдээ ирээдүйд сайн, мундаг хүн болгох холын зорилго танд байгаа л бол үүнийгээ ойрын зорилттойгоо зөрүүлэлгүйгээр өөрсдөө эцэг эх байж сурахаас л эхлэх хэрэгтэй.

Бид ямар нэгэн цахилгаан бараа авлаа гэхэд дээр нь хэрхэн яаж ажиллах тухай заавар нь ирдэг шүү дээ. Гэтэл хүүхэд  тийм зааварчилгаатайгаа ирэхгүй нь тодорхой. Тиймээс түүнийг эрж хайж, уншиж суралцах л хэрэгтэй. 

- Та сэтгэл судлаач мэргэжилтэй. Магадгүй энэ нь танай цэцэрлэгийн давуу тал ч байж мэдэх юм. Хүүхдийн сэтгэлзүйн хэрэгцээний тухай та бас их ярьдаг шүү дээ. Энэ талаараа ээж аавуудад зөвлөхгүй юу? 

- Хүүхэд гэлтгүй хүн болгонд сэтгэлзүйн хэрэгцээ гэж байдаг. Зарим эцэг эх даарчих вий, өлсөх вий гэх зэргээр биологийн хэрэгцээнд нь санаа тавьсныгаа хүүхэддээ их сайн анхаарал хандуулж байна гэж андуурах тохиолдол бий. Гэтэл сэтгэлзүйн хувьд анхаарал халамжийн хэрэгцээ, харъяалагдах хэрэгцээ, байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээ гэх зэргээр бодол санаагаа хуваалцах, өөрийгөө нээх шаардлага хүүхдэд байдаг.

 

Бид цэцэрлэгтээ 1 бүлгийн хүүхдийн тоог 15-20-оос хэтрүүлэхгүй байхаар тогтоодог. Энэ нь 2 багш маань хүүхэд бүртэй ойр дотно ажиллаж, тэдний юу бодож, юу хүсэж байгааг ойлгож, дэмжих боломжийг бүрдүүлдэг. Энэ нь анхаарал халамжийн хэрэгцээнд тулгуурласан бидний бас нэгэн үйл ажиллагаа юм л даа. Харъяалагдах хэрэгцээний хувьд цэцэрлэг сургуулийг ойлгож болно.  “Манай ангийн найз” гэж ирээд л хүүхэд их хөөрхөн ярьдаг биз дээ. Энэ нь тэрхүү хэрэгцээ нь хангагдаад хүүхэд сэтгэл өөдрөг байгаагийн илрэл шүү дээ. Харамсалтай нь манай улсын хувьд цэцэрлэгийн хүрэлцээ тулгамдсан асуудал болдог нь үнэхээр харамсалтай.

-Байгаагаараа хүлээн зөвшөөрөгдөх хэрэгцээний тухайд?

-Тухайн хүүхдийн темпераментийн онцлогийг энэ хэрэгцээнд илүү онцолмоор байна. Тухайлбал зарим эцэг эх “энэ ёстой яст мэлхий шиг удаан шүү, гэтэл эгч нь тэс өөр, хурдан шаламгай гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар харагдах байдал, үйл хөдлөл зэргийг нь сөрөг нөлөөг нь төдийлөн анзааралгүй зүйрлэж ярих нь байдаг. Гэтэл хүнд өөрийн төрөлх чанар гэж нэг зүйл байдаг бөгөөд үүнийгээ хүлээн зөвшөөрүүлэх хэрэгцээ хүүхдэд төдийгүй том хүнд ч гардаг.

Магадгүй эцэг эхчүүд эсвэл багш нар өөрсдөө ч анзааралгүй харилцааны алдаа гаргаж энэхүү хэрэгцээг нь хангалгүй удаад л байвал хүүхэд түрэмгий, догшин, бачимдсан, эсвэл сул дорой, өөртөө итгэлгүй болох магадлал ихэсдэг. Хүн өлсөөд л байвал түүндээ бачуураад уурлана биз дээ. Яг л үүнтэй ижилхэн гэж ойлгож болно.

-“Эрх чөлөөтэй хэрнээ эмх журамтай хүүхэд” ярианд тань дурьдагдсан энэ үг маш их анхаарал татлаа.  Яг энэ төлөвшлийг хэрхэн, яаж хүүхдүүддээ өгөх ёстой юм бэ? 

- Дан багшийн зааварчилгаагаар бүхнийг хийгээд номхон сууж байдаг хүүхдийг сайн хүүхэд гэж ойлгож, бас хүүхдүүдэд ойлгуулж болохгүй л дээ. Учир нь хүүхэд нээлттэй, чөлөөтэй сэтгэж өөрийнхөөрөө байх ёстой. Гэхдээ мэдээж бид хүүхэд асрах биш хөгжүүлж, төлөвшүүлэх үйл ажиллагаа явуулж байгаа учир биеэ зөв боловсон авч явах, аливаад чадвартай, хариуцлагатай хандахыг үлгэрлэх үүрэгтэй. Тухайлбал зарим хүүхэд унтахгүй бол бид өдөр заавал унтуулах гээд зүтгээд байх шаардлагагүй. Мэдээж ээж аавтай нь ярилцаж байж шийднэ л дээ.

Манай хүүхэд кино үзээд, тоглоод их орой унтсан гэвэл бид унтуулах л ёстой. Харин зарим тохиолдолд дуртай зүйлээ унтлагын цагтаа хийж яагаад болохгүй гэж. Харин энэ үед дэг журам үйлчлэх ёстойг сануулахад л болно. Найзууд нь унтаж байгаа болохоор чимээ гаргаж, саад бололгүйгээр дуртай зүйлээ хийхийг хүүхэд хялбархаан сурчихдаг. Энэ бол эрх чөлөө байгаа хэрнээ дэг журамтай байгаагийн шинж шүү дээ. Энэ мэтчилэн өөрт нь хандсан, эрх олгосон сэтгэлзүйн хэрэгцээ нь хангагдаад ирэхээр хүүхэд аяндаа өөрийгөө болоод бусдыг хүндлээд сурчихдаг. 

- Хүүхэд ямар нэгэн зүйлийг сурах тохиромжтой нас гэж байдаг уу? 

- Байлгүй яах уу. Жишээ нь хүүхдийн эмх цэгцийн мэдрэмж нь 2-2.5 насанд нь хамгийн оргил үедээ байдаг. Энэ үед нь өөрөөр нь гутлыг нь зэрэгцүүлж тавиулаад, хувцсыг нь эвхүүлэх, тоглоомоо хураах гэх зэргээр эмх цэгцтэй байхыг үлгэрлэх юм бол маш амархан сурдаг. Цаашдаа аливаа зүйлд эмх цэгцтэй ханддаг хүн болно л гэсэн үг. Гэтэл энэ үед нь ээж нь араас нь тоглоомыг нь хамаад л явж байдаг шүү дээ. Мэдээж хожим нь үүнийг сургаж болох ч хүчин чармайлт маш их шаарддаг. Мөн 2 настай хүүхэд л гэхэд хувцасаа өөрөө өмсөх бүрэн чадамжтай. Энэ нас чинь би өөрөө гэдэг үе нь байхгүй юу.

 

Тийм гэж үү? Мэдээж тийм. Германд “сурган сэтгэл судлал”-аар сурч байхдаа тэндэхийн цэцэрлэгт дадлагаар очдог байсан юм. 2-3 насны ангид хүүхдүүдийг хувцасаа өмсөхөд сургачихсан байсан.  Багш болоод аав ээжийнх нь хамтарсан хүчин чармайлт илүү сайн үр дүнд хүргэх боломжтойг эндээс маш сайн ойлгосон. Бусад хүүхдүүд хувцасаа багшийнхаа хэлсэнээр өмсөж байхад нэг хүүхэд л гараа ч хөдөлгөхгүй багшийгаа хүлээгээд суудаг байсан юм.

Тэр үед багш нь ээжтэй нь шаардлага тавьсан өнгө аясаар ярихыг хараад их гайхаж, өөр санагдаж билээ. Ээж нь өглөө ажилдаа хоцрохгуйн тулд хүүхдийнхээ хувцасыг өөрөө өмсүүлдэг тухайгаа ярихад багш “хүүхэд тань хувцасаа өөрөө өмсөхөд хэр хугацаа шаардлагатай вэ?” гэж асуусан юм.  30 аад минут гэсэн хариултанд багш “за тэгвэл та маргааш сэрдэг цагаасаа 30 минутын өмнө босоод хүүхдээ өөрөө хувцасаа өмсөж сурахад нь дэмжээд ирээрэй” гэсэн юм. Тухайн ээж хүүхдийнхээ би өөрөө гэдэг үед нь өмнүүр нь ороод байна гэж үзэж байгаа хэрэг л дээ. Тэгэхээр үүгээр юу хэлэх гээд байна вэ гэвэл яг л энэ сурах насанд нь, тохирсон өгөгдөлтэй үед нь бид хичээх юм бол хүүхдүүд маань том болоод бэлэн зүйл хүссэн, хүнд найдсан хандлагыг гаргахгүй байх боломжтой юм.

- Эцэг эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхэд гаргадаг түгээмэл алдаа юу вэ? мэдээж алдаагаа залруулахад  таны зөвлөгөө тус болох байх.

 -Худлаа ярих: Хүүхэд нэг найзынхаа үсийг зулгаачихлаа гэж бодоход ээж аав нь ирээд чи яагаад айлын хүүхдийн үсийг зулгаасан, чамайг ёстой цагдаад хэлнэ дээ, энэ хүнд өгч явуулна даа гэх зэргээр загнаад эхэлдэг. Гэтэл ээж аав хүүхдээ хэзээ ч цагдаад барьж өгдөггүй л байхгүй юу. Иймэрхүү үг олдохоор хүүхэд өө ингэж л байдаг юм гэсэн ойлголттой л үлдэнэ. Үүнийхээ оронд дахиад ингэх юм бол дараа 7 хоногт гэр бүлээрээ явах зугаалганд чамайг авч явахгүй шүү гэдэг ч юм уу бодит хариуцлага хүлээлгэх хэрэгтэй. Үнэхээр ингэж хэлсний дараа тухайн буруу үйлдэл нь давтагдвал аав ээж уурлаж бухимдалгүйгээр бид ингэж тохирсон шүү дээ. Тийм болохоор үнэхээр харамсалтай байна гээд л хариуцлага хүлээлгэх байр сууриндаа бат зогсох хэрэгтэй. Ийм бодит сахилгажуулалтын арга хэрэглэснээр нөгөө хүүхэд буруу зүйл хийж болдоггүй юм байна, эргээд  өөрт нь хариуцлага ирдэг юм байна гэдгийг ойлгодог. 

 

Ярьж тайлбарлалгүйгээр цааргалах: Магадгүй та ядраад эсвэл завгүй байж болно. Энэ үед хүүхдээ за цаашаа цаашаа гээд шууд цааргалаад байвал хүүхэд юу ойлгох бол? Үүнийхээ оронд ээждээ 5 хан минут өгчих, эсвэл цаг мэдэхгүй хүүхдэд энэ зүү энд ирэхээр хоёулаа тоглоё гэдэг ч юм уу өөрийг нь бие хүн гэдгийг хүндэлсэн харилцан яриа өрнүүлж асуудлыг шийдэх хэрэгтэй юм. 
Яагаад болохгүй, юу нь бурууг нь тайлбарлалгүй загнах: Бид болохгүй гээд л хүүхдээ загнаад байдаг. Гэтэл яагаад болохгүй юм бүү мэд. Дүрэм нь өөрөө тодорхой байж хүүхэд тэрийг мөрдөнө шүү дээ.  

Хүүхдийнхээ уйлахаас их айдаг: Яг цаг харах юм бол хүүхэд 2 минут хавьцаа л уйлдаг. Уйлахаас нь айгаад л хүссэн болгоныг нь биелүүлээд байвал энэ нь бүхнийг дийлэх арга нь болж хувирна. Нэг бол бүр уйлуулахгүй чимээгүй бай гээд таг хориод байвал бачуурсан байдалд хүүхдийг хүргэнэ. Тиймээс уурлаад, хашгирч уйлж байгаа хүүхдийг түр орхичих хэрэгтэй. Хэсэг уйлаад хүүхэд тайвширдаг учир энэ үед нь нээлттэй ярьж, тэвэрч хайр мэдрүүлэх нь эерэг харилцааг бий болгодог. 

 

Манай цэцэрлэгийн сургалтын системд 10Q буюу хувь хүн бүрт төлөвшин бий болох ёстой чадамжийн хичээл хөтөлбөрт багтсан байдаг л даа. Энд жишээ нь сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлэх, магадгүй уураа хэрхэн гаргах, тэвчээртэй хандаж түргэн зангаа хаях гэх мэтчилэн чадваруудыг олгох агуулгууд ч шингэсэн байдаг. Танин мэдэхүйгээс эхлээд, мөнгө санхүүтэй харьцах, оюун санааны дотоод ертөнцөө тэлж, амьдралд байгаа бүхий л сайхан зүйлийг олж харж баярлаж сурах, ёс суртахуунд хүмүүжих гэх мэтчилэн олон чадварыг үүгээр дамжуулж хөгжүүлэх боломжтой. Тиймээс ээж аавууд үүнийг ч гэсэн магадгүй олж судалж, хүүхэддээ анхаарч болно шүү дээ. 

- Сайхан санаа байна. Мөн танайх 2017 оны 05 сарын 06-нд Jet kids цэцэрлэгийн нээлттэй өдөрлөг болно гэсэн мэдээллийг цахим хуудсандаа нийтэлсэн байсан. Энэ өдөрлөгийнхөө мэдээллээс хүргэхгүй юу? 

- Мэдээлэл олж уншсанд баярлалаа \инээв\. Бид хүүхдээ ямар цэцэрлэгт, ямар орчинд хүмүүждэг, багшийн ур чадвар болоод хөгжүүлэх үйл ажиллагаа нь ямар стандартын дагуу явагддаг зэргийг сайн мэдэх хэрэгтэй шүү дээ. Тиймээс нээлттэй хичээл, эцэг эхчүүдэд зориулсан зөвлөгөө мэдээлэл, хоолны амталгаа гэх зэрэг үйл ажиллагааг багтаасан нээлттэй өдөрлөгийг зохион байгуулах гэж байгаа юм.

Мэдээж манай цэцэрлэгтэй танилцах хүсэлтэй хүн бүр ирэх боломжтой учир аав ээж, эмээ өвөө та бүхэн бяцхан үрстэйгээ хүрэлцэн ирээрэй гэж ярицлагаараа дамжуулан урьж байна.  

Танд маш их баярлалаа. Хүүхдийн хүмүүжил болоод тэр болгон яригдаад байдаггүй сэтгэлзүйн хэрэгцээний тухай ойлголт олон хүнд хүрч, үр дүнгээ өгнө гэдэгт итгэж байна. 

 
 
 
 
 
 
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.