Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Орбитын уулзвараас Толгойтын эцэс хүртэлх 3.6 км замын засварыг 10 дугаар сард дуусгана"

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сонгино хайрхан дүүргийн удирдлагууд “нээлттэй нийслэл” мэдээллийн цагт оролцож дүүрэгт хэрэгжиж буй төсөл, арга хэмжээний үйл явц, энэ жилийн ажлын үр дүнгийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

СХД-ийн хэмжээнд цахилгаангүй 1,300 айл өрх байна

Сонгино хайрхан дүүргийн Засаг дарга Ж.Сандагсүрэн “СХД 315 мянган хүн амтай. Хүн амын 80 хувь нь гэр хороололд амьдардаг.

Цахилгаангүй 1,300 айл өрх байна. Эдгээр айл өрхийг нийслэлийн төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилтээр 100 хувь цахилгаанд холбох ажлыг энэ онд багтаан хийнэ.

Хөрөнгө оруулалтын өгөөж муу байгаа учраас төсвийн 900 орчим сая төгрөгөөр гэрэлтүүлэг, камержуулалт, явган хүний зам барихад зарцуулахаар төсөвлөсөн.

Дүүргийн хэмжээнд хоёроос таван насны нийт 31 мянган хүүхэд байдаг.

Үүнээс 10 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа юм.

Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор 3-р хорооны хуучин өрхийн эмнэлэг, 31-р хорооны ахуйн үйлчилгээний байруудыг засварлан цэцэрлэгийн зориулалттай болгосон.

Мөн 20, 22-р хорооны цэцэрлэгийн барилгын ажил 60 хувьтай явагдаж байна” гэв.

Цахилгаанаар халдаг төхөөрөмжийг иргэдэд сурталчлах ажлыг эхлүүлжээ

СХД-ийн хувьд тулгамдаж байгаа асуудлуудын нэг нь явган хүний зам. Тиймээс энэ ондоо багтаан баруун чиглэлийн замуудыг ашиглалтад оруулж, түгжрэлгүй зорчих боломжийг нээх талаар удирдлагууд хэлж байв.

Тухайлбал Орбитын уулзвараас Толгойтын эцэс үйлдвэрчний эвлэлийн гудамж хүртэлх 3.6 км авто замын ажлыг энэ оны 10 сард дуусгахаар эхлүүлээд байгаа аж.

Мөн түүнчлэн алслагдсан хороодын иргэдэд хүрч үйлчлэх нийтийн тээврийн асуудлыг шийдвэрлэж, Алтан овоо-10-р хороолол чиглэлд дунд оврын автобус явуулж эхэлжээ.

Сонгино хайрхан дүүрэг 32 хороотой. Хороодын хүн амын ачааллыг тэнцвэржүүлэх, иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг сайжруулах зорилгоор 10,000-аас дээш хүн амтай есөн хороог хуваах судалгааг ИТХ-д хүргүүлсэн байна.

Агаарын бохирдлоос иргэдийн эрүүл мэндийг хамаалахын тулд цахилгаанаар халдаг тоног төхөөрөмжийг олон нийтэд сурталчлан таниулах ажлыг эхлүүлжээ.

Ингэснээр гэр хорооллын шөнийн тарифыг тэглэсэн учир иргэд боломжоороо цахилгаан халаагуур хэрэглэж эхэлвэл агаар бохирдол буурах магадлалтай гэж үзэж байгаа аж. 

Мөн “Энгийн дадлаар эрүүл амсгалъя” аяныг зохион байгуулж, агаарын бохирдлын мэдээллийг тогтмол харж болох LCD дэлгэцийг дүүргийн гурван сургууль дээр байршуулсан байна. 

 Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцыг дэс дараатай шинэчлэх ажлын хүрээнд холбогдох мэргэжлийн байгууллагын үнэлэлт дүгнэлтийг гаргуулан иргэдээс санал авч хот төлөвлөлтийн газарт хүргүүлсэн аж.