Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/17-НД НИЙТЛЭГДСЭН

“Тоглоомын түүх”-ийн Базз Монголын тухай юу гэж жиргэв

СУРТАЛЧИЛГАА
2017 оны 4 сарын 17
Сурталчилгаа
Зураг зураг

Холливудын хамгийн алдартай анимейшн кинонуудын нэгд зүй ёсоор ордог “Тоглоомын түүх (Toy story)” киног хүүхэд багачууд төдийгүй томчууд андахгүй. Тус киононы гол дүр, сансрын зоригт баатар Базз нь киноноосоо гадна зурагт хошигнолуудад (meme) их ашиглагддагаараа сошиал ертөнцөд алдартай. Тэгвэл тэрхүү зоригт баатар Баззын амьдрал дээр эх дүр буюу дүрийн санааг авсан эзэн нь НАСА-ын амьд домгуудын нэг болох сансрын нисэгч Базз Олдрин хэмээх бодит хүн болохыг үзэгчид төдийлөн мэддэггүй байх. 

 

Базз  Олдрин нь 1969 онд Аполло 11 хөлгөөр саран дээр буусан бөгөөд багийн командлагч Нил Армстронгийн дараа саран дээр хөл тавьсан хоёр дахь хүн юм. Тэрээр олон жил НАСА-д сансрын нисэгч, инженерээр ажилласны дараа Флоридагийн Технологийн Их сургуулийн дэргэд Сансрын Институти байгуулан сансар судлал, Ангараг гарагийн судалгааны чиглэлээр ажиллаж байгаа ажээ. 

Харин дотктор Олдрин саяхан албан ёсны твиттер хуудастаа УИХ-ын гишүүн Л.Болдтой авахуулсан зургийн хамт “Шинэ Монголын санаачилга болон сансрын порт байгуулах төлөвлөгөөнд нь Болдод баяр хүргэе. Манай Сансрын Институт хамтран ажиллахад бэлэн” хэмээн жиргэсэн байна.  Монголд сансрын төв байгуулах, улмаар Монгол хүн дахин сансарт нисэх ч төлөвлөгөөний эхлэл байх юм билүү гэж бодон энэ жиргээний мөрөөр эрэл хийж үзлээ. 

Шинэ Монголын төлөө Санаачилга гэдэг нь УИХ-ын гишүүн Л.Болдын тэргүүлдэг төрийн бус байгууллага юм байна. Монгол Улсыг хөгжлийн дараагийн шатанд гаргаж хөгжүүлэх, олон улсад Монголын шинэ имижийг бүрдүүлэхэд гадаад харилцаа, мэдлэг туршлагаа нэгтгэх гэсэн гэгээлэг зорилготой төрийн бус байгууллага аж.

Харин тус байгууллага сансрын чиглэлээр ямар ажил санаачлан хөөцөлдөөд яваа талаар тодруулахад “бид олон улсын зарим байгууллагатай ярилцаж төлөвлөж байгаа ажил бий, гэхдээ одоогоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна, Удахгүй илүү баталгаат мэдээлэл өгье” гэлээ. Ямартай ч Базз  Олдрин оргүй хоосон зүйл жиргээгүй бололтой, тиймээс ирээдүйг харсан сонирхолтой төслийн тухай мэдээлэл авах болтугай гэж найдъя.  

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.