Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Сумын удирдлагад ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс талийгаачид асар их дарамт үзүүлсэн"

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Завхан аймгийн Идэр суманд төрийн албан хаагч өөрийгөө шатааж, амь насаа алдсантай холбогдуулан талийгаачийн ар гэрээс өнөөдөр Зууны мэдээ сонины үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийлээ.

2017 оны гуравдугаар сарын 27-ны өдөр Завхан аймгийн Идэр суманд төрийн албан хаагч С.Тэгшжаргал амиа алдсан харамсалтай хэрэг гарсан.

Тус хэргийн талаар гомдол гаргаж, Цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа юм байна.

"Гэр бүлд минь нөхөж баршгүй гарз учруулсанд гомдолтой байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Талийгаачийн нөхөр Ш.Батбаатар “Ажлаас халсан учраас л ийм зүйл болсон гэж бодож байна. Эхнэр маань өмнө нь Монгол Ардын намд байсан ч намаасаа түтгэлзсэн. Аль ч нам гарсан ажлаа хийгээд явдаг байсан.

Энэ жил Баярмаа гэдэг хүн Засаг дарга болоод Нямжав гэдэг хүнийг ажилд авахын тулд эхнэрийг маань байнга дарамталсаар байгаад ийм байдалд хүргэлээ.

Амиа хорлох явдал болохоос өмнө сэтгэл санаа нь ажлаас халагдах болсны улмаас арай тайван бус байсан. Нутгийн удирдлагууд өнөөдрийг хүртэл надтай уулзаагүй байна. Гэр бүлд минь нөхөж баршгүй гарз учруулсанд гомдолтой байна” гэв.

"Иргэн Нямжав хүсэлт гаргасны дагуу талийгаачийг халсан гэдэг үндэслэлийг шалгуулахаар болсон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Өмгөөлөгч Б.Батмөнх “Талийгаачийн нас барсан шалтгааныг гэр бүлийн хүчирхийлэл, өр зэргээс үүдсэн гэж үзэж байгаа нь гэр бүлийнхэнд нь хүндээр тусч байгаа.

Үүнийг сэргээлгэх болон анхнаасаа ажил албан тушаалд хууль бусаар томилогдсон хүнийг хуулийн дагуу томилсон гэж үзээд байгаа нь үндэслэлтэй эсэхийг шалгуулахаар надад хандсан.

Талийгаачийн оронд томилогдсон Нямжав хуульд заасан үндэслэлийн дагуу ажилд томилогдсон гэж байгаа ч талийгаачийг  ажил албан тушаалаас нь халж чөлөөлсөн нь үндэслэлтэй эсэхийг шалгуулахаар Төрийн Албаны Зөвлөл болон Захиргааны хэргийн  шүүхэд хандана.

Төрийн албан хаагчийг ажлаас чөлөөлөх цөөн хэдэн үндэслэл бий. Гэтэл талийгаачийг тухайн үед иргэн Нямжав хүсэлт гаргасны дагуу л халсан гэдэг үндэслэлийг шалгуулахаар болсон” гэлээ.

"Дөрвөн жилээр улс орны амьдрал өөрчлөгдөж, халаа сэлгээ хийгддэг ёс бус зүйл байна"
 
Гэрэл зургийг Mpa.mn

Талийгаачийн нагац ах С.Доржсүрэн “Дүүгийн минь талаар янз бүрийн хэл ам гарч, хүмүүс буруу зөрүүгээр ярьж байна. Ямар нэг өвчин эмгэг байгаагүй, эрүүл саруул байсан.

Мөн сэтгэл санааны хямралаас болж амиа хорлоогүй. Цалингийн зээлтэй байсан ч ажлаа хэвийн хийгээд, зээлээ төлөөд л явж байсан.

Шалтгаан нь намчирхаг байдал, ашиг сонирхолын зөрчил гэж үзэж байна. Талийгаач 20 гаран жил сумандаа тогтвор суурьшилтай ажиллаж байсан. Шинээр засаг төр солигдоход ажлаас нь халсан.

Сумын удирдлагад ажиллаж байгаа нэр бүхий хүмүүс садан төрлийн холбоогоо ашиглан талийгаачид асар их дарамт үзүүлсэн. Сумын орлогч дарга Болдбаатарын эхнэр нь өдөр бүр дүүг минь ажлаа өгөхийг шаардаж, дарамталдаг байсан.

Иймээс дүү маань маш хүнд байдалд орсон. Манайд дөрвөн жилээр улс орны амьдрал өөрчлөгдөж, халаа сэлгээ хийгддэг ёс бус зүйл байна” хэмээн тайлбарлалаа.