Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголын эдийн засагт 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна"

С.Бадрал, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн банкнаас бүс нутгийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн судалгаа болох Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн тайланг өнөөдөр танилцууллаа.
Энэхүү тайланд бүс нутгийн эдийн засгийн дархлааг дэмжихийн тулд улс орны бодлого боловсруулагчид макро эдийн засгийн эмзэг байдлыг тууштай бууруулан, төсвийн хөрөнгө оруулалтын чанарыг сайжруулж, бүс нутгийн интеграцчлалыг нэмэгдүүлэх нь зүйтэй гэж зөвлөсөн байна.

Зүүн Азийн хөгжиж буй орнуудын дотоодын эрэлт харьцангуй хүчтэй байгаа, дэлхийн эдийн засаг болоод түүхий эдийн үнэ алгуур сэргэж байгаа зэргээс шалтгаалан тус бүс нутгийн хөгжиж буй орнуудын өсөлтийн төлөв ирэх гурван жилд эерэг байхаар байна хэмээн Дэлхийн Банкны эдийн засгийн шинэ тайланд дурьджээ. Тогтвортой өсөлт, хөдөлмөрийн хөлсний нэмэгдэж байгаагаас хамааран тус бүс нутгийн ядуурлын түвшин цаашид ч үргэлжлэн буурах төлөвтэй байна. 

Гэсэн хэдий ч дэлхий дахины нөхцөл байдал болон дотоодын эмзэг байдал нь уг бүсийн хэтийн төлөвт эрсдэл учруулсаар байна. АНУ-ын төвбанкны хүүгийн түвшин хүлээгдэж байснаас хурдан өсч, зарим өндөр хөгжилтэй орнууд дотоодын зах зээлээ хамгаалах бодлого барьж байгаа, Зүүн Азийн хэд хэдэн орнуудад зээл, өрийн түвшин огцом өссөн энэ нөхцөлд бодлого боловсруулагчид макро эдийн засгийг оновчтой удирдахад үргэлжлүүлэн анхаарахын зэрэгцээ дунд хугацаанд төсвийн зохистой тэнцэлийг хадгалах шаардлагатайг тайланд зөвлөмж болгожээ.  

Энэ удаагийн Зүүн Ази, Номхон далайн эдийн засгийн тойм тайланд Монголын Засгийн газар өрийн тогтвортой төлвийг эргэн сэргээх болсонтой уялдан 2017 онд эдийн засаг нь төдийлөн өсөхөөргүй байгаа бол 2018 оноос бага зэрэг сэргэлт ажиглагдана гэсэн хүлээлттэй байна гэжээ.

Мөн Хятадын эдийн засагт хийгдэж буй хэрэглээ, үйлчилгээний салбарт чиглэсэн бүтцийн өөрчлөлттэй уялдан өсөлт цаашид удаашрахаар байна гэдгийг дурьджээ. 

Уг тайланд Хятадын эдийн засаг 2016 онд 6.7 хувиар өссөн бол 2017 оны 6.5 хувиар, 2018 онд 6.3 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ. Зүүн өмнөд Азийн томоохон эдийн засгууд болон энэ бүсийн бусад орнуудад эдийн засгийн өсөлт 2016 онд 4.9 хувьтай байсан бол 2017 онд 5, 2018 онд 5.1 хувь болж бага зэрэг өснө гэсэн хүлээлттэй байна. Хөгжиж буй Зүүн Ази, Номхон далайн орнуудын эдийн засаг 2017 онд 6.2, 2018 онд 6.1 хувиар тус тус өснө гэж төсөөлжээ. 

Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс хариуцсан Дэд ерөнхийлөгч хатагтай Викториа Кваква “Дэлхийн эдийн засгийн алгуур сэргэлт болон зохистой бодлого нь Зүүн Ази болон Номхон далайн орнуудад эдийн засгийн тогтвортой өсөлтөө хадгалж, ядуурлыг бууруулахад дэмжлэг болж байна.

Энэхүү тогтвортой өсөлтийг хадгалахын тулд улс орнууд төсвийн эмзэг байдлаа бууруулж, төсвийн зардлын чанарыг сайжруулахын зэрэгцээ дэлхийн болон бүс нутгийн интеграцчлалаа бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн хэлжээ.

Бүс нутгийн эдийн засгийн өсөлт нь төрийн болон өсөн нэмэгдэж буй хувийн хөрөнгө оруулалт гэх мэт харьцангуй хүчтэй байгаа дотоод эрэлтээс голлон үүдэлтэй байна. Үсрэнгүй хөгжиж буй зах зээлүүд болон хөгжиж буй орнуудын эдийн засгийн сэргэлтээс шалтгаалан экспортын эрэлт мөн нэмэгдэж байгаа нь дээрх хандлагад нөлөөлөхөөр байна.

Түүхий эдийн үнэ аажмаар сэргэж байгаа нь бүсийн экспортлогч орнуудад эергээр нөлөөлөхийн сацуу Зүүн Азийн түүхий эд импортлогч орнуудын эдийн засагт ч сөргөөр нөлөөлөхөөргүй байна. 

Зарим нэг түүхий эд экспортлогч жижиг орнууд төсөвч учирч буй төлбөрийн чадварын эрсдлээ бууруулахын тулд хэд хэдэн алхамуудыг хийх шаардлагатай байна. Хэдий бага түвшингээс боловч инфляци өсч байгаа, мөн хөрөнгийн урсгалын хэлбэлзэл нэмэгдэж буй өнөөгийн нөхцөлд бүсийн ихэнх орны бодлого боловсруулагчид мөнгөний тэлэх бодлогоо эргэн харах шаардлагатай байна хэмээн тайланд дурьдсан байна.

Хятадын засгийн газар үйлдвэрлэлийн хэт тэлэлт болон зээлийн өсөлтийг бууруулах бодлого барьж байгаагаас үүдэн Хятадын эдийн засгийн өсөлт үргэлжлүүлэн саарна. Иймээс үл хөдлөх хөрөнгийн салбарт удаашралт ажиглагдана гэж тайланд дурьджээ. 

Бүсийн эдийн засгийн цаашдын төлөвт учрах аливаа эрсдлийг бууруулахад макро эдийн засгийн зохистой бодлого чухал болохыг тайланд онцолсон. Тайланд дурьдсанаар бүсийн томоохон эдийн засагтай орнуудын хувьд төсвийн орлого нэмэгдэх нь төсвийн тогтвортой байдалд учрах эрсдлийг бууруулахын зэрэгцээ хүртээмжтэй өсөлтийг нэмэгдүүлэх хөтөлбөрийг Засгийн газраас санхүүжүүлэхэд дэмжлэг болно гэжээ.

Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо (ЗӨАОХ)-ны гишүүн томоохон хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 2017-18 онуудад харилцан адилгүй шалтгаантайгаар бага зэрэг хурдсахаар байна. Филиппин улсын хувьд дэд бүтцийн салбарт төрийн хөрөнгө оруулалт нэмэгдэж мөн хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт, зээлийн өсөлт болон гаднаас орж ирэх шилжүүлгэ нэмэгдэж байгаагаас эдийн засаг нь 2017, 2018 онуудад жилийн 6.9 хувийн өсөлттэй байна хэмээн тооцоолжээ.

Малайзын хувьд, засгийн газраас олгох татаас нэмэгдэж, дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт болон экспорт өсч байгаа зэрэг нь тус улсын эдийн засаг 2017 онд 4.3, 2018 онд 4.5 хувиар өсөхөд голлон нөлөөлнө.  

Индонезид газрын тосны үнийн өсөлт, зээлийн тэлэлт нь 2016 онд 5 хувьтай байсан өсөлтийг 2017 онд 5.2 хувьд хүрч өсөхөд дэмжлэг үзүүлнэ.

Вьетнамын хувьд зах зээлийн таатай уур амьсгал, гадаадын шууд хөрөнгө оруулалтын өсөлт зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт 2017 онд 6.3 хувьд хүрнэ. 
 
Бүсийн жижиг орнуудын хувьд томоохон хөрш орнууд дахь эдийн засгийн идэвхжил үргэлжлэх нь эерэг нөлөөтэй байх бол мөн зарим нэгийнх нь хувьд түүхий эдийн үнийн өсөлт хөшүүрэг болно.

Төсвийн зарцуулалт нэмэгдэж хөдөө аж ахуй аялал жуулчлалын салбарын тэлэлт барилга, хувцас үйлдвэрлэлийн салбарын уналтыг нөхсөнөөр Камбожийн эдийн засаг 2017, 2018 онуудад 6.9 хувиар өснө.

Бирмийн хувьд дэд бүтцийн салбарын зарцуулалт нэмэгдэж, бүтцийн шинэчлэлийн улмаас гадаадын хөрөнгө оруулалтыг илүү ихээр татаж байгаа ба 2016 онд 6.5 байсан эдийн засгийнх нь өсөлт 2017 онд 6.9, 2018 онд 7.2 хувь хүрч тус тус өснө.  

Хэд хэдэн шинэ уул уурхай болон газрын тосны төслүүд эхэлснээр Папуа шинэ Гвинейн эдийн засаг алгуур сэргэхээр байна.