Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Тавдугаар сарын 1-нээс нэмэгдэх ГУРВАН ТӨРЛИЙН ТАТВАР

Б.Ану
2017 оны 4 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын нэгдсэн чуулганы өчигдрийн хуралдаанаар зарим татварыг ирэх сараас нэмэгдүүлэх саналыг дэмжээд байна. Хэдийгээр холбогдох хуулийн төслүүд эцсийн хэлэлцүүлэгт шилжиж чуулганаар батлагдаагүй  ч нэгэнт тодорхой болсон өөрчлөлтүүдийг та бүхэндээ танилцуулъя. 

Суудлын автомашины онцгой албан татварыг нэмэгдүүлнэ

Манай улсад бүртгэлтэй тээврийн хэрэгслийн дийлэнх буюу 75 -85 хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, хуучирсан техник байгаа нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж, агаарын бохирдлын хэмжээг нэмэгдүүлэх нэг шалтгаан болж байна. 

Иймд Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж 2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хос тэжээлт автомашин, шингэрүүлсэн хийгээр ажилладаг автомашин, цахилгаан тэжээлт автомашины татварын хөнгөлөлтийг 50 хувиар бууруулж, суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж онцгой албан татварын хэмжээг нэмнэ.

Тухайлбал, 4500см³-аас доош хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд үйлдвэрлэсэн оноос хамааруулж 3-15 хувь, 4501см³-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай суудлын автомашинд 40-250 хувиар тус тус онцгой албан татварын хэмжээг нэмэгдүүлнэ.

Ингэснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр нэмэгдэж, 57.3 тэрбум төгрөгт хүрэх төлөвтэй байна гэж хуулийн төслийн танилцуулгад бичжээ. 

Автомашины онцгой албан татварын талаар судлаачдын бичсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж танилцах боломжтой. 

Хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн иргэдийн хадгаламжийн хүүгийн орлогод татвар ногдуулна.

Өнөөгийн мөрдөгдөж буй Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу иргэдийн хадгаламжийн хүүд 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн татвар ногдуулна гэж байсныг наашлуулж байна гэсэн үг юм.  Энэ нь таны хадгаламжийн хүүгийн орлогоос 10 хувийн татвар авах тухай юм. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэлтэй ЭНД дарж унших боломжтой.  

Ингэснээр төсвийн орлого:

  • 2017 онд 43 тэрбум төгрөг,
  • 2018 онд 67 тэрбум төгрөг,
  • 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэх боломжтой.

Импортын тамхинд ногдох гаалийн албан татварыг нэмнэ

2017 оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн импортын тамхинд ногдох гаалийн албан татварын хэмжээг Дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тулган нэмэгдүүлж 30 хувьд хүргэнэ. 

Хуулийн төслийн танилцуулгад импортын тамхинд 5 хувийн гаалийн албан татвар ногдуулдаг ба ирэх сараас энэ хувь 30 болж өсөх нь ээ. 

Ингэж хувь хэмжээг нэмэгдүүлсэнээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдэх талаар Засгийн газраас өргөн барьсан хуулийн төслийн танилцуулгад дурджээ. Тамхины татварыг нэмэгдүүлсэнээр тамхидалт багасах ялангуяа үнэд мэдрэг байдаг хүүхэд, залуусын тамхидалт буурах эерэг талтай талаар хуулийн төслийн танилцуулгад дурджээ.