Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Манай тамирчид ОУ-ын боксын тэмцээнээс алт, мөнгөн медальтай ирлээ

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN

Монголын боксын холбооны насанд хүрэгчдийн, залуучуудын шигшээ багийн 11 тамирчин олон улсын хоёр тэмцээнд оролцоод өчигдөр эх орондоо иржээ.Тухайлбал, Тайландын Бангкок хотод Тайландын эзэн хааны цомын нэрэмжит сонирхогчдын боксын тэмцээн энэ сарын 2-10-нд болсон.

Насанд хүрэгчдийн шигшээ багаас гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн, Ардын багш, гавьяат дасгалжуулагч Д.Банди, Н.Мөнхсайхан нарын удирдлага дор 49 кг-д Г.Ган-Эрдэнэ, 52 кг-д М.Гандулам, 56 кг-д О.Мөнхсайхан, 60 кг-д “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, гавьяат тамирчин Д.Отгондалай, 64 кг-д Армийн дэлхийн аварга Б.Чинзориг, 69 кг-д Азийн АШТ-ийн мөнгө, хүрэл медальт Б.Түвшинбаяр, 75 кг-д Ж.Отгонжаргал нар тулалджээ.

Тэмцээнээс Гавьяат тамирчин Д.Отгондалай алт, Г. Ган-Эрдэнэ хүрэл медаль хүртжээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

Гавьяат тамирчин Д.Отгондалай "Тайландын эзэн хааны цомын аварга шалгаруулах сонирхогчдын боксын тэмцээнд амжилттай оролцоод ирлээ. Маш баяртай байна. Тэмцээнд 18 орны 100 гаруй тамирчид оролцсон. Рио-2016 олимпод амжилт үзүүлж байсан шилдэг тамирчид өрсөлдсөн. Мөн, удахгүй 4 сарын 24-нд Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээнийг зорих гэж байна. Өнөөдрөөс эхлэн бэлтгэлээ хангаж эхлэнэ" гэлээ.

Багийн дүнгээрээ манай тамирчид дөрөвдүгээр байрт шалгарч 7.5 мянган ам.доллараар шагнуулжээ. Дэлхийн шилдэг багууд урилгаар оролцдог тус тэмцээний шагналын нийт сан 100 мянган ам.доллар юм байна.

Гавьяат тамирчин Д.Отгондалай өмнө нь 2008 онд тус тэмцээнээс алтан медаль хүртэж, дэлхийн боксын мэргэжилтнүүдийн анхааралд өртөж байжээ.

Эмиль Жейчевийн нэрэмжит тэмцээнээс Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртжээ

Харин залуучуудын шигшээ багийн таван тамирчин Болгарын нийслэл Софи хотод Европын боксын холбооны ерөнхийлөгч асан Эмиль Жейчевийн нэрэмжит олон улсын тэмцээнд оролцоод ирсэн байна. Тэмцээнд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч С.Эрдэнэбатын удирдлага дор 49 кг-д Б.Буяндалай (Ховд аймаг), 52 кг-д Ц.Мөнхбаатар (Хөвсгөл), 56 кг-д Б.Төгөлдөр (Ширэнбээлий), 60 кг-д А.Хавдалмажид (Баян-Өлгий), 64 кг-д Э.Шижирбаатар (Барселона) нар тулалджээ.

Тус тэмцээнээс Б.Буяндалай, Б.Төгөлдөр нар мөнгөн медаль хүртсэн байна.

 

Б.Төгөлдөр "Би боксын спортоор 6 дах жилдээ хичээллэж байна. Сая Софи хотод болсон олон улсын залуучуудын А зэрэглэлийн тэмцээнд оролцож 56 кг-д мөнгөн медаль авсан. Алтан медаль авах боломж байсан боловч тактикаа буруу боловсруулаад гарчихсан. Цаашдаа өөр тэмцээнүүдэд илүү их амжилт гаргахаар зорьж байна" гэв.

Б.Буяндалай "Би 49 кг-д тулалдаж мөнгөн медаль авсан. Эхний тойрогтоо Италийн боксчинтой тулалдаж санал нэгтэй хожсон, хоёр дох тойрогтоо Азербайжаны тамирчинтай тулалдсан. Харин, гурав дах тойрогтоо Румыны тамирчинтай тулалдаж онооны харьцаагаар хожигдсон байгаа. Дараагийн удаа долоодугаар сард Тайландын Азийн аваргад оролцох зорилготой байна. Одооноос бэлтгэл, сургуулилтаа сайн хийнэ" гэж ярилаа.

Баг тамирчдыг өнөөдөр Үндэсний шигшээ багийн албаны дарга Ч.Насантогтох, Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Батнасан нар хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тайландын эзэн хааны цомын тэмцээнд оролцсон баг тамирчид удахгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа аж.