Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах Зөвлөлдөх санал асуулгын I шат өнөөдөр 17:00 цагт эхэлнэ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Үндсэн Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар явуулах анхдугаар Зөвлөлдөх санал асуулгын талаар тус асуулгыг зохион байгуулах Ажлын хэсгээс өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг явуулах тухай” шийдвэрийг 2017 оны дөрөвдүгээр сарын 07-ны өдөр гаргаж, Монгол Улсын Их Хурлын тогтоол гаргасан.

Улсын Их Хурлын тогтоолд Зөвлөлдөх санал асуулгыг орон даяар, Төрийн ордонд 2017 оны дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд хэлэлцүүлэг явуулахаар шийдвэрлэжээ.
"Зөвлөлдөх зөвлөл Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг даргаараа сонгосон"
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн дагуу санал асуулгыг удирдан зохион байгуулах, зөвлөлдөх санал асуулгын асуултыг боловсруулах, санал асуулгын дүнг хэлэлцэж зөвлөмж гаргах, энэ талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлэх үүрэгтэй 8 гишүүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөлийг байгуулсан.

Энэ бүрэлдэхүүнд Гадаад хэргийн сайд асан Ц.Гомбосүрэн, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, Улсын Бага Хурлын гишүүн, Ардын Их Хурлын депутат асан, Үндсэн Хууль судлаач Д.Ламжав, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Э.Лхагважав, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш доктор, профессор Ц.Сарантуяа, Олон нийтийн сүлжээний зөвлөх Э.Сүхжаргалмаа, МБШТ Гандантэгчэнлин хийдийн тэргүүн хамба лам Д.Чойжамц, ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар нар багтсан.

Зөвлөл хуралдаж Д.Ламжав, Н.Жанцанноров нарыг даргаараа сонгосон байна” хэмээн тайлбарлалаа.

"Өнөөдөр оройноос эхлэн 1,570 хүнд мэдээлэл очно"
 
Гэрэл зургийг Mpa.mn

ШУА-ийн тэргүүн дэд ерөнхийлөгч, академич Г.Чулуунбаатар “Ерөнхий сайдын захирамжаар байгуулагдсан эрдэмтэн судлаачдаас бүрдсэн Ажлын хэсэг арванхоёрдугаар сарын сүүлчээс гуравдугаар сарын 15-ныг хүртэл ажилласан.

Зөвлөлдөх санал асуулга явуулах олон улсын жишиг, аргачлалын дагуу Үндэсний Статистикийн хороонд насанд хүрсэн иргэдээс олон шатлалтай санамсаргүй түүврийн аргаар сонголтоо хийсэн байгаа. Өнөөдөр оройноос эхлэн тус 1,570 хүнд мэдээлэл очно.

3,000 орчим хүнээс санал асуулга авч, үүний үр дүнд хэлэлцүүлэгт хөндөх багц асуудлыг тодорхойлсон. Санал асуулгын үйл ажиллагааны санхүүжилтийн хувьд 250 сая төгрөгт багтаана гэж тогтоосон байгаа. Энэ нь төсвөөс гарах хөрөнгө юм” гэв.

"Зөвлөлдөх санал асуулгаар Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш"
 
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын гишүүн Г.Занданшатар “Зөвлөлдөх санал асуулгаар Монгол Улсын Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа юм биш.  Үүнийг маш тодорхой хэлэх ёстой.

Зөвлөлдөх санал асуулга бол нийгмийн бүх давхрагуудын төлөөлөлтэй зөвлөлдөж, ард түмний санал бодол, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах тал дээр ямар бодолтой байгаа талаар хэлэлцүүлэг өрнүүлж, зөвлөмж гарган УИХ-д, Байнгын хороонд хүргүүлэх чухал шүүлтүүрийн процесс явж байна гэж ойлгож болно.

Зөвлөмж гарсны үндсэн дээр УИХ хэлэлцэж, Үндсэн Хуульд өөрчлөлт оруулах комисс байгуулах эсэхийг шийдвэрлэх зэрэг дараагийн үйл ажиллагаанууд явагдана.

Энэ бол 27 жилийн турш зүгээр нэг шуугиж, улс төрчдийн хүрээнд яригдаж байсан асуудал, ард түмний дунд яригдаж, ард түмний санал бодлыг авч байна гэсэн үг” гэлээ.

"Зөвлөлдөх зөвлөл нийгэмд байгаа процессийг ил тод, шударга явуулахад гол үүрэг гүйцэтгэнэ"
 
Гэрэл зургийг Mpa.mn

МҮХАҮТ-ын тэргүүн дэд ерөнхийлөгч Э.Лхагважав “Санал асуулгыг зохион байгуулах найман хүний бүрэлдэхүүнтэй Зөвлөлдөх зөвлөл хэлэлцүүлгийн үр дүнд гарсан зөвлөмжийг УИХ, Байнгын хороонд хүргүүлснээр дуусгавар болно.

Энэ зөвлөл нийгэмд байгаа процессийг аль болох ил тод, шударгаар явуулахад гол үүрэг гүйцэтгэх болно.


Зөвлөлдөх санал асуулгын I үе шат 

Зөвлөлдөх санал асуулга нь хоёр үе шаттайгаар явагдах бөгөөд өнөөдөр 17:00 цагт I үе шат эхэлж байна.

Үндэсний статистикийн хороо зөвлөлдөх санал асуулгын I шатны судалгааг орон даяар явуулж, 21 аймаг, 9 дүүргээс санамсаргүй түүврийн аргачлалыг ашиглан Монгол Улсын насанд хүрсэн, нийт хүн амыг төлөөлөхүйц 1,570 иргэнийг сонгожээ.

ҮСХ-ны орон нутаг болон нийслэлд ажиллаж буй судлаачид явцын мэдээг өдөр бүр мэдээлэх ба бүх судлаачид интернетэд холбогдсон таблетаар санал асуулгыг авах бөгөөд энэ нь мэдээллийг цаг тухайд нь хүргэх нөхцөлөөр хангах юм.

Судалгааны асуулгыг бүрэн асуусан эсэх, сонгогдсон айлд очсон эсэхийг хянах зорилгоор 3-5 хүний бүрэлдэхүүнтэй судлаачдын удирдлагын баг ажиллах бөгөөд зөвлөлдөх зөвлөлийн гишүүд энэхүү үйл ажиллагаанд оролцож болно. 

Зөвлөлдөх санал асуулгын II үе шат 

Зөвлөлдөх санал асуулгын II үе шат дөрөвдүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд болох юм байна.

Энэ шатад Үндэсний Статистикийн Хорооноос I шатны оролцогчдын 50 хувийг санамсаргүй түүврийн аргаар Төрийн ордонд болох уулзалтад ирэх оролцогчдыг сонгох аж.

Зөвлөлдөх санал асуулгын дараах үе шат

  • Үндэсний статистикийн хороо 2 шатны санал асуулгыг нэгтгэн санал асуулгын дүнгийн тайлан гаргаж, тавдугаар сарын 04-ны өдрийн дотор Зөвлөлдөх зөвлөлд танилцуулна.
  • Зөвлөлдөх зөвлөл тавдугаар сарын 05-ны дотор зөвлөмж гаргаж Улсын Их Хуралд танилцуулна.
  • Зөвлөлдөх санал асуулгын дүнд үндэслэсэн зөвлөмжийг Улсын Их Хурал харгалзан үзэх бөгөөд хэрхэн шийдвэрлэсэн талаар Зөвлөлдөх зөвлөл болон олон нийтэд мэдээлнэ.
  • Үндэсний статистикийн хороо үйл ажиллагааныхаа талаарх мэдээллийг бэлтгэх, хэвлүүлэх, тараах ажлыг тавдугаар сарын 06-ны дотор хийж гүйцэтгэнэ.
Зөвлөлдөх санал асуулгын хэлэлцүүлэгт орсон үндсэн зургаан асуудал
  1. Засгийн Газрын бүтэц бүрэлдэхүүн тогтвортой байх тухай асуудал
  2. УИХ, Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч Засгийн Газар хоорондын харилцаатай холбогдох асуудал
  3. Төрийн албаны зөвлөл, Төрийн албаны байгууллагын статусыг хараат бус болгох тухай асуудал
  4. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийг төгөлдөржүүлэх асуудал
  5. Төрийн хариуцлага, шударга ёс, хариуцлагыг Үндсэн Хуульд оруулах тухай асуудал
  6. Монгол Улсын парламентын тогтолцоог өөрчлөх тухай асуудал