Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Түүхэнд хамгийн их ашигтай хөлбөмбөгийн ДАШТ-ийг АНУ, Канад, Мексик зохион байгуулахаар нэгдэв

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Хойд Америкийн гурван улс болох АНУ, Канад, Мексикийн хөлбөмбөгийн холбоод 2026 оны ДАШТ-ийг хамтран зохион байгуулахаар нэрээ дэвшүүлж байгаагаа өчигдөр зарлалаа.

Энэ ДАШТ нь анх удаагаа 48 багийн оролцоотой зохион байгуулагдах тул хөлбөмбөгийн түүхэнд хамгийн их ашиг орлоготой тэмцээн болно гэж үзэж байгаа юм.

АНУ хамгийн сүүлд 1994 оны ДАШТ-ийг зохион байгуулж байсан ба тэр үед 24 багтай тэмцээн болж, цэнгэлдэх хүрээлэнгүүдэд 3.6 сая үзэгчийг цуглуулж чадсан гэдэг. Үүний дараа ФИФА багийн тоог 32 болгож, 2026 оноос 48 болгохоор шийдээд байна.

Хойд Америкт болох ДАШТ-ий 60 тоглолтыг АНУ, тус бүр 10 тоглолтыг Канад, Мексик зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр эдийн засаг, санхүүгийн хувьд ДАШТ-ий түүхэнд хамгийн өндөр ашигтай тэмцээн болно гэж үзэж байна.

АНУ-ын Хөлбөмбөгийн Холбооны тэргүүн Сунил Гулати “Гурван улсад нийт 500 сая хүн амьдардаг. Санхүү, эдийн засгийн хувьд гайхалтай амжилттай ДАШТ болж, ФИФА-гийн санхүүгийн байдалд чухал нөлөө үзүүлэх юм” гэж ярьжээ.

2018 онд ОХУ-д болох ДАШТ нь ФИФА-д $5.5 тэрбумын орлого оруулна гэж төсөөлж байгаа. Харин олон багийн тоглолттой 2026 оны ДАШТ энэ орлогыг дахин нэг тэрбумаар нэмэгдүүлнэ гэж тооцжээ.

АНУ, Мексик улсууд дэлхийд медиа зах зээлийн том тоглогчид гэгддэг тул ДАШТ-ээс орлого олох боломж нь өндөр гэж Гулати тайлбарлаж байна.

Мөн АНУ, Мексикийн хувьд шинээр цэнгэлдэх хүрээлэн барих шаардлагагүй, бэлэн дэд бүтэцтэй гэдгээрээ өмнөх зохион байгуулагчдаас ялгарч байгаа юм.

Үүнээс гадна Мексикийн хил дагуу хана хэрэм босгох төлөвлөгөөтэй байгаа Дональд Трампын бодлогыг энэхүү хамтарсан ДАШТ зөөлрүүлнэ гэж зохион байгуулагчид үзэж байна.

 

Эх сурвалж: Bloomberg