Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/12-НД НИЙТЛЭГДСЭН

Экспортлогчийн хямралд хамгийн хүчтэй нэрвэгдсэн 16 улсын нэг Монгол

Р.Төмөр, ikon.mn
2017 оны 4 сарын 12
iKon.MN

Өнөөдөр дэлхий дахинд экспортлогч орнуудын хямрал үргэлжилж байна. Дэлхий нийтийн хэрэглээ зогсонги байдалд орж, түүхий эдийн үнэ ханш унасан нь экспортоос хамаардаг эдийн засагтай орнуудад хүнд цохилт болж байгаа юм.

Энэ хямралын үндэс нь 2008 оны санхүүгийн хямралаас үүдэлтэй АНУ, Европын орнуудад тохиолдсон эдийн засгийн уналт гэж үздэг. Эдгээр орнууд нь Хятадын хямд өртөгтэй бараа бүтээгдэхүүний гол хэрэглэгчид юм.

Ингэснээр Хятадын орлого буурч, эдийн засаг нь удааширснаар түүхий эдийн эрэлтийг бууруулсан байна. Экспортлогч орнуудын хямрал ингэж бий болсон юм.

Дараах зураг дээр үзүүлсэн 16 орныг экспортын хямралд хамгийн их өртсөн улсууд гэж нэрлэж болно.

 

Эдгээр 16 орныг дөрвөн ангилалд хувааж болно: том тоглогчид, дагуул улсууд, Номхон далайн улсууд, Африкийн улсууд.

Том тоглогчдод Хятад, Орос, Саудын Араб, Герман багтаж байна. Эдгээр нь бүс нутгийн нөлөө бүхий гүрнүүд бөгөөд бусад улс орнуудын эдийн засгийг тодорхойлох чадалтай.

Дагуул улсуудад Азербайжан, Казахстан, Туркменистан, Монгол, Нигери багтаж байна. Тэдний хувь заяа том улс орнуудтай хэрхэн харилцахаас бүрэн хамаарна. Нэг үгээр хэлбэл том тоглогчдын байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч эдийн засаг нь савладаг гэсэн үг.

Номхон далайн орнуудад Чили, Тайвань, Австрали, Өмнөд Солонгос багтаж байна. Эдгээр орнуудад экспортын хямрал нөлөөлж эхэлсэн ч бүрэн хэмжээгээр тусаж амжаагүй байгаа.

Африкийн орнуудад Өмнөд Африк, Замби, Ангол багтаж байна. Эдгээр орнуудад экспортын хямрал нөлөөлснөөр олон арван жил тогтсон дэглэм нь солигдох хэмжээний нийгмийн өөрчлөлтөд хүргэж болзошгүй байна.

Дэлхий дахин нийтээрээ хямралаас гарах хүртэл эдгээр 16 орны эдийн засаг нь өөдлөхгүй гэсэн дүр зураг харагдаж байгаа юм.

 

Эх сурвалж: Forbes