Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Нийтийн тээвэр картын системд бүрэн шилжсэнээс хойш орлого нь 15 хувиар НЭМЭГДЖЭЭ

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN
 

Өмнөх оны аравдугаар сарын байдлаар нийтийн тээврийн үйлчилгээнд идэвхтэй ашиглагдаж байгаа 550,000 орчим карт байна гэсэн албан ёсны тоо бий. Харин дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн автобусны мөнгөний хайрцгийг хурааж, иргэд зөвхөн смарт картаар зорчдог болсноос хойш даруй 55 орчим хувь өсчээ.

Иргэд нийтийн тээврээр зөвхөн смарт картаар зорчдог болсноос хойш ямар үр дүн гарч байгаа болон цаашид ямар шинэ сайжруулалт хийх талаар “Улаанбаатар смарт карт” ХХК-ийн Үйл ажиллагааны хэлтэс, тээврийн хэсгийн ахлах менежер Ц.Түвшинжаргалаас тодрууллаа.


- Дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн нийтийн тээврээр үйлчлүүлэгчид зөвхөн карт ашигладаг болсон. Энэ хугацаанд ямар үр дүнд хүрэв?

- Картын системд бүрэн шилжээд 10 хоносон байна. Энэ хугацаанд бидний хүсч байсан үр дүнгүүд эхнээсээ гарсан.

Тухайлбал, шугамын орлогыг алдагдалгүй бүрэн төвлөрүүлэх зорилт тавьж байсан бол орлогыг 15 орчим хувиар өсгөсөн байна.

Гэхдээ бид 15 хоногийн мэдээллийг үндэслээд Нийслэлийн Тээврийн Газартай хамтран хэвлэл мэдээллийнхэнд албан ёсоор мэдээлэл хүргэхээр төлөвлөж байгаа.

Энэ ажлыг мэдээж нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүд, жолооч нар, Нийслэлийн Тээврийн Газар, цэнэглэх цэгүүд зэрэг бүх талаас хамтарч, амжилттай зохион байгууллаа. Цаашид үйл ажиллагаагаа илүү сайжруулахаар зорьж байна.

- Одоогоор иргэдээс зөрчил гомдол ирж байна уу?

- Энэхүү үйлчилгээ нийслэлийн иргэн бүрт хамаатай. Нийтийн тээврийн үйлчилгээ бол асар том үйлчилгээ. Тиймээс мэдээж ямар нэгэн байдлаар иргэдийн зүгээс санал, гомдол ирж байгаа.

Бид гомдол, санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх талаас нь ажиллаж байна.

Шугамын орлого 15 хувиар нэмэгдсэн

Картын системд бүрэн шилжсэнээс хойш карт цэнэглэх цэг онгойгоогүй байна, карт цэнэглэх цэг олдохгүй байна зэрэг цэнэглэх цэгтэй холбоотой гомдол ирж байгаа.

Бид карт цэнэглэх цэгийн хүртээмжийг аль болох нэмэх, системээс хараад олон хүн суурьшдаг газар түрүүлж цэг байгуулах үйл ажиллагааг зохион байгуулаад явж байна.

Гэхдээ иргэддээ гар утасныхаа нэгжийг урьдчилаад хийдэг, төлбөрийг нь урьдчилаад төлчихдөг шигээ автобусныхаа картыг мөн урьдчилаад цэнэглэж хэвшихийг уриалмаар байна. Ингэснээр аль аль талдаа хялбар байх болно.

Ер нь цэнэглэх цэгүүдийг нийтийн тээврийн үйлчилгээтэй цагийг нь уялдуулах тал дээр удирдамж гарган ажиллаж байна.

Хамгийн эхний автобус ажлын өдрүүдэд 06:40 цагт хөдөлдөг. Тэгэхээр карт цэнэглэх цэгийг өглөөний 06:40 цагт нээгдсэн байх ёстой гэсэн хүсэлтүүдийг тавьж байна.

- Кондуктор зорчигчдын картаа уншуулж байгаа эсэхийг хянаж байгаа. Үүнийг цаанаас нь зохицуулсан уу?

- Нийслэлийн Тээврийн Газраас шалгагчийн ажиллах ажлын журмыг баталсан. Энэ журмын хүрээнд нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэх аж ахуйн нэгжүүд автобусанд хянагч ажиллуулна.

Инфографик

Өнөөдрийн байдлаар ашиглах боломжтой, иргэдийн гар дээр очсон байгаа 847,614 карт байгаа бөгөөд иргэд өдөрт давхардсан тоогоор 700,000 орчим удаа картаар зорчиж байна.

Тодруулбал, Том хүний карт-504,716, Хүүхдийн карт-146,233, Ахмадын карт-101,578, Хөгжлийн бэрхшээлтэй иргэний карт-34,462, Оюутны карт-104,603, Хаан банкны карт-3,500, Хугацаатай том хүний карт-2,500, Хугацаатай хүүхдийн карт-1,900 идэвхтэй ашиглагдаж байгаа аж.

 

Хянагч нь иргэний төлбөр төлөлтөд хяналт тавихаас гадна иргэдэд заавар зөвлөгөө өгөх үүрэгтэй. Мөн авто тээврийн улсын байцаагч нар бий.

Авто тээврийн улсын байцаагч нараар дамжуулан иргэдийн төлбөр төлөлтөд хяналт тавьж, төлбөрөө төлөөгүй иргэн байвал 5,000 төгрөгөөр торгох арга хэмжээг авах болон карт сольж ашигласан тохиолдолд тухайн картыг хураан авч, хөнгөлөлттэй зорчигчийн картыг дахин нэг жилийн хугацаанд олгохгүй байх журмын дагуу арга хэмжээ авч байгаа.

- Цаашид ямар шинэ сайжруулалт хийх вэ. Тухайлбал, картын оронд гар утас ашиглан нийтийн тээврийн төлбөрөө төлөх боломжтой болно гэж байсан шүү дээ?

-    Өнөөдрийн байдлаар иргэд нийтийн тээврээр зорчихдоо дөрвөн төрлөөр төлбөрөө төлж байгаа. Нэгдүгээрт, ТҮЦ, дэлгүүрүүдээс худалдаж аваад, хүссэн хэмжээгээрээ цэнэглээд ашиглах боломжтой энгийн картууд. Хоёрдугаарт, Хаан банктай хамтран гаргасан картууд.

Үүнийг Хаан банкнаас 3,000 төгрөгөөр худалдаж аваад, данстайгаа холбочихно. Данстайгаа холбосноор дансанд мөнгө байх л юм бол ашиглаад байх боломжтой гэсэн үг. Интернэт болон АТМ, банкны салбаруудаар цэнэглэх боломжтой. 

Төлбөрөө төлөөгүй иргэнийг 5,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авна

Гуравдугаарт, хугацаатай карт. Хугацаатай картыг манай Улаанбаатар смарт картын хэрэглэгчийн төв, нийслэлийн нэгдсэн үйлчилгээний Дүнжингарав, Мишээл, Драгон салбаруудаас том хүн 25,000, хүүхэд 8,000 төгрөгөөр худалдан авч, сарын турш хязгааргүй зорчино.

Энэхүү картыг нэг удаа худалдаж аваад, цаашид интернэтээр тогтмол цэнэглээд ашиглах боломжтой байгаа. 

Дөрөвдүгээрт, гар утасныхаа сим картаар төлбөрөө төлж болно. Одоогийн байдлаар бид Unitel групптэй хамтраад ухаалаг NFC системийг нэвтрүүлсэн. Unitel-ийн хэрэглэгчид сим картаа солиод төлбөрөө төлөөд явах боломжтой болчихсон байгаа. 

Ойрын хугацаанд манай компаниас бусад үүрэн телефоны операторууд, банкуудтай хамтран карт гаргах, NFC системийг нэвтрүүлэх бэлтгэл ажлыг хангаад, туршилтын ажлуудыг зохион байгуулаад явж байна.

Тэгэхээр цаашид иргэдийн төлбөр төлөх боломжууд, картын төрлүүд илүү нэмэгдэнэ гэсэн үг.