Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/13-НД НИЙТЛЭГДСЭН

"Транс тос их хэрэглэвэл сэтгэн бодох чадвар мууддаг"

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 4 сарын 13
iKon.MN
 

Манай Улсын хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэгээр зүрх судасны өвчин байсаар байна. Зүрх судасны өвчнийг үүсгэгч гол шалтгаануудын нэг буруу хооллолт юм. Ялангуяа, сүүлийн үед ихээр яригдах болсон "транс тос" хэмээх химийн найрлагаар хийсэн тос нь хүний зүрхийг гэмтээх том шалтгаан болж буй.

Зөв зохистой хооллолтын талаарх мэдээллийг бид та бүхэндээ цуврал болгон хүргэж байгаа. Өмнөх нийтлэлийг ЭНД дарж унших боломжтой.

Энэ удаад транс тос гэгч зүрхний дайсан, эрүүл мэндэд хортой хүнсний бүтээгдэхүүний талаар хүргэхээр боллоо. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг Монголдоо хамгийн түрүүнд транс тосны талаар судалж, ярьж эхэлсэн Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Амарсанаатай уулзаж ярилцлаа.

Цэвэр цөцгийн тос гэж бичсэн байвал масло байх магадлалтай

Түүний хэлж буйгаар транс гэдэг нь химийн найрлагын нэр томьёо аж. Байгаль дээр байдаг ихэнх тоснуудын дотоод бүтэц нь “cis” бүтэцтэй байдаг байна. Энэ нь химийн бүтцийн нэг хэлбэр юм. Харин транс бүтэц гэхээрээ cis-н эсрэг буюу нөгөө тал руугаа харсан гэсэн утгатай аж.

Химийн аргаар энэхүү cis бүтцийг ус төрөгчийн молекултай урвалд оруулаад транс бүтэц рүү шилжүүлдэг. Транс бүтэц рүү шилжсэн тосыг транс тос гэж нэрлэдэг байна. 

- Транс тосны эсрэг дэлхийн улс орнууд ямар арга хэмжээ авч байгаагаас яриагаа эхэлье.

- Транс тосны хор уршиг нь сүүлийн 20 жилд их судлагдаж байгаа. Ялангуяа 1990-ээд оны дундаас асар их судлагдаж ирсэн. Зөвхөн транс тосны эрүүл мэндэд нөлөөлөх хор уршгийн тухай олон мянган эрдэм шинжилгээний өгүүллэгүүд бичигдсэн байдаг. Тэр дундаас хамгийн ноцтой нь зүрх судасны өвчин.

Зүрх судасны өвчин дотроо ялангуяа зүрхний титэм судасны өвчин буюу зүрхний шигдээс, зүрхний артерийг гэмтээх зэрэг үр дагаврууд транс тосонд их байдаг. Тиймээс, зүрх судасны өвчинд анхаарал хандуулдаг улс орнууд, эрүүл мэндийн байгууллагууд транс тосны хэрэглээг хязгаарлаж эхэлсэн. 

Транс тосны эсрэг гарч байгаа ихэнх судалгаанууд АНУ-д хийгдсэн байдаг. Тийм учраас, АНУ сүүлийн 20 жилд транс тосны эсрэг маш олон үе шаттай арга хэмжээнүүдийг авч эхэлсэн байдаг. Хамгийн эхний авсан арга хэмжээ нь гэвэл бүх бүтээгдэхүүний шошго дээр транс тос агуулсан үгүйг заавал бичих ёстой гэж заасан. Тэр бүү хэл, цэвэр усны шошго дээр хүртэл транс тос агуулсан эсэхийг бичнэ гэж заасан байдаг. 

Түүнчлэн,  АНУ сүүлийн үед транс тосны агууламжийг бууруулахаас гадна хүнснээс тэр чигт нь хасах арга хэмжээ авч эхэлж байгаа. 2015 онд АНУ-д транс тосны эсрэг авах арга хэмжээ, төлөвлөгөөг гаргасан. Тэр төлөвлөгөөний дагуу 3 жилийн дотор транс тосыг хүнснээс хасах ёстой. Тэгэхээр, дараа жил гэхэд АНУ-д транс тосыг хэрэглэхгүй болох юм.

- Монгол Улсад хийгдэж буй ямар арга хэмжээ байна вэ?

- 2015 оны сүүлээр Монгол Улсад “Хоол хүнсний үндэсний хөтөлбөр” батлагдсан. Энэ хөтөлбөр дээр транс тосны тухай зүйл заалтууд орсон байгаа. Тэр зүйл заалт дээр “Транс тосны хэрэглээг шат дарааллан бууруулна” гэсэн байдаг. 

Энэхүү хоол хүнсний үндэсний хөтөлбөрийг Хүнс, хөдөө аж ахуйн яам (ХХАЯ), Эрүүл мэндийн яам хамтарч хэрэгжүүлэх ёстой. Гол үүргийг ХХАЯ хүлээсэн. Харамсалтай нь, ХХАЯ-ны авч байгаа арга хэмжээ маш удаан байна. Хөтөлбөр батлагдаад жил болж байхад ямар нэгэн бодлогын бичиг баримт гараагүй байгаа нь маш их бухимдал төрүүлж байна.

Сүүлийн үед, хэрэглэгчдийн эрхийг хамгаалах байгууллагууд их хөдөлгөөнд орж эхлэх шинжтэй. Эрүүл мэндээ хайрласан иргэд нэгдэж эхэлж байна. Тэгэхээр, төр засаг үүн дээр анхаарч хөтөлбөрөө хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй гэж бодож байна.

- Эрүүл мэндэд ямар муу нөлөөтэй вэ. Хүний сэтгэцэд нөлөөлдөг үү?

- Сэтгэцийн хувьд оюуны хомсдол, зөнөгрөл, сэтгэл гутрал илэрдэг. Сэтгэн бодох чадвар муудаж эхэлдэг. Мөн, өндгөвчний гаралтай үргүйдэлд хүргэдэг. Хэрэв жирэмсэн эх транс тос их хэрэглэвэл төрөх хүүхэд нь оюуны хомсдолтой төрөх эрсдэлтэй байдаг. Мөн таргалалт, элэгний өөхжилттэй холбоотой гэж үздэг.

- Масло, маргарин 2 нь ямар ялгаатай вэ? Маргарин нь транс тос мөн үү?

- Монголчууд цөцгийн тосыг масло гэдэг. Цэвэр үнээний сүүний цөцгийн тос нь сis бүтэцтэй. Дотор нь транс тосны агуулга бараг байхгүй гэж хэлж болно. Энэ нь масло. 
Харин маргарин гэдэг нь цөцгийн тос биш. Ургамалын тосыг химийн аргаар ус төрөгчийн молекултай урвалд оруулаад хатуу хэлбэртэй болгосон нь маргарин.
Маргарин дотор цэвэр үнээний сүүний гаралтай ямар нэгэн бүтэц  байхгүй. Харахад маслотай адилхан өнгөтэй, үнэртэй, амттай болгочихдог. Маргарин бол транс тосны хамгийн гол төлөөлөл. Нэг ёсондоо, маргарин нь цэвэр транс тос юм.

Үүнээс гадна, сүүлийн үед зарим цөцгийн тос буюу цэвэр маслог маргаринтай хольдог болсон.

 

- Дэлгүүрт ороод бид масло, маргариныг сайн ялгаж чаддаггүй. Яаж ялгах вэ?

- Цэвэр цөцгийн тос гэж бичсэн байвал масло байх магадлалтай. Харин, маслоны шошго дээр ямар нэгэн байдлаар “ургамал” гэсэн үг орсон байвал сэжигтэй гэж бодох хэрэгтэй.

- Яагаад заавал химийн урвалаар бүтээсэн транс тосыг хүнсний үйлдвэрүүд хэрэглэдэг юм бэ?

- Хамгийн гол нь транс тос хямдхан. Цөцгийн тосноос 3-4 дахин хямд. Тиймээс, эдийн засгийн хувьд хэмнэлттэй. Хоёрдугаарт, транс тос нь өрөөний температурт хайлдаггүй. Тийм учраас, тээвэрлэхэд, хадгалахад  хялбар. Гуравдугаарт, транс тосыг дахин дахин чанаж боловсруулж хэрэглэхэд өнгө чанараа алддаггүй.  

Жишээлбэл, Монголчууд боорцог хайрахдаа өөхөн тосонд хийдэг. Хэдхэн удаа хайрсны дараа тос нь харлаад, хэрэглэхээргүй болдог.  Гэтэл, транс тосонд хэдэн удаа хайрсан ч түлэгддэггүй, чанараа алддаггүй. Тийм учраас, манай Монголд зарагдаж байгаа ихэнх нарийн боов транс тосонд хийгдсэн байдаг.

- Бүтээгдэхүүн худалдаж авахдаа транс тос агуулсан эсэхийг нь хэрхэн мэдэх вэ?

- Тухайн бүтээгдэхүүний шошго дээр маргарин гэж бичсэн л бол транс тос агуулсан гэсэн үг. Би Нийслэлийн Иргэдийн Хуралд байхдаа жижигхэн судалгаа хийж байсан юм. Улаанбаатарт зарагдаж буй хүнсний бүтээгдэхүүнүүдийн 80-90 хувь нь дотроо маргарины агууламжтай байсан. Сүүлийн үед маргарин гэдэг үг нь “далдуу модны тос” гэх зэргээр өөрчлөгдсөн байна лээ. Ер нь маргарин гэж бичдэг хүнсний үйлдвэрүүд их цөөрсөн нь ажиглагдсан. Гэхдээ үнэхээр багассан уу, эсвэл зүгээр л шошго дээрээ бичихгүй байна уу гэдгийг би сайн хэлж мэдэхгүй байгаа юм.

 

- Ямар хоол хүнсэнд транс тос хамгийн их агуулагддаг вэ?

- Нэгдүгээрт, мэдээж хэрэг маргарин. Мөн майонез, талхан дээр түрхдэг самартай, шоколадтай түрхлэгүүд, зайрмаг, торт, бүх төрлийн нарийн боов, чипс, молоко. Эдгээр нь бүгд тодорхой хэмжээний транс тос агуулсан байдаг бүтээгдэхүүнүүд юм.

 

- Транс тосыг хэрэглэхгүй байхад хувь хүн өөрөө ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?

- Юуны өмнө, маргариныг огт хэрэглэхгүй байх хэрэгтэй. Бүтээгдэхүүн худалдаж авахдаа заавал шошгыг нь харж найрлагад нь маргарин байгаа эсэхийг ажиглаж, маш их транс тос агуулагддаг бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй.