Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/11-НД НИЙТЛЭГДСЭН

Скарлетт Иоханссон: “Хуягт сүнс” киноны анимэйшныг үзээд, ойлгоогүй

Б.Даваахүү
2017 оны 4 сарын 11
Монголын мэдээ
Зураг зураг

“Ghost in the shell” буюу “Хуягт сүнс” кино дэлхий даяар нээлтээ хийгээд эдүгээ “Тэнгис” кино театрын дэлгэцнээ үзэгчдэд хүрч буй билээ.Тус бүтээлийг 1989 онд гарч байсан “Манга” цувралаас сэдэвлэн бүтээжээ. 2014 онд гарсан “Lucy”-ийн үргэлжлэл “Хуягт сүнс” киноны гол дүрийн робот цагдаагийн дүрд холливудын үзэсгэлэнт жүжигчин Скарлетт Иоханссон тоглосон байна.

Найруулагч Рүперт Сандерс дүүрэн адал явдлаар үргэлжлэх уг бүтээлдээ дорнын соёл тэр дундаа Японы Якуза нарын хувцас хэрэглэл, дүр төрхийг түлхүү шингээж өгчээ. Ингээд уг бүтээлийн талаар дэлгэсэн Скарлетт Иоханссоны ярилцлагыг орчуулан хүргэж байна.


-“Ghost in the shell” киноны гол дүрд тоглосон. Бэлтгэлээ хэрхэн хангав?

 -Эхлээд “Gost in the shell” киноны оргинал хувилбар буюу анимэйшныг нь үзсэн. Гэхдээ үнэнийг хэлэхэд, яг юуны талаар өгүүлж байгааг нь сайн ойлгоогүй. Маш нарийн тооцож хийсвэрлэсэн тус зохиолыг бодит болгохдоо өөрийн дүрээ яаж гаргах вэ гэж сайтар эргэцүүлсэн.

Тэгээд найруулагч Руперт Сандерстай дүрийнхээ талаар удтал хэлэлцсэнийхээ дараа, түүнээс уул овоо мэт их материал авч судалсан даа. Тэр дүрээ гаргахад тусалсан гэж бодож байна.

Дүрээ хэрхэн гаргах вэ гэж шаналж, найруулагчаасаа судлах материал авч байсан тохиолдол энэ удаа хоёр дахь нь. Өмнө нь “Люси”-д тоглож байхдаа мөн л маш их материал судалж байлаа.

Мэдэхгүй учраас ойлгомжгүй зүйл их байсан. Түүнчлэн, оргинал анимэйшн хувилбар нь хүмүүсийн сэтгэлд нэгэнт хүрчихсэн байсан учраас бодитжуулсан дэлгэцийн бүтээл болгоход өндөр хариуцлага надад ногдож байлаа.

Тиймээс зураг авалтад орохын өмнө цуглуулсан материал, ном зохиол уншиж, өөрийн гэсэн ойлголттой болсон. Энгийнээр хэлбэл, “Gost in the shell” зохиол кибер терроризмын эсрэг тэмцэж буй робот цагдаагийн тухай өгүүлдэг юм.

 -Адал явдалт үзэгдэлд тоглох ч гэсэн хэцүү байсан байх. Кинонд тоглохын тулд тусгайлан бэлтгэл хийсэн тохиолдол бий юу?

 -Бие махбодийн бэлтгэлийн тухайд хувийн дасгалжуулагч авч, өглөө бүр тогтсон цагт бэлтгэл хийдэг байсан. Түүнээс биш, киноны үзэгдэлд зориулан тусгайлсан бэлтгэл хийсэн удаагүй. Яах вэ, зураг авалт эхэлсний дараа өөрт зориулах цаг багассан. Өглөө зураг авалтын талбайд ирээд, орой харуй бүрийд харих үе ч байлаа.

Ер нь ямар ч адал явдалт кинонд тоглоход ийм л байдаг. Гэхдээ энэ кинонд бодит орон зайн хэмжээгээ тооцох, жижиг хэрэглэлүүдээ хэрхэн гаргах зэрэг ойлгомжгүй зүйл их байсан.

Зохиолыг бодит болгохдоо өөрийн дүрээ яаж гаргах вэ гэж сайтар эргэцүүлсэн.

Тийм учраас студидээ очоод бүжиг дэглэгчийн хамт сургуулилт хийдэг байлаа. Хамгийн хэцүү нь шөнийн клубт зодолддог хэсэг. Маш давчуу газарт гурван залуутай зодолдож зураг авхуулах тун хэцүү байж билээ.

Цаг хугацааг зогсоож болдог байсан бол тэр үед би усан санд өөрийгөө гавлачихмаар байсан /инээв/. Тэр хэсгийн зураг авалтад ямар ч орлон тоглогчгүй, өөрөө тоглосон юм л даа. Хамгийн хэцүү нь энэ байсан юм байна.

 -Хагас робот цагдаа Мира өөрийгөө хүн эсвэл робот гэдгээ ялгахаа больдог. Энэ тус бүтээлийн нэг чухал сэдэв нь. Хийсвэр ухагдахуун хэдий ч, үүнийг яаж ойлгон, хэрхэн жүжиглэсэн бэ?

 -Тийм шүү, миний дүрийн хамгийн хэцүү нь энэ. Эхэндээ бол яаж гаргах учраа олохгүй байлаа. Гэхдээ янз бүрийн материал уншиж судалсны дараа Фрейдийн зүүдний онол миний гаргах дүртэй таарч байгааг мэдсэн.

Хүний оюун санааны гурван чухал ойлголт буюу “Ид / хүнд төрөлхөөс нь байдаг инстинкт маягийн оюун санаа/, Эго /хувь хүнд зөвхөн өөрт нь байдаг орчин нөхцөлөөсөө олж авсан ойлголт – ухамсар/, супер эго /нийгэмд байгаа хүмүүст нэгэн утгатай ойлгогддог тэр зүйл/-г ойлгодог болмогцоо бүсгүй өөрийгөө олж эхэлдэг.

“Би хаана байгаа, ямар үйл ажиллагаа эрхэлдэг вэ” гэдгээ ухамсарласан хэрэг. Эцэст нь, хүний ухамсар гэдэг дадал, туршлагаас бий болдог гэдгийг ойлгосон. Мирад ч гэсэн өнгөрсөн хугацааны дурсамж, дадал бий.

Тэр нь зохиолын гол сэдэв байсан. Бүсгүй хагас робот хэдий ч, өнгөрсөн дурсамж нь ой санамжид хадгалагдаж байдаг. Энгийн хүн бол өнгөрснөө шууд л санана. Харин робот цагдаагийн хувьд уураг тархи, бие махбод хоёрынх нь хооронд тодорхой зааг бий.

Үүнийг ойлгосны дараа “өөрийгөө ойлгохоо болих” тэр мэдрэмжийг мэдэрч буй бүсгүйн дүрийг бүтээх айдас багассан. Иймэрхүү байдалд хэдэн долоо хоног жүжиглэсэн чинь сүүлдээ дадал болох шинжтэй болсон шүү /инээв/.

 -Олон хүнд хүрсэн, алдартай хүүхэлдэйн кино гэдгийг нь мэднэ. Гэхдээ нөгөөтээгүүр, оргинал эх хувилбарыг нь мэддэггүй залуус олон байдаг шүү дээ? 

-Тэр тусмаа өндөр хариуцлага шүү дээ /инээв/. Одоогийн залуус хуучны уран бүтээлийг мэдэхгүй байгаа нь тэдний буруу биш. Бүгд тогтсон үзэл баримтлалтай байна гэдэг угаасаа бараг боломжгүй.

Миний хувьд манга бүтээлийг бодитжуулсан “Хуягт сүнс” киног үзсэн хүмүүс, оргинал хувилбарыг нь шимтэгсэд киног хэрхэн хүлээж авах бол гэдгийг мэдэхийг хүсэж байна. Шинэ уран бүтээл маань тэдний сэтгэлд бүрэн гүйцэд хүрч чадсан уу гэдгийг бас мэдмээр байна.

Зураг