Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/10-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Б.Бадагаева: Оросын театрт зүрхлээгүй туршилтыг Монголчууд хийж байна

Н.Сарангэрэл
2017 оны 4 сарын 10
Зууны мэдээ
 

УДЭТ-ынхан сүүлийн хэдэн жилд өөрсдийгөө хажуугаас харах толины эрэлд гарч буй юм. Тэд үзэгчдийн үнэлгээнээс гадна мэргэжлийн судлаачдын үгийг сонсох нь уран бүтээлийг чанаржуулж, урын сангийн бодлогоо тодорхойлоход нөлөөтэй хэмээн үздэг. Тэр ч утгаараа өнгөрсөн жилээс гаднаас зочин урьж уран бүтээлээ үзүүлж, санаа бодлыг нь сонсож, гадаадын уран бүтээлчидтэй хамтран туршлага хуваалцах ажлыг хийдэг болсон билээ. Өнгөрсөн жил Германаас зочин урьсан тэд энэ жил хөрш Буриадаас найруулагч урьжээ.Олон улсын театрын өдрөөр ирсэн зочин Монголын уран бүтээлчдэд  “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмжлэл” сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Дорнод Сибирийн Соёл урлагийн их сургуулийн профессор, ОХУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн, Буриадын урлагийн гавьяат зүтгэлтэн, Төрийн шагналт, Оросын театрын “Алтан маск” наадмын шагналт найруулагч Бадагаева Туяна Баяртоевнатай нутаг буцахынх нь өмнөхөн уулзаж ярилцсан юм.

- Нутаг ойр хүний хувьд та Монголд үе үе ирдэг биз. Харин Олон улсын театрын өдрийг манайд тэмдэглэсэн нь анхных болов уу?

- Хамгийн сонирхолтой нь би нутаг ойр ч олон ирж үзээгүй хүн шүү дээ. Энэ удаа гурав дахиа л ирж байна. Театрт бол анх удаагаа. Тийм болохоор дэлхийн театрынхны баяр энэ өдрийг Монголд анх удаа маш ажил хэрэгчээр тэмдэглэлээ.

- Зочлох урилгыг манай театрынхан тавьсан уу?

- Над руу манай театрын захирал байсан Дорж Султимов залгасан юм. “Туянаа чи Монголд хэд хоног ажиллаад ирээч. Чиний хэрэг байна, тэнд” гэсэн. Би ч нэг их дуртай байгаагүй. Завгүй байлаа. Найруулагчийн дөрөвдүгээр курс төгсгөх гээд, дээр нь бас нэг шинэ жүжигтэй. Тийм болохоор эхлээд амжихгүй нь гээд татгалзсан. Гэтэл хэд хоногийн дараа дахиад залгасан. Эндээс Сувд бас ярьсан. Тэгээд л ирсэн дээ. Одоо бол харин ирсэндээ сэтгэл маш өндөр байна. Ирээгүй бол харамсах байж.

- Чухам юунд харамсах байсан гэж. Та юу олж хараа вэ?

Нацагдоржийн нэрэмжит театр мэргэжлийн хувьд хэрхэн яаж хөгжиж байгааг яг дотроос нь харах том боломж надад олдсон.Театр бүрт өөрийн гэсэн амьдрал бий. Манай Буриадын театрын хувьд хүнээр бол хэдийнээ нас өндөр болж хөгширчихсөн. Одоо дахин шинээр ямар хүүхэд төрүүлэх вэ гэдэг эрэл хайгуул хийх шатандаа явна.

- Монголын театрын насыг та хэд орчим гэж дүгнэв?

- Хүнээр бол дөч гарч тавь руу дөхөж буй гэмээр юм уу даа.

- Тэгвэл хөгширч байна гэсэн үг үү?

- Үгүй яг л ид насандаа явна. Театрын хөгжил их олон зүйлээс шалтгаалдаг. Хэдийд үүд хаалгаа нээж байсан бэ гэдэг чухал биш. Харин жүжигчид нь ямар ур чадвартай, хэр авьяастай, тайзнаа яаж тоглодог, уран бүтээл нь ямар түвшнийх гэхчлэн олон зүйлээс хамаарна.

- Найруулагчийн ур чадвар бас хамаатай биз?

- Найруулагчийн ур чадвар тодорхой түвшинд буюу сонгодог бүтээлтэй яаж ажиллаж байгаагаар илүү харагддаг. Танай театрынхан надад ердийн л нэг орчин үеийн жүжиг биш сонгодог бүтээлүүдээ үзүүлсэн.  Ингэхдээ сонгодогт баригдаж биш өөрийнхөөрөө тун зоригтойгоор тавьсан нь надад таалагдсан. Ялангуяа “Гамлет” гүн сэтгэгдэл үлдээлээ. Тэд Шекспирийг манай цаг үед аваад ирж. Ингэхдээ өөрчилж шинэчилж орчин үед амьдруулж чадсан нь хамгийн том ололт. Манай агуу их Оросын тэр олон театрт ийм туршилт өнөө хэр нь хийгдээгүй л байгаа. Тиймээс би Монголын драмын театрыг өөрчлөлт шинэчлэлт, туршилт хөгжлийн зам дээр явна гэж хэлээд байгаа юм.

- Оросын театруудад манайх шиг ийм туршилт хэрэгтэй гэж та үздэг үү. Магадгүй их гүрний театр хэдийнээ хөгжлийнхөө оргилд хүрсэн байж болох юм?

- Би тэгж бодохгүй байна. Яг үнэндээ манай театруудын хувьд уналтын цаг үе. Социализмтай салах ёс хийж эдийн засаг, нийгмийн том хувьсал явагдсан. Энэ хувьсал урлагийг зөнд нь орхисноос театр үнэндээ хаачихаа, яахаа мэдэхээ больсон. Тиймээс энэ уналтаас яаж гарах вэ гэдэгт хэн хүнгүй толгойгоо ажиллуулж байгаа боловч сонгодог бүтээлийн хувьд ийм зоригтой туршилт хийх санаа хэнд нь ч төрөөгүй гэдгийг би баттай хэлж чадна.

Шекспирийг өнөө цагт авчраад орчин үеийн нийгэмд амьдруулчхаж байгаа нь үнэндээ том ололт. Мэдээж би үүнийг хаа ч байхгүй төгс бүтээл болсон гэж хэлж чадахгүй ч шинийг эрж хайж буйн үр дүн театрын хөгжилд эерэг нөлөө үзүүлж чадна гэдэгт итгэлтэй байна.

- Таны харж буйгаар манай театр хөгжлийнхөө зөв замыг олчихжээ гэж дүгнэж болохоор байна уу?

- Хайж байна. Энэ эрэл хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй. Гэхдээ маш амжилттай явна гэж би харлаа. Ялангуяа сонгодог бүтээлийн тал дээр би танайхныг эрэл хайгуул, туршилтыг ганц биш хэд хэдэн хувилбараар тун зоригтой хийж байгааг энэ удаа үзсэн жүжгүүдээсээ мэдэрсэн.

Танай “Гамлет” хэдэн зууны өмнөхөөр биш яг өнөөдрийнхөөрөө ярьж буй нь хамгийн том гавьяа гэж би найруулагчийнхаа хувьд үзэж байгаа. “Гамлет”-аас гадна “Тэнгэрийн хүү” гэж бүтээлийг онцолмоор байна. Санаа нь их таалагдсан.

- Сонгодог бүтээл гэдэг аль ч цаг үед сонгодог хэвээрээ байдаг. Үүнийг хэн дуртай нь өөрчлөөд, туршаад байх нь зөв үү?

- Яагаад болохгүй гэж. Цаг үе өөрчлөгдсөн. Сон­годог гэхээр л, Шекспир гэхээр л толгой бөхийн, алга хавсран хандах биш. Түүнийг өнөө цагийн үзэгчдэд хүргэх эрэл хайгуулыг бүтээлчээр хийж буй нь зөв. Шекспирийн Гамлет Монголын Гамлет болохдоо хаа хол тэнгэрийн биш харин яг л монголчуудын оюун санааны бүтээл болсон нь энэ туршилтын үр дүн.

Хамгийн гол нь энэ бүгдийг зүгээр л нэг туршихын тулд, өөрчлөхийн тулд л хийж болохгүй гэдгийг танай залуучууд ойлгож байгаа нь надад таалагдсан. Би очоод Буриадын театрынхандаа ярина. Тэд гайхна. Оросын театрынхан ч гайхна. Би үүнд итгэлтэй байна.

- Ингэж монголчилсон “Гамлет”-ыг олон улсад гаргавал хүлээж авах болов уу?

- Сонирхлыг нь татах л байх. Ялангуяа баруунд Шекспирийг эцэг  шигээ үздэг газарт тэднээс тэс өөр монгол “Гамлет”-ыг харахаас татгалзахгүй. Гэхдээ танайхан гаргаж чадах уу. Манайтай л адил хөрөнгө санхүүгийн боломж гэдэг хүлээсэнд баригдаад хол явж чадахгүй байх. Уг нь эрсдэлээс айлгүй зориглоод үзэх хэрэгтэй юм.

- Та хэр олон жүжиг үзэж амжив?

- “Гамлет”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Дон Кихот” гээд дөрвөн жүжиг үзсэн.

- Та манай жүжигчдэд ямар зөвлөгөө өгөв?

- Намайг энд авчирсан шалтгаан “Орчин үеийн театрын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага”, “Театрын судлал, шүүмж­лэл” сэдвээр сур­галт явуулахаас гадна хийж буй бүтээлээ өөр нүдээр харуулж, зөвхөн өөрсдөдөө биш гадны хүнд яаж хүрэхийг тандах том зорилготой гэдгийг театрын захирал Д.Цэрэнсамбуу надад тайлбарласан. Тиймээс би танай жүжгүүдийг үзэж, жүжигчдийн ур чадвартай танилцаад зогсохгүй тэдэнтэй чөлөөт ярилцлага байдлаар санал бодлоо солилцож, өөрийн чаддаг, мэддэгээ хуваалцлаа.

Түүнээс надаар жүжигчддээ тусгайлан дүн тавиулж ур чадварыг нь үнэлүүлэх гэж энэ ажлыг зохион байгуулаагүй байх. Тэр утгаар нь би тэдэнд юу ч зөвлөөгүй. Тэд өөрсдийнхөөрөө тоглож байна. Найруулагчийн шугам, жүжигчдийн ур чад­вар гээд бүхий л зүйл нь надад таалагдсан болохоор онцгойлон тэдэнд гэж хэлэх зүйл надад байгаагүй ээ.

- Магадгүй та манай жүжигчдийг өөрийнхөө театрынхантай харьцуулж харсан л байх. Учир нь тэд адилхан орос “школ”-той шүү дээ?

- Харьцуулж яах юм бэ. Театр уран бүтээлийн, оюун санааны, танин мэдэхүйн, оршин тогтнохын эрэл хайгуулд чиглэсэн, цоо шинэ салаа мөчир дээр хөл тавьсан байна. Энэ замаар тэд хэр удаан явахыг хэн ч хэлж чадахгүй шүү дээ. Гэхдээ ур чадварын хувьд танай жүжигчид хэнээс ч дутахгүй. Манай Буриадын театрт ч эрэл хайгуул, шинэчлэлийн үйл явц өрнөж байгаа. Гэхдээ удирдлагыг солих, найруулагч сонгох гэхчлэн арай л өөр замаар шинэчлэлийг хийх гэж хичээж байгаа. Уран бүтээлийн хувьд ч сонгодог гэхээсээ орчин үеийн жүжгийг илүүд үздэг.

- Тайзнаа сонгодог бүтээл тавих уу, орчин үеийнхийг амилуулах уу гэдэг сонголтод үзэгчдийн нөлөө хэр их бий вэ?

- Уран бүтээлийн бодлого ямар байх вэ гэдэг театрын удирдлага, найруулагчийн багаас ихээхэн хамаарна. Хэдийгээр театр үзэгчийг дагах биш дагуулах ёстой ч ялангуяа өнөөгийн цаг үед үзэгчдээс ихээхэн хамааралтай байгааг нуух арга алга.

- Буриадын театрт үзэгчид хэрхэн хандаж байгаа вэ?

- Цаг үе нь тийм ч амар биш байна. Үзэгчид маань ядруу байгаа. Тэд театраас илүү өдөр тутмын амьжиргаандаа анхаарал тавихаас аргагүй байгаа тул буруутгах арга алга.

- Монгол үзэгчдийг анзаарсан уу. Тэд хэр сайн үзэгч байж чадаж байна вэ?

- Би Монголын театрт анх удаа ирсэн гэж хэлсэн дээ. Тэр утгаараа надад энд бүх зүйл сонин байлаа. Их олон зүйл таалагдсан. Тэдний нэг нь монгол үзэгчид. Танхимд суугаа үзэгчдийн дийлэнх нь залуучууд. Хэчнээн анхааралтай үзэж байгааг нь хараад бахархсан. Нийгмийн хөдөлгөгч хүч болсон залуусыг татаж чадаж буй нь танай театрын гавьяа. Тэдний хэлээр ярьж, тэдний зовлон бэрхшээл, сэтгэл өвтгөж буй бүгдийг тайзнаас харж өөрсдийнхөөрөө дүгнэлт хийх боломжийг олгож байна шүү дээ. Би бол хэдийд ч залуусын талд байдаг хүн.

- Танай Буриад драмын театр ам бүл олуул уу?

- Арын албаныхантайгаа нийлээд 200 шахам хүн ажилладаг. Яг жүжигчид гэвэл 50 орчим. Голдуу залуучууд болсон. Танайхыг бодвол бидэнд давуу тал байгаа нь өөрийн гэсэн том сайхан байртай. Танайд Драмын театр, Хүүхэлдэйн театр, Дуу бүжгийн чуулга гээд гурван том газар нэг байшинд, дундаа тайзтай нь миний гайхлыг төрүүлсэн. Тэр тухайгаа танай яамны соёлын бодлого хариуцсан түшмэлтэй уулзахдаа ярьж байлаа. Яагаад улсдаа ганцхан мэргэжлийн театр нь өөр газартай хамтдаа нэг тайзтай байгаа юм бэ гэдгийг.

- Тэр түшмэл юу хэлж байна?

- Юу хэлэх билээ дээ. Тэр хүн ямар Ерөнхийлөгч биш. Гэхдээ л надад харамсалтай санагдаад байсан учраас уулзсан дээрээ хэлчихсэн. Аливаа улс үндэстнийг соёлын бодлого, театрын хөгжлөөр нь хэмждэг. Английг Шекспирийн театргүйгээр, Германыг Берлиний чуулгагүйгээр төсөөлөх аргагүй шиг Монголыг Драмын театргүйгээр төсөөлж болохгүй шүү дээ.

- Танай театр жилд хэчнээн бүтээл тайзнаа тавьдаг вэ?

- Жилд хоёроос дөрвөн жүжиг тавьдаг. Энэ мэдээж өнөө л хөрөнгө санхүүгээс хамаарна л даа.

- Уран бүтээлийн зардал төрөөс өгдөг үү?

- Энэ тал дээр манайд танайхаас арай дээр байх. Бага хэмжээгээр ч бол татаас өгдөг. Орост театр хэчнээн олон билээ. 800 гаруй байгаа. Тэр олон театрыг төрөөс бүгдийг нь дэмжиж чадахгүй нь ойлгомжтой ч танай Засгийн газрыг бодвол бид арай илүүг авч чаддаг юм байна гэж ойлгосон.

- Та театрын найруулагчаар хэр удаан ажиллаж байгаа вэ?

- Би Дорнод Сибирийн Соёлын дээд сургуулийг төгсөж, Санкт-Петербург, Москвад мэргэжлээ дээшлүүлсэн. Нэг үгээр найруулагчийн сургалтын бүхий л шатыг дүүргэсэн хүн. Хамгийн анх Бараханск гэж Буриадын жижиг хотоос найруулагчийн гараагаа эхэлснээс хойш 40 гаруй жил өнгөрчээ. Олон газар ажилласан, нэг биш театрыг хөл дээр нь босгоход хүчин зүтгэсэн. Одоо бол найруулахаас илүүтэй багшлах ажилд илүү их цаг заваа зориулж байгаа. Тэгээд ч надад багшийн ажил таалагддаг. Нас минь ч залуу биш, дал дөхсөн хүн шүү дээ, би. Тийм болохоор театр намайг дуудвал очиж ажилладаг. Энэ удаа нэг шинэ бүтээл дээр ажиллаж байгаа.

- Таныг Оросын театрын том наадам “Алтан маск”-аас шагнал хүртсэн гэсэн.

- Улаан-Үдийн “Үлгэр” хүүхэлдэйн театрын найруулагчаар ажиллаж байхдаа 2008 онд тэрхүү нэр хүндтэй шагналын эзэн болох аз надад тохиосон юм. “Тэнгэрийн хүлэг” гэж хүүхэлдэйн жүжгээрээ шилдэг найруулагчийн шагнал авч байлаа. Тухайн үедээ хүүхэлдэйн жүжгийн хувьд нэлээд онцлогтой бүтээл болсон гэж үнэлсэн. Бид жүжгээ зөвхөн тайзнаа биш задгай тэнгэрийн дор, үйлдвэрийн цехэд гэхчлэн янз бүрийн орчинд тоглож үзүүлж байлаа. Тэр шагнал манай “Үлгэр” театрын хувьд анхны “Алтан маск” байсан юм.

- Та голдуу ямар сэдвийн жүжгүүдийг тайзнаа тавьж байв. Орчин үеийнх үү, түүхэн сэдэвтэй юу?

- Янз бүр гэж хэлж болно доо. Сэдэвт баригддаггүй. Ц.Шагжийн “Авдар доторх чөтгөр”, “Хаврын аялгуу”, Б.Васильевийн “Үүрээр энд нам гүм”, Х.Намсараевын “Цэрэнпил”, А.Чеховын “Зургадугаар тасаг”, Л.Толстойн “Харанхуйн засаглал”, Ж.Ануйян “Найрал хөгжим”, П.Кальдероны “Үл үзэгдэгч хатагтай”, М.Горькийн “Васса Железнова”, “Үлгэр” хүүхэлдэйн театрт “Цагаан ботго”, “Үхэр жил”, “Ухаантай үнээ”, “Тотины боломж”, “Бүжгийн хичээл”, “Хүндэт Елена Сергеевна” гээд тоолбол нэлээд олон жүжиг хэд хэдэн театрт тавьсан.

- Хөдөөгийн театруудад ажилласан, Хүүхэлдэйн театрын найруулагч байсан, Буриад драмын театрт жүжиг тавьж байгаа гэхээр та ер нь нэлээд хэдэн газарт ажилласан байж таарах нь.

- Би хамгийн анх очсон Бараханскийн театрт хоёр жил болсон. Дараа нь Соёлын яамнаас дуудаад өөр тийш нь томилсон гэхчлэн нэлээд хэдэн газарт мэргэжлээрээ ажиллаж тэр хугацаандаа сурч боловсрох ажлаа амжуулж явлаа. Нэг үгээр танхимд сурахаас гадна амьдралаас сурч байсан даа. Ер нь найруулагч нэг газраа таваас илүү жил ажиллах хэрэггүй юм. Байраа сольж, орчноо өөрчилж тэр хэрээр өөрийгөө сорьж хөгжүүлж байдаг. Манайд тийм боломж хангалттай. Бүх Оросын хэмжээгээр 800 гаруй том жижиг театр байна. Тэдний алинд ч очсон нээлттэй. Харамсалтай нь танайд ийм боломж байхгүй юм. Ганцхан театртай болохоор.

- Таны найруулсан “Будамшуу” жүжгийг тайзнаа хамгийн удаан амьдарсан гэдэг.

- Хорь гаруй жил тайзнаас буугаагүй байх шүү. Манай Буриадын театрт “Будамшуу”-г хоёр дахиа найруулан тавих болоход надад даалгасан юм. Өмнө нь үзэгчдэд хүрчихсэн бүтээлийг дахин найруулах амар биш. Гэхдээ залуу насны зоригоор өөрийнхөөрөө хийж чадсаны ач байх.

- Буриадын драмын театрт таны шавь найруулагч нар байгаа юу?

- Улаан-Үдийн Орос драмын театрт миний шавь уран сайхны удирдагчаар ажиллаж байна. Хүүхэлдэйн театрт шавь нар олон байгаа. Улаан-Үдийн “Үлгэр” хүүхэлдэйн театрыг сэргээх үүргийг надад өгч би амьдралынхаа нэлээд хэдэн жилийг энэ хамт олонтой үдсэн. Тэгээд ч тэр үү миний шавь нарын олонх нь хүүхэлдэйн жүжгээр мэргэшсэн байдаг юм. Тийм болохоор найруулагч төдийгүй жүжигчид олон бий. Москвагийн Хүүхэлдэйн театрын ерөнхий найруулагч миний шавь шүү дээ.

- Буриадын драмын театрт жүжгээ ямар хэл дээр тоглодог юм бэ. Театр аливаа үндэстний хэл, соёлын дархлаа гэдэг утгаар залуусаа буриад хэлээр ярьж сургах, үндэсний соёлоо хадгалж үлдэхэд чухал нөлөөтэй байж таарна?

- Яг наад асуудал дээр чинь би тийм ч сэтгэл хангалуун байж чаддаггүй юм. Хэдийгээр бид жүжгүүдээ буриадаар тоглодог ч оросуудад зориулж синхрон орчуулгатай явдаг юм. Тэгээд ч манай театрт оросууд олон ирдэг. Буриад залуус сүүлийн үед голдуу л чихэвч авч орос орчуулгатай нь үздэг болсон. Арга ч үгүй биз дээ. Хөдөө л гэхээс хотод буриадаар ярих нь цөөрч байна. Хамгийн наад зах нь Улаан-Үдийн Багшийн дээд сургуулийн буриад хэлний факультетыг байхгүй болгочихсон. Гайхаад нэмэргүй.


Найруулагч Туяна Баяртоевна Монголын театрын тухай тун ч өндөр сэтгэгдэлтэй нутаг буцсан. Дэлхийн сонгодог бүтээлийг тайзнаа өөрийнхөөрөө амилуулж буй монголчуудын талаар зөвхөн Буриад биш Оросын театруудад дуулдахаар чанга ярина хэмээн амласан. Харин манайхан түүнээс олон улсын театрын чиг хандлага, театрын судлал шүүмжийн талаар дуулж сонссоноо уран бүтээл, урын сангийн бодлогодоо тусгах биз ээ.

Зураг