Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/07-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баяр: Монгол хүний өөдрөг сайхан сэтгэл энэхүү чуулганы эх үндэс байдаг

ikon.mn
2017 оны 4 сарын 7
iKon.MN

“ЛОНДОН БИЗНЕС ФОРУМ” БОЛЛОО

Монгол-Британийн худалдааны танхим, Лондон дахь Монгол Улсын ЭСЯ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Лондон бизнес форум ”-ын 6 дахь удаагийн арга хэмжээ 4 дүгээр сарын 05-ны өдөр Лондон хотноо амжилттай болж, хоёр улсын төрийн байгууллагын ажилтнууд, хувийн хэвшлийн төлөөлөгчид, эрдэмтэн судлаачид зэрэг нийт 200 гаруй хүнийг хамрав.

 

Элчин сайд С.Баяр форумыг нээж хэлсэн үгэндээ энэхүү арга хэмжээнд төр, хувийн хэвшил, судалгааны байгууллагуудын олон төлөөлөгчид оролцож байгаа нь харилцан мэдээлэл солилцох, санал бодлоо илэрхийлэх өргөн боломжийг бүрдүүлж буйг тэмдэглэв.

 

Форумд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож манай улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын өнөөгийн орчин, энэ  чиглэлд Засгийн газраас авч хэрэгжүүлж буй бодлого, зорилт, ОУВС-ийн Монгол Улс дахь суурин төлөөлөгч Нэйл Сакер хоёр талын хамтын ажиллагаа, Рио Тинто группын гадаад харилцааны албаны захирал Симон Нивен “Оюу толгой”-н хоёр дахь шатны үйл явц, төсөл хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа  тухай тус тус дэлгэрэнгүй танилцуулав.

 

Салбар хуралдаанууд “Монголд хөрөнгө оруулах нь”, “Монголд бизнес эрхлэх нь” сэдвээр болж  Монгол Улсын Сангийн яам, Монголын хөрөнгийн бирж, Европын сэргээн босголт хөгжлийн банк, Лондонгийн хөрөнгийн бирж, Британийн “Asia Pacific Investment Partners”, “What3words” компаниуд болон Монголын “Делоитт Онч”, “Thomas Air” компани, “Бизнес мэдээллийн сан”, “Тогтвортой ноос ноолуурын эвсэл” ТББ-ын төлөөлөгчид илтгэл хэлэлцүүлж, мэдээлэл, санал харилцан солилцов.  Форумын үеэр Элчин сайд С.Баяр Блүүмберг Монголия ТВ-д ярилцлага өглөө.

Энэ удаагийн форумын нээлтийн ажиллагааны хүрээнд Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид Лондонгийн хөрөнгийн биржид зочилж, тус биржийн тухайн өдрийн арилжаа нээх ёслолд оролцов.

 

“МОНГОЛ ОРНЫ ХӨГЖИЛД” СЭДЭВТ ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛ ИРГЭДИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЛОО

Лондон дахь Элчин сайдын яам, Британи дахь Монголчуудын холбоо, “Цахим Өртөө Холбоо” ТББ хамтран зохион байгуулсан “Монгол орны хөгжилд” сэдэвт хилийн чанад дахь монгол иргэдийн 13 дахь удаагийн чуулга уулзалт 4 дүгээр сарын 06-ны өдөр Лондон хотноо болов. Энэ удаагийн чуулга уулзалтад гадаадын 14 оронд ажиллаж, суралцаж байгаа нийт 80 гаруй иргэд оролцов.

 

Элчин сайд С.Баяр чуулга уулзалтын нээлтэд хэлэхдээ “эх орноо хөгжүүлэхийн төлөө хүсэл, тэмүүллээр сэтгэлээ чилээн явдаг Монгол хүний өөдрөг сайхан сэтгэл энэхүү чуулганы эх үндэс байдаг” гэв.

Чуулга уулзалтын гол зочноор Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн оролцож хилийн чанад дахь Монгол иргэдийн талаар төр, засгаас авч хэрэгжүүлж байгаа бодлого, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулж, иргэдийн сонирхсон асуултад хариулт өгөв.

Энэ удаагийн чуулга уулзалт “Монголын боломж” ерөнхий сэдвийн дор  “Монгол дахь бизнес эрхлэлт, бэрхшээл ба боломж”, “Мега төслүүд”, “Нийгэм, эрх зүйн төлөвшил” гэсэн гурван салбар хуралдаанаар болов.

Чуулганд хилийн чанадад ажиллаж, амьдарч байгаа монголчуудаас гадна манай улсын нийгэм, эдийн засгийн төлвийн талаар судалгаа хийдэг ОХУ, Австрали, АНУ-ын эрдэмтэд, судлаачид, “Монголын ардчиллын тэсвэр”, “Мега төслүүдийн төрөлжүүлэлтийг антропологийн үүднээс шинжлэх нь” зэрэг сэдвээр илтгэл хэлэлцүүлж оролцов.

Чуулга уулзалтын ерөнхий ивээн тэтгэгчээр Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк, мэдээллийн ивээн тэтгэгчээр “Будда Продакшн”, “Азаа студи” тус тус ажиллав.

 

Чуулга уулзалтын үеэр Хилийн чанад дахь монгол иргэдийн зөвлөлийн хуралдаан ЭСЯ-нд болсон бөгөөд хуралдаанд Гадаад Харилцааны Яамны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газраас зохих танилцуулга хийж төлөөлөгчид санал бодлоо солилцов.

 

“Монгол орны хөгжилд” ээлжит 14 дэх удаагийн чуулга уулзалтыг 2018 онд Берлин хотод зохион байгуулахаар товлосноор энэ удаагийн арга хэмжээ амжилттай өндөрлөв.

“ТАЛ НУТГИЙН САЛХИ” СЭДЭВТ СОЁЛЫН АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Лондон хотноо болж байгаа Монгол-Британийн бизнесийн төлөөлөл оролцсон “Лондон бизнес форум”, Хилийн чанад дахь монгол иргэдийн санаачилгаар жил бүрийн “Монгол орны хөгжилд” 13 дахь удаагийн чуулга уулзалтын үйл ажиллагааны хүрээнд “Тал нутгийн салхи” сэдэвт соёлын арга хэмжээ “Asia House” байгууллагын танхимд болж өнгөрөв. Энэхүү арга хэмжээг Британи дахь Монгол Улсын Соёлын элч Ж.Өнөрмаа Элчин сайдын яамтай хамтран зохион байгуулсан бөгөөд 100 гаруй хүмүүс оролцов.

 

Соёлын арга хэмжээний нээлтэд Элчин сайд С.Баярын хэлсэнчлэн ийм арга хэмжээ нь хоёр орны ард түмэн улам ойртон дотносоход  чухал ач холбогдолтой юм. Элчин сайд “Asia House” байгууллагын Урлагын зөвлөлийн захирал Памела Кемберээр уламжлан тус байгууллага хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлэв.

Энэхүү арга хэмжээний үеэр Монгол Улсын соёлын хосгүй үнэт өвийг хадгалах, хамгаалах, өвлүүлэн үлдээх, дэлхий дахинд сурталчлан таниулахад үнэтэй хувь нэмэр оруулсаар байгаа Британийн иргэн, Монголын Урлагийн зөвлөлийн олон улсын зөвлөх Сью Бөрнийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Алтангадас” одонгоор шагнасныг Элчин сайд С.Баяр гардуулан өгөв.

 

Соёлын хөтөлбөрт морин хуурч, хөөмийч Ц.Соёл-Эрдэнэ “Чингис хааны магтаал”, “Түмэн агтын төвөргөөн” зэрэг ая, дуу, Италид Улсад уран бүтээлээ туурвиж байгаа дуурийн дуучин С.Аяана, Италийн дуучин Франко Серри, төгөлдөр хуурч Б.Мандахтуяа нар Монголын болон дэлхийн сонгодог дууны хэсгээс сонордууллаа.

 

Мөн Монголын зураач, барималчдын уран бүтээлээс үзэгчид үзэж сонирхов.

Эх сурвалж: ГХЯ