Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

С.Баярыг эргүүлэн татаж, С.Баярцогтыг шалгах ажиллагаа удааширсан шалтгааныг олон нийтэд ил болгохыг шаардлаа

Б.Бадамгарав, IKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон УИХ-ын дарга М.Энхболдод шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ. 

Тус хөдөлгөөний дэд зохицуулагч Б.Батсайхан “Жилийн өмнө олон улсын Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн холбоо офшорчдын тухай мэдээллийг ил болгосон. Гэтэл энэ хугацаанд Монголын төр дорвитой алхам хийсэнгүй. Тиймээс манай нэгдсэн хөдөлгөөн Ерөнхийлөгч болон УИХ-ын даргыг бүрэн эрхийнхээ хугацаанд офшорын эсрэг дорвитой алхам хийхийг шаардаж байна” хэмээв. 

Монголын ахмадын чөлөөт холбооны тэргүүн Г.Баасан “Офшор бол улс төрийн авлига. Авлигаас болж улс гүрэн мөхдөг олон жишээ бий. Харин төр энэхүү аюулаас Монголыг хамгаалах үүрэгтэй. Тиймээс бид дараах шаардлагуудыг тавьж байгаа. Офшорын ард ядуурал, өлсгөлөн, өр зээл бий. Хэсэгхэн улстөрчид яагаад офшорт мөнгөтэй болов. Энэ бол Монголын газрын хэвлий дэх баялгийг зарсан, гадаадаас орж ирсэн төсөл, хөрөнгийг хараа хяналтгүй зарсан байх магадлал өндөртэй гэж бид харж байна” гэлээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнөөс Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хандан хоёр зүйл бүхий шаардлагыг хүргүүлж байгаа аж. Тодруулбал, 

  • Офшорт нэр холбогдсон С.Баярыг Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсын Элчин сайдын ажлаас эргүүлэн татаж, бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх. Мөн шалгах эрхийг өгөх,
  • С.Баярцогтод эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа ч прокурорын шатанд удаашралтай байгаа тул удаж байгаа шалтгааныг олон нийтэд мэдээлэх шаардлагыг прокурорын байгууллагад хүргүүлж, шаардлагынхаа нэг хувийг офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнд ирүүлэхийг шаардаж байгаа юм. 

Харин УИХ-ын дарга М.Энхболдыг өөрийнхөө бүрэн эрхийнхээ хүрээнд офшорт нэр холбогдсон УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг энэ сарын 10-ны дотор УИХ-д өргөн барихыг шаардаж байгаа аж.  

Эдгээр шаардлагын хариуг Офшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөний төлөөлөл энэ сарын 12-нд Төрийн ордноос биечлэн авна гэлээ.