Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Тэрбишдагва: Засгийн газар татвараа нэмэх биш төрийн бүтэц, ашиггүй зардлаа танах ёстой

Т.Өлзийбаяр, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN

Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны эхэнд 2017 төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа юм. УИХ-ын гишүүд төсвийн тодотголын талаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, асуулт асууж  байна.

Ирээдүйн төсөв санхүүжилтийн хувьд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр ямар ч гэрээ хийгдэхгүй

Ингээд гишүүдийн байр суурийг хүргэж байна.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат "Төсвийн үр ашгийг нэмэгдүүлэхийн тулд зөвхөн орлого нэмэгдүүлнэ гэвэл боломжгүй. Ирээдүйн төсөв санхүүжилтийн хувьд Сангийн яамны зөвшөөрөлгүйгээр ямар ч гэрээ хийгдэхгүй” гэж мэдэгдлээ. 

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Хариуцлагыг байнга бодох ёстой. Бид өнөөдөр өнгөрсөн засгийн газраас хариуцлага нэхэж байна. Харин дараагийн удаа биднээс хариуцлага нэхэх үе ирнэ.

Гишүүд ажлын байрыг нэмэгдүүлэх шаардлагатай гэж үзэж байгаатай санал нэг байна. Монголчууд дунжаар жилдээ 40-50 мянгаар нэмэгдэж байгаа. Ажлын байрыг бий болгохдоо төр талдаа бий болгох биш, хувийн хэвшилд бий болгомоор байна. Эдийн засгийн өсөлт бий болсон цагт боломжтой болно” гэлээ

Хувийн сургуулиудад өгдөг санхүүжилтээ танах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар

 
Гэрэл зургийг mpa.mn

“Төсвийн тодотголд тэтгэврийн насыг нэмнэ гэж тусгасан нь хамгийн гол асуудал болоод байна. 21 жилийн дараа тэтгэвэрт гарах хүн 26 жилийн дараа тэтгэвэрт гарахаар болчихлоо. Иргэдэд улам ачаа нэмж байна.Үүний оронд хувийн сургуулиудад өгдөг санхүүжилтээ танах хэрэгтэй.

Засгийн газраас нийгмийн даатгалын санг арвижуулахын эсрэг олон үйлдэл хийсэн.

Жишээ нь Архангай аймгийн Хайрхан сумын хоёрхон хүн ажилладаг нийгмийн даатгалын хэлтэст хоёр давхар ажлын байр барьж өгсөн. 40-ийн бидон тараасан зэрэг төсвийн алдагдалд хүргэх зүйлийг нилээдгүй хийлээ.

Цаашид нийгмийн даатгалын санг чөлөөт мөнгөн урсгалаар арвижуулах чиглэлээр ажиллах цаг болоогүй юу?” гэв.

Сангийн сайд Б.Чойжилсүрэн УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын үгэнд хариулахдаа “Ерөнхий боловсролын хувийн сургуулиудад 9 тэрбум орчим төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Хувийн сургуулиуд төлбөрийн хувьд харилцан адилгүй. Яамны зүгээс хувийн сургуулиудын төлбөрийн асуудалд оролцох хууль эрх зүйн үндэс байхгүй. Санхүүжилтийн хувьд анхаарч үзнэ.

ОУВС-аас манай улсыг өрийн тогтвортой байдалд хүргэх зорилт тавьсан.Энэ хүрээнд санал ирүүлсэн юм.Үүний  нэг нь  төрийн албан хаагчийн тоог 20 хувиар бууруулах талаар юм. Ингэж бууралвал ажилгүйдэл,ядуурал улам ихсэнэ. Иймээс тэтгэвэрт гарсан хүний оронд хүн нөхөхгүй гэдгээр шийдсэн” гэлээ

Тэтэгэврт гарсан хүний оронд хүн авахгүй гэдгийг ойлгохгүй байна

УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва засгийн газар татвараа нэмэх биш төрийн бүтэц, ашиггүй зардалаа танах ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэрээр “ОУВС-г урьдаа барих биш, өөрсдийнхөө алдаан дээр ажиллаасай. Бидэнд өөрсдөөсөө шавхах ёстой зүйлүүд байна. Яагаад зардалаа нэмчихэв. Үнэнээ л хэлдэг байвал зүгээр. Нийгмийн халамж, татаасаа бууруулахад дорвитой алхам хийх хэрэгтэй. Тэтгэвэрт гарсан хүний оронд хүн авахгүй гэдгийг ойлгохгүй байна. Тэтгэвэрт гарсан хүний тоо жилд 60 мянгаар нэмэгдэж байна шүү дээ. Жишээ нь Ингэхийн оронд төрийн албан хаагчийн орон тооноос багасгах боломж байдаггүй юм уу?

Хадгаламжийн хүүг 10 хувиар нэмэгдүүлэх тал дээр сайтар судлаж үзэх хэрэгтэй” гэсэн юм.

Тэтгэвэрт гарсан хүний оронд шинээр хүн нэмж авахгүй гэсэн шийдвэртэй байгаа

Сангийн сайд Б.Чойжилсүрэн “Татварын орлого уул уурхайн орлого 206,2 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн зэрэг бүгд нийт 554,6 тэрбум төгрөгөөр татварын орлого нэмэгдсэн.Мөн эсрэгээрээ буурсан тохиолдлууд ч байна. Хөгжлийн банканд байршуулсан Чингис бондын хүүгийн орлого буурсан зэргийг тооцвол татварын орлого нийт 453,3 тэрбум төгрөгөөр буурсан. Иймд цаашид орлого, нэмэх татвар өсгөх шаардлага байгаа юм” гэсэн байна. Үргэлжлүүлэн тэрээр төрийн албан хаагчийн орон тоог хасах саналыг ОУВС-аас тавьсан. Ингэвэл байдал хэцүүднэ. Үүний оронд тэтгэвэрт  гарсан хүний оронд шинээр хүн нэмж авахгүй гэсэн шийдвэртэй байгаагаа дуулгалаа.

УИХ-ын гишүүд асуулт асууж дууссанаар төсвийн тодотголыг хэлэлцэж байгаа УИХ-ын нэгдсэн чуулган завсарлалаа.

Чуулган 15:00 цагаас үргэлжилнэ.