Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/06-НД НИЙТЛЭГДСЭН

АХБ: Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв байдал ЭЕРЭГ хандлагатай байна

Г.Цэнд-Аюуш, iKon.mn
2017 оны 4 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал болон 2017 оны эдийн засгийн өсөлтийн таамаглалыг танилцууллаа.

Азийн Хөгжлийн Банк жил бүр нийтлэн гаргадаг эдийн засгийн гол тайлан болох “Азийн хөгжлийн төлөв” тайлангийнхаа энэ жилийн дугаарт Ази-Номхон далайн бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт 2017 болон 2018 онд өнгөрсөн оны 5.8 хувиас яльгүй буурч 5.7 хувь болно гэсэн таамаглал дэвшүүлсэн байна.
Гадаад зах зээл дээрх өндөр эрэлт, дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн огцом өсөлт болон дотоодын бүтцийн шинэчлэл зэргийн дүнд хөгжиж буй Азийн улс орнуудын гуравны хоёр нь эдийн засгийн эерэг өсөлттэй байгаа.

Энэ нь тус бүс нутгийг дэлхийн эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулж буй хамгийн том тоглогч болгож байна гэж Азийн хөгжпийн банкны тайланд дурджээ.

"Нүүрсний олборлолт дээд цэгтээ хүрснээр эдийн засгийн өсөлт саарна"

Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен “Азийн Хөгжлийн банкны зүгээс Ази Номхон далайн бүс нутаг дахь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 2017, 2018 онуудад 5.7 хувьтай байна гэсэн таамаг тавьж байна.

 

Түүнээс гадна хэрэглэгч талаас эрэлт нэмэгдэж байгаа олон улсын зах зээл дэх таваарын үнэ нэмэгдэж байгаатай холбогдуулан бүс нутгийн хэрэглэгчийн үнийн индекс 2017 онд 3 хувь, 2018 онд 3.2 хувь болон өснө гэж үзэж байна.

Гэхдээ бүс нутагт хөрвөх хөрөнгө нэлээд их байгаа нь эрсдлийг бууруулах боломжийг нэмэгдүүлж байгаа юм.

Монгол Улсын аваад үзвэл уул уурхайн томоохон хөрөнгө оруулалтаас үүдээд энэ жилийн хувьд эдийн засгийн өсөлт 2.5 хувь болж нэмэгдэх байгаа. Гэхдээ 2018 онд нүүрсний олборлолт дээд цэгтээ хүрснээр эдийн засгийн өсөлт 2 хувь болон саарна.

Монгол Улсын урт хугацааны өсөлтийг өөдрөгөөр харах боломжтой гэж үзэж байгаа.

Одоо явагдаж байгаа уул уурхайн томоохон төслүүд ирэх жилүүдэд төсвийн тэнцэл, төлбөрийн тэнцлийг ашигтай гаргахад хүргэнэ гэж үзэж байна.

Уул уурхайн салбар дахь эрдэс баялгаа маш оновчтой удирдан зарцуулж, макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангаж, уул уурхайн салбараас үүдэлтэй өсөлтөө илүү хүртээмжтэй болгох, түүнчлэн эдийн засгаа төрөлжүүлэх болоод илүү өндөр бүтээмжид суурилсан өсөлтийг бүрдүүлэх нь хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд байх болно” хэмээн тайлбарлалаа.

Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв байдал эерэг хандлагатай байна

Тайланд дурдсанаас үзвэл Монгол Улсын эдийн засгийн урт хугацааны төлөв байдал эерэг хандлагатай байгаа.

Хэрэглэгчийн талаас эрэлт ихэсч, дэлхийн хэмжээнд түүхий эд, барааны үнэ эрчимтэй өссөний улмаас Азийн бүс нутгийн хэрэглээний үнийн индекс 2017 онд 3 хувь, 2018 онд 3.2 хувьд хүрч өнгөрсөн оны 2.5 хувиас огцом өсөх төлөвтэй байна.

Гэсэн ч ирэх хоёр жилийн инфляцийн төсөөлөл өнгөрсөн арван жилийн бүсийн дундаж болох 3.9 хувиас бага байна гэж үзэж байгаа ажээ.