Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимээс эрхлэн гаргасан “Монгол Улсын Түүх” номыг танилцуулах нээлтийн ажиллагаа өнөөдөр МУИС-ийн Эрдмийн танхимд боллоо.
Монгол Улсын хэмжээнд түүхийн ухааны сургалт, судалгааны цогц үйл ажиллагаа явуулдаг хамгийн том төв болох МУИС-ийн Түүхийн тэнхимийн багш, хамт олон дэлхийн жишигт ойртсон, өргөн хүрээтэй суурь мэдлэг олгох зорилгоор их, дээд сургуулиудын бакалаврын түвшний оюутнуудад зориулан сурах бичгийг шинэчлэн бичжээ.
МУИС-ийн Түүхийн тэнхимийн эрхлэгч, доктор, профессор П.Дэлгэржаргал “Өнөөдөр Монгол Улсын Их Сургуулийн Түүхийн тэнхимийн эрхлэн гаргасан Монгол Улсын түүх нэртэй сурах бичиг нээлтээ хийж байна.
Энэ бол манай тэнхимийн багш нарын хоёр жилийн хөдөлмөрийн үр дүн юм. Сурах бичгийг бичихэд баримталсан зарчим бол олон улсын их, дээд сургуулиудад барьдаг стандартын дагуу хэвлэж байгаа явдал юм.
Түүхийн хичээлийг ямар мэргэжлээр суралцаж байгаагаас үл хамааран бүх оюутан үзэж байна.
Глобалчлалын эрин үед үндэснийхээ түүх соёлын өндөр мэдлэгтэй монгол иргэнийг бэлдэх бодлогыг баримтлах ёстой.
Энэ хүрээнд түүхийн судалгаа гэдэг бол үндэстний нэгдэл бүрдэхэд чухал үүрэгтэй. Тэр үүднээсээ МУИС дахь түүхийн судалгаанд шинэ шат ахина гэж найдаж байна" хэмээн тайлбарлалаа.
МУИС-ын захирал Я.Төмөрбаатар нээлтийн үйл ажиллагааг нээж үг хэлэхдээ “2016 оноос манай сургууль олон улсын жишигт нийцсэн сурах бичиг, сургалтаар Монгол Улсдаа хөрвөх чадвартай боловсон хүчин бэлтгэх зорилт дэвшүүлэн ажиллаж ирсэн.
Энэ сурах бичгийн хувьд хэд хэдэн онцлог шинэлэг талууд байгаа. Монголын түүх бол жилд 5,000 орчим оюутан үзэж, судалдаг чухал хичээл. Тиймээс оюутан төвтэй сургалт явуулахад чухал хэрэглэгдэхүүн болно гэж үзэж байна.
Цаашлаад Монгол Улсын бусад их, дээд сургуулийн олон мянган оюутан, ард иргэд өргөнөөр ашиглах бүрэн боломжой. Форматын хувьд шинэлэг, үнэхээр олон улсын сурах бичгийн жишигт нийцүүлж бичсэн, Монголын түүхийн анхны сурах бичиг болсон гэж дүгнэж байна” гэлээ.
Монгол Улсын Түүх сурах бичгийг,