Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/03-НД НИЙТЛЭГДСЭН

УИХ-ын гишүүд ОУПХ-ны Байнгын хорооны чуулганд оролцлоо

ikon.mn
2017 оны 4 сарын 3
iKon.MN
 

Бангладешийн Дакка хотноо болж буй ОУПХ-ны 136 дугаар чуулганд оролцож байгаа Социнтерний гишүүн намуудын төлөөлөгчид уулзлаа. Уулзалтыг Социнтерний ерөнхий нарийн бичгийн дарга Луис Аяала нээж үг хэлэв.

Тэрбээр “Энэхүү чуулганаар хэлэлцэж буй тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх нь манай гишүүн намуудын үндсэн зорилгын нэг билээ. Энэ зорилгодоо хүрэхийн тулд намууд хамтран ажиллах, үндэсний парламентууд болон ОУПХ зэрэг олон улсын байгууллагуудтай хэлхээ холбоогоо бататгаж, хүчээ нэгтгэх нь бидний хувьд чухал. Түүнчлэн эмэгтэйчүүд, залуучуудаар намуудын эгнээг өртгөтгөх, тэдний эрхийг хангахад тус дэмжлэг байнга үзүүлэх, улмаар парламент болон шийдвэр гаргах түвшинд оролцоог нь нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах ёстой” хэмээн онцоллоо.

Ноён Луис Аяала саяхан Колумбид болсон Социнтерний XXV их хурал, гаргасан шийдвэр, ойрын болон хэтийн зорилго, үйл ажиллагаандаа анхаарах асуудлуудын талаар төлөөлөгчдөд мэдээлэл өглөө. Мөн ОУПХ-ны Ази, Номхон далайн бүлгийн даргаар сонгогдсон Монгол Улсын Их Хурлын гишүүн М.Энхболдыг төлөөлөгчдөд танилцууллаа.

Уулзалтын  үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд хэлсэн үгэндээ:

-Үзэл бодол, зорилго чиглэл нэгтэй анд нөхөд та бүхэнтэйгээ уулзаж байгаадаа баяртай байна. Ноён Луис Аяалад Социнтерний ерөнхий нарийн бичгийн даргаар дахин сонгогдсонд баяр хүргэе. Монгол Ардын Нам тус байгууллагын гишүүнээр элссэнээсээ хойш үйл ажиллагаанд нь байнга идэвхтэй оролцсоор ирлээ. Энэ оролцоогоо цаашид ч хэвээр хадгалах болно. МАН засгийн эрх барьж, сөрөг хүчин болж явсан. Аль ч үед нь Социнтерн биднийг дэмжиж, зөвлөгөө, мэдээлэл өгч байсанд бид талархдаг. Өдгөө Монгол Улс тус байгууллагын Зүүн Ази дахь гол түшиц намын нэг болоод байна.

 

Социнтерний XXV их хурлаас манай намын болон УИХ-ын гишүүн, өмнө нь Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Батболд Социнтерний дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон. Социнтерний дэргэдэх эмэгтэйчүүд, залуучуудын байгууллагын үйл ажиллагаанд манай намын гишүүд ихээхэн идэвхтэй оролцдог.

ОУПХ-ны 136 дугаар чуулган, Ассамблейн нэгдсэн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож, хөгжлийн болон хүний эрх, аюулгүй байдал, энх тайван, хүүхэд, эмэгтэйчүүд, залуучуудын зэрэг асуудлаар байр сууриа идэвхтэй илэрхийлэхийг та бүхнээс хүсье гэлээ.

УИХ-ын гишүүд ОУПХ-ны Байнгын хорооны чуулган, салбар хуралдаануудад оролцлоо

 

2017 оны 4 дүгээр сарын 1-2-ны өдрүүдэд ОУПХ-ны 136 дугаар чуулганы Тогтвортой хөгжил, санхүү, худалдааны байнгын хорооны салбар хуралдаанаар “Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хангахад эмэгтэйчүүдийн санхүү, бизнесийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь” сэдэвт тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Амарзаяа, О.Баасанхүү, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар Монгол Улсаа төлөөлөн оролцов.

Энэхүү тогтоолын төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулахаар манай улсаас гадна Бахрейн, Канад, БНХАУ, ХБНГУ, Грек, Индонез, Кени, Монако, Румын, Швед, Швейцарь, Тайланд, Арабын Нэгдсэн Эмират, Вьетнам зэрэг 14 орон саналаа ирүүлснийг хэлэлцсэн юм.

Манай улсын зүгээс хөдөөгийн эмэгтэйчүүдийг төрийн болон төрийн бус байгуулагын санхүүгийн үйлчилгээ, дэмжлэгт өргөн хамруулах үндсэн дээр тэдний ядуурлыг бууруулах нь тогтвортой хөгжлийн зайлшгүй шаардлагын нэг бөгөөд эмэгтэйчүүдийн тогтвортой, өргөн хүрээг хамарсан, бодит эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, боловсрол, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар нийгмийн ядуурлыг бууруулах шаардлагатай гэсэн санал оруулав.

Мөн амьдралын түвшин доогуур эмэгтэйчүүдийн санхүүгийн  оролцоог сайжруулах арга зам, төлөвлөгөө боловсруулж, тэдгээр эмэгтэйчүүдийн зээл авах, санхүү бизнесийн сургалтад хамрагдах, санхүүгийн дэмжлэг авах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг парламентуудын гүйцэтгэх үүрэг, олон улсын хууль болон тухайн орны дотоодын хууль тогтоомжид тусгахыг уриалах саналыг илэрхийлсэн юм.

 

Хэлэлцэж буй асуудлууд болон оруулсан саналын талаарх гишүүн орнуудын төлөөлөгчдийн асуултад УИХ-ын гишүүд хариулт өглөө.

Хэлэлцүүлгийн эцэст манай санал хуралдаанд оролцогчдын 100 хувийн саналаар дэмжигдэж, өргөн барьж буй тогтоолын төсөлд тусгагдав.

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Амарзаяа эмэгтэй парламентчдын, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр залуу парламентчдын чуулганд оролцож, байр сууриа илэрхийллээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.